Өчигдөр орой автомашиныг дугаарын хязгаарлалтай зорчуулах болсон талаар НЗДТГ-аас мэдээлсэн. Тодруулбал, "Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсэн. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал аcуулга явуулахад 52 хувь нь дэмжсэн байна" гэх мэдээллийг өгсөн.
Харин цахим орчинд иргэд "энэ долоо хоногоос бага ангийн сурагчид амарч, түгжрэх нь багасах байтал тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэж байна. Зарим нь хуурамч түгжрэл үүсгэж байна" гэх сэтгэгдлээ илэрхийлсэн.
Улмаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим сүлжээнд "Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад:
Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв" гэх мэдээллийг оруулав.