Энэ оны өвлийн элсэлтийн шалгалтыг ирэх сарын 4-7-нд орон даяар зохион байгуулах юм. Монгол хэл, бичиг, түүх, англи хэл, хими, газар зүй, нийгэм судлал, биологи, математик, орос хэл, физик гэсэн 11 хичээлээр шалгалт явуулах бөгөөд 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, одоо суралцаж буй 10, 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй юм. Элсэлтийн шалгалтын цахим бүртгэл энэ сарын 14-ний 18.00 цагт дуусах аж. Одоогоор тус шалгалтад нийт 6000 гаруй хүн бүртгүүлснийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв. Тодруулбал, тэдний 2000 орчим нь монгол хэл, бичиг, 4700 гаруй нь элсэлтийн шалгалтад хамрагдахаар бүртгүүлжээ. Их, дээд сургуульд элсэхийн тулд заавал монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давах ёстой. Үүнд бүдэрсэн хүмүүст хоёр дахь боломжийг ийнхүү олгож буй. Өвлийн элсэлтийн шалгалт ч ялгаагүй ямар нэгэн шалтгааны улмаас оролцож чадаагүй болон хүссэн сургуульдаа тэнцээгүй хүмүүст нээлттэй юм. Ташрамд, их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэг, чадварын түвшин тогтоох элсэлтийн шалгалтыг 2022 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулж байна.
Ч.Болор