Филиппиний төв хэсгийг энэ сарын 6-нд дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины улмаас 204 хүн амиа алдаж, 109 иргэн сураггүй болсныг тус улсын Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс мэдээллээ. Хар салхины улмаас их хэмжээний аадар бороо тасралтгүй орж, орон сууцын хорооллууд бүхэлдээ усанд автсан байна. Энэ үеэр оршин суугчид аврах багийнхныг иртэл байшингийнхаа дээвэр дээр гарч тусламж хүлээхээс өөр аргагүй болжээ. Гамшгийн улмаас Филиппин даяар 400 000 гаруй иргэнийг хоргодох байруудад шилжүүлсэн бөгөөд амиа алдсан хүмүүсийн олонх нь Себу мужийн оршин суугч аж. Түүнчлэн хар сал хины улмаас хохирол амссан мужуудад хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байсан Филиппиний агаарын цэргийн хүчний нисдэг тэрэг Агусан дел Сур мужид осолдож, зургаан хүн нар барсан байна.
Тус улсад жил бүр дунджаар 20 орчим удаа хар салхи дэгддэг бөгөөд Pacific ring of fire буюу Номхон далайн галын цагаригт байрладаг тул газар хөдлөлт, галт уулын идэвхжилтэд байнга өртдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн гамшигт өртөмтгий орнуудын нэг юм. Филиппин улс нь нийт 114 сая орчим хүн амтайгаас 5.1 сая нь Себу мужид оршин суудаг аж. Харамсалтай нь, эл хар салхи Себу муж өмнө нь болсон 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн сүйрлээс бүрэн сэргэж амжаагүй байхад нь тохиолджээ.
Э.Сүйлэн