
Чөлөөлөх дайны түүхт ялалтын 80 жилийн ойд зориулсан “Ирээдүйн толин дахь түүхэн ой санамж” нэртэй олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв “Русский Дом”-д болов. Энэ үеэр мөн “Чөлөөлөлт, ард түмэнд энхтайван авчирсан нь” сэдэвт ховор гэрэл зургийн үзсгэлэнг хамтатган нээжээ.
“Росския сегодня” мэдээний агентлагийн эрхийг эзэмшдэг Зөвлөлтийн мэдээний товчооны гэрэл зургийн архивт тулгуурлан уг дэлгэжээ.
Тухайн үеийн дайны сурвалжлагчдын авсан гэрэл зургуудад говь цөл, хуягт техникийн цуваа, Хянганы даваан дахь танкчид, Зөвлөлтийн офицерууд болон Монголын дайчид, түүнчлэн чөлөөлөгдсөн нутгийн иргэдтэй уулзаж буй түүхт агшнуудыг мөнхөлсөн нь үзэгчид,залуу үеийнхэнд сонирхолтой байв.
Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын гол илтгэлүүд нь "Баруун дахь агуу ялалт: ЗХУ-ын ард түмний оролцоо ба түүхэн дурсамж", "Манжийн ажиллагаа бол дорно дахинд ялалтад хүрэх шийдэмгий алхам" зэрэг байв.
ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв “Русский Дом”-ын дарга В.В.Кильпякова үзэсгэлэнг нээж "80 жилийн өмнө биднийг нэгтгэсэн аугаа их ялалтыг бүтээсэн Орос, Монгол хоёр орны эрэлхэг дайчдад гүн хүндэтгэл илэрхийлье. Энд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, Монгол Улсад суугаа элэг нэгтнүүд, Улаанбаатар дахь орос сургуулиуд, мөн монгол сургуулийн сурагчдад талархал илэрхийлье. Энэхүү үзэсгэлэнгээр бид Зөвлөлт, Монголын дайчид ямар их үнэ цэнээр ялалт байгуулсан бэ гэдгийг хүн бүрт мэдрүүлэхийг хүсэж байна" хэмээсэн.
Мөн тус үзэсгэлэнгийн үеэр “Монгол, Оросын санал солилцоо: Ирээдүйн толин дахь түүхэн ой санамж” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, олон орны эрдэмтэд илтгэл хэлэлцүүлэв.
Үзэсгэлэнгийн үеэр болон эрдэм шинжилгээний хурлын завсарлагаар тэдний байр суурийг сонирхлоо.
С.Виталий: Хойч үед эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна
А.М.Горчаковын нэрэмжит сангийн төлөөлөгч Сагитов Виталий Игоревич хэлэхдээ “Хойч үедээ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд дайны үеийн ховор гэрэл зургийн үзэсгэлэн болон эрдэм шинжилгээний хурал чухал ач холбогдолтой.
А.М.Горчаковын нэрэмжит сан нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор нийгмийн салбар болон бусад орнуудтай харилцахад дэмжлэг үзүүлдэг. Өнөөдөр Чөлөөлөх дайны 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлыг дэмжин оролцож байна.
Мөн эрдэмтдийн чухал илтгэлүүдийг сонсохоор ирсэн. Улмаар хүүхэд залууст дайны сургамжийг хүргэнэ. Энд Чөлөөлөх дайнд хувь нэмрээ оруулсан улс орнуудын төлөөлөл хуралд оролцож ирээдүйн чиг хандлага, энх тайван, найрамдлыг бэхжүүлэх талаар ярьж байгаа нь онцлог" гэв.
О.П.Кобзова: Манжуурын тулалдаанд Узбекстанаас 10 гаруй мянган хүн оролцсоноос өнөөдөр 11 нь амьд сэрүүн
Узбекистан улсын Үндэсний их сургуулийн багш, түүхийн ухааны доктор, профессор Ольга Петровна Кобзова тун сонирхолтой сэдвээр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Манжуур дахь чөлөөлөлтийн тулалдаан бол Дэлхийн II дайны бас нэг шийдвэрлэх ач холбогдол бүхий үйл явц, дэлхийн дайны төгсгөл байсан юм. Гэхдээ энэ нь түүхэнд тодорч үлдээгүй.
Түүхэнд баруун фронтын талаар тодотгосоноос зүүн талд юу болсныг төдийлөн тэмдэглээгүй. Тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд Узбекстан, Казахстан, Киргиз, Тажикстан зэрэг 15 улсын төлөөлөл энэ дайнд оролцож байсан. Япончууд тухайн үед хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, худагт хор хийдэг байсан. Харин малчид үүнийг даван туулахад дайчдад дэм болж цэвэр ус зөөдөг байсан.
Үүний хүчинд бид дайнд явсан. Энэ түүхийг мөн гаргаж ирэх хэрэгтэй юм. Манжуурын тулалдаанд Узбекстанаас 10 гаруй мянган хүн оролцсоноос өнөөдөр 11 нь амьд сэрүүн" гэж онцлов.
Мөн БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүх судлалын төвийн дарга дэд хурандаа Н.Хүдэрбат тус хуралд тавьсан илтгэлдээ чөлөөлөх дайны үндсэн чиглэлд байлдааны ажиллагаанд оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн морьт дивизүүд, моторжуулсан анги дивизүүдийн оролцоо, хувь нэмэр их гэдгийг тэмдэглэв.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр Зөвлөлт-Японы дайн нь Дэлхийн II дайны төгсгөл төдийгүй, зэвсэгт мөргөлдөөний түүхэн дэх хамгийн томоохон бөгөөд хурдан явагдсан цэргийн ажиллагааны нэг байсныг илтгэл тавьсан эрдэмтэн, судлаачид, түүхчид өгүүлж байлаа.

Тус хурлаар “Мөнхийн гал” олон улсын эх оронч үйлсийг бататгасан. Тавдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод "Тогоруу" хөшөөний нээлтийн үеэр "Мөнхийн гал"-ын дурсгалын цогцолбороос Москвагаас авчирсан дурсгалын галыг асаасныг сануулъя. Энэхүү галт бамбар нь Оросын байшинд үлдсэн бөгөөд Аугаа эх орны дайнд зориулсан бүх дурсгалын арга хэмжээний бэлэг тэмдэг болно.