Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан тус улсын засаг захиргаа ногоон картын сугалаагаа зогсоожээ. Учир нь уг гэмт хэргийг үйлдсэн гэх 48 настай Португалын иргэн Клаудио Мануэль Невес Валенте АНУ-д ногоон картаар амьдарч байсан гэнэ. Клаудио Брауны их сургуулийн физикийн ангийн докторын хөтөлбөрт суралцдаг оюутан байжээ. Өнгөрсөн пүрэв гарагт тэрбээр өөрийгөө буудсан байдалтай олдсон юм.
АНУ-ын Дотоод хэргийн сайд Кристи Ноэм “Америкчуудыг дахин ийм эрсдэлд оруулахгүйн тулд Ерөнхийлөгч Трампын өгсөн чиглэлийн дагуу ногоон картын сугалааг зогсоож байна. 2017 онд Нью-Йоркт нэгэн гадаадын иргэн ачааны машинаар найман хүн дайрсан хэрэг гарахад тэрбээр уг сугалааг бүрмөсөн зогсоохоор төлөвлөж байсан” хэмээн өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Одоогоос есөн жилийн өмнөх энэ хэргийг үйлдсэн Узбекистаны иргэн Сайфулло Сайпов мөн ногоон картаар АНУ-д амьдарч байжээ. Ногоон картын хөтөлбөрөөр АНУ-д цөөн тооны иргэн нь цагаач лах эрхтэй дэлхийн улс орнуудад жил бүр 50 мянга хүртэлх визийг сугалаа хэлбэрээр тараадаг байсан аж. Харин уг шийдвэрийн дагуу энэ бүхнийг зогсоож байгаа юм.