СУИС-ийн Кино, телевиз медиа урлагийн сургууль, "БАЛДОРЖ" сантай хамтарсан шүүмж, эсээ бичгийн уралдааныг 9 дэх жилдээ зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
"БАЛДОРЖ" сантай хамтарсан Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдаанд оролцсон хүмүүс сэдэв хамаарахгүйгээр сүүлийн дөрвөн жилд нийтлэгдсэн шинэ бүтээлийг задлан шинэчилсэн нийт 15 гаруй шүүмж, эсээ бичгийн уралдаанд 30 гаруй бүтээлийг ирүүлжээ.
Ингээд эсээ бичлэгийн нэгдүгээр байранд: СУИС-ийн Кино, телевиз медиа урлагийн сургуулийн Сэтгүүлзүйн 4 дүгээр дамжааны оюутнууд М.Нансалмаа, Чинбилэг, Бадамханд нарын бүтээл (1.500.000)
Хоёрдугаар байранд: МУИС-ийн ХЗС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Д.Хүслэнгийн бүтээл (1.200.000)
Гуравдугаар байранд: МУИС-ийн Монгол хэл уран зохиолын нэгдүгээр дамжааны оюутан Д.Ичинлхам (800.000) тус тус шалгарлаа
Шүүмжийн уралдааны шилдгүүд:
Нэгдүгээр байранд: МУИС, ШУС, ХУС Утга зохиол, урлаг судлал, хөтөлбөрийн багш Д.Золбоо М.Лхагвасүрэнгийн “Үнэн” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн үнэний тухай буюу социалист реалист “баримтат” гэрэл зураг үнэн үү? (3.500.000)
Хоёрдугаарт: МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор, дэд профессор С.Амартүвшин “Эргэлт”-ийн “126”-д хийсэн шинжилгээ (2.500.000)
Гуравдугаарт: УИХ-ын хэвлэл мэдээллийн газрын гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа “Гурван цагийн тухай дөрвөн зураг” (2.000.000) тус тус шалгарлаа.
Мөн уг шүүмж, эсээ бичгийн уралдааны хүрээнд “Орчин үеийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудал болон сэтгүүл зүйн хандлага, үнэлэмж, боломж гэсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг олон их, дээд сургуулийн төлөөлөл, багш нар болон сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцов. Эдгээр хүмүүсээс сэтгүүлчийн хандлага болон үнэлэмж, боломж зэрэг хэлэлцүүлгийн талаарх яриаг хүргэж байна.
Б.Баярмагнай: Сэтгүүлзүйн чиглэл хиймэл оюун ухаан руу чиглэж байгаа хэдий ч уламжлалт сэтгүүл зүй хоцрохгүй хөгжих хэрэгтэйг хөндлөө
“Өнөөдөр” сонины Бизнес хөгжил, гадаад бодлого хариуцсан орлогч эрхлэгч Б.Баярмагнай “Шүүмжийн уралдаанд их, дээд сургуулийн сэтгүүлзүйн багш нар болон сэтгүүлчид, судлаач, шүүмжлэгч нар оролцлоо. Мөн эсээ бичлэгийн уралдаан зөвхөн оюутнуудын уралдаанд 30 гаруй бүтээл ирсэн.
Балдорж сан 2008 онд анх байгуулагдаж, өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй сан. Сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг дэмжих, туслах чиглэлээр зохион байгуулж ирсэн. Өнөөдрийн хэлэлцүүлгээр сэтгүүлзүйн чиглэл хиймэл оюун ухаан руу чиглэж байгаа хэдий ч уламжлалт сэтгүүл зүй болон сонин, тв-үүд хоцрохгүй хөгжих хэрэгтэй зэрэг чухал чухал сэдвийг хөндлөө” гэв.
Б.Чинзориг: Мэргэжлийн ур чадвараа баримталж ажиллаж чадвал мэргэжлийн бус хүмүүсээс аажимдаа ялгарах цаг ирнэ
МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор Б.Чинзориг “Өнөөдөр "Сэтгүүлчийн ур чадвар, орчин үеийн чиг хандлага” гэсэн илтгэлийг хэлэлцүүлсэн. Үүнээс харж үзэхэд, сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээний хөөсрөлтийг дагасан сэтгүүлчийн суурь ур чадвар буурах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүсийн хэв загварыг ашиглах, хандлага ажиглагдсан. Худал, үнэн нь мэдэгдэхгүй олон мэдээллийн дунд мэргэжлийн сэтгүүл зүй үгүйлэгдэж байгаа нь үнэн. Ийм орон зайг нөхөх боломж залуу сэтгүүлчдэд байна гэх харж байгаа юм. Тухайлбал, орчин үеийн технологийг ашиглаад сэтгүүл зүйг мэргэжлийн түвшинд хийхийн тулд шинэ олон ур чадварт цаг тутамд суралцах хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд маш олон цахим мэдээллийн сайтууд гарч ирсэн ч, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага цөөхөн. Мөн нэг эзэнтэй олон сайтууд бий болох хандлага байна. Энэ хандлага нь зөвхөн манайд ч биш дэлхий дахинд ч бий. Иймд сэтгүүлзүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн сэтгүүлч ёс зүйгээ баримталж ажиллаж чадвал, өнөөдөр ур чадвар, хандлага нь үнэлэгдэхгүй байх магадлалтай боловч ирээдүйд маш том гэрлийг асааж чадна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн ур чадвараа баримталж ажиллаж чадвал мэргэжлийн бус хүмүүсээс аажимдаа ялгарах цаг ирнэ” гэх мэдээллийг өглөө.
Б.Ууганбаяр: Уламжлалт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд хиймэл оюун ухааныг тодорхой хэмжээнд ашиглах нь зүйтэй
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн ЕНБ-ийн дарга Б.Ууганбаяр “Олон улсад нэг хэсэг сэтгүүл зүйг дижитал чиглэл рүү хөгжиж байна гэж үздэг байсан. Харин өнөөдрийн хэлэлцүүлгээс харахад уламжлалд сэтгүүлч зүйд итгэх иргэдийн үнэмших хандлага бий болжээ.
Уламжлалт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд хиймэл оюун ухааныг тодорхой хэмжээнд ашиглах нь зүйтэй гэсэн хувийн байр суурь байдаг. Тухайлбал, мэдээлэл боловсруулах чиглэлээр хиймэл оюун ухааныг ашиглаж боломжтой гэж харагддаг. Харин сэтгүүлчид дахин хянаж цаг хугацааг хэмнэх боломжтой. Сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд мэргэжлийн чиг хандлага руугаа илүү анхаарах нь зүйтэй. Ингэж чадвал сэтгүүл зүйд итгэх иргэдийн үнэлэмж дээшилнэ” гэх мэдээллийг өглөө.