Өчигдөр /12.23/ Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Дотоод цэргийн 05 дугаар ангийн захирагч хурандаа Манлайбаатар " Өчигдөр орой 22.30 цагийн орчимд 05 дугаар ангийн алба хаагч дүрмийн бус үйлдэл гаргасан мэдээллийг сайтуудаас олж хараад бид цочирдож хүлээж авсан. ЦЕГ, ХЭҮК-той хамтран ажиллаж байна. СХД-ийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Шүүх шинжилгээнд үзүүлсэн. Төрийн тусгай эмнэлэгт шинжилгээнд оруулсан. Бусад алба хаагчдыг гэр бүлтэй нь холбоо тогтоолгож байна. Манай ангийн гадна, дотор нийлсэн 24 цагийн 68 камертай. Харин дотор камерыг нойл, шүршүүр зэрэгт байрлуулах боломжгүй байдаг. Уг үйл явдал тэр нойл, шүршүүр өрөөнд болсон байна. Шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэн энэ асуудлыг мэдээлсэнд үнэхээр баярлаж байна.
Эцэг хүний хувьд, ангийн захирагчийн хувьд ч ийм зүйл байж болохгүй гэж үзэж байна. Байлгаж ч болохгүй. Тухайн цэргүүд 2025 оны нэгдүгээр ээлжээр энэ жил татагдсан. Урьдчилсан байдлаар шүүх шинжилгээний үзлэгийн дүгнэлт хэвийн, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэсэн аман мэдээллийг авсан. Хувийн харилцааны маргаанаас болж, нэг оны цэргүүд хоорондоо маргалдсан гэх мэдээллийг авсан" гэх мэдээллийг өглөө.
Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис "Бид олон аавын хүүхдүүдийг "Эр хүн, эх орны хүү болоосой" гэж хүсдэг учраас дүрмийн бус харьцааг хүлээн зөвшөөрдөггүй. Өчигдрийн хэрэг "Амрах" команд өгснөөс хойш нэг оны цэргүүдийн хувийн харьцаанаас болж үүссэн маргаан гэх мэдээлэл авсан
Залуу хүүхдүүдийн дунд янз бүрийн харилцаа бий. Бидний хянаж чаддаггүй “хар бүс” гэж байдаг юм. Өчигдрийн асуудалд үнэхээр цочирдлоо. Дүрмийн бус харилцааг ямар ч цэргийн байгууллага хүлээн зөвшөөрдөггүй. Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно. Мөн уг асуудлыг нийтэд мэдээлж, шүгэл үлээсэн болон хэвлэл мэдээллийн байгуулллагат баярлалаа" гэж хэллээ.