Иргэд шатахуун, тэтгэвэр, татварын дарамт, дэд сайд нарын томилгоо зэрэг асуудлаар Улсын Их Хуралд суудалтай намын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ. Жагсагч иргэд "Эрүүл мэндийн даатгалын сан нь мөнгөгүй хоосорсон хүнд болсон энэ цаг үед дэд сайд томилох асуудал хэлэлцэж, гуравхан хоногийн дотор хуралдаж шийдэж байгаад үнэхээр гайхаж байна. Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч эрүүл мэндийн даатгалынхаа санхүүжилтийг шийдэж өгөөчээ. Төрийн албан хаагч нарынхаа цалинг тавьж чадахгүй байгаа энэ үед олон дэд сайд томилж, татвар төлөгчийн мөнгийг үргүй зарцуулж байгаад харамсалтай санагдаж байна. Ер нь 16 дэд сайдаас гадна дэд сайд болгон туслахтай, туслах болгон жолоочтой болж байгаа нь нийгэмд илүүдэл бүтэц үүсгэж буй. Ингээд 100 гаруй хүний суудлыг бид өөрсдийн татварын мөнгөөр бий болгож өгч байна.
Гэтэл шатахуун, түгжрээ, утааны асуудлаа шийдэж чадахгүй яагаад удаад байдаг юм бэ. Миний төлсөн татварын үр дүнд юу болж байна вэ гэвэл баян айлын хүүхдүүд л төрийн албанд суудал авч байна. Энэ буруу тогтолцоо руу бид орж болохгүй. Төр чухлын дэс дарааллаар асуудлаа шийдмээр байна.
Мөн татварыг бууруулах талаар 100 мянган хүн гарын үсгээ зурж санал өгсөн. Гэтэл одоог хүртэл таг. Дэд сайдын асуудлаас илүү шатахуун, татвар, эрүүл мэндийн даатгалын сан, тэтгэврийн асуудлаа шийдээд өгөөч гэж хүсэж байна. Монголчуудын амьдрал сайхан байгаа юм шиг битгий жүжиг тоглоод бай" гэлээ.