
Монгол Улс дахь Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь “Русский дом”-ынхон энэ 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах үеэрээ МСНЭ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан /2025.12.19/ юм.
“Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төв дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ онд тус байгууллагын 100 жилийн ой, аугаа их ялалтын 80 жилийн ойн хүрээнд тэмдэглэлт арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Харин ирэх онд Монгол Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 45 жил, Монгол дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн 50 жил, ардын дипломат харилцаа үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэнэ гэдгийг онцоллоо.
Энэ жилийн хувьд сайн үйлсийн чиглэлд “Добро Миссия” хөтөлбөрийн хүрээнд оросын хэл заслын буюу тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийн чиглэлийн туршлагатай мэргэжилтнүүд хүрэлцэн ирж Монголын 100 гаруй мэргэжилтэн, хэл засалчдад сургалт, дадлага явуулсан байна. Мөн тус төв боловсрол шинжлэх ухааны чиглэлээр онцлох хэд хэдэн ажил хэрэгжүүлсний нэг нь Оросын Инженерийн сургууль хөтөлбөр юм. Дэлхийн 11 оронд хэрэгжүүлж байгаа энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд тусгай бэлтгэгдсэн 14 багш робот техникийн дамжааг эхлүүлсэн байна. Тус хөтөлбөрт манай улсын 8-18 насны 50 гаруй сурагч энэ төсөлд хамрагджээ.
Түүнчлэн ирэх онд Оросын шинжлэх ухаан соёлын төв МСНЭ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар хоёр орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хамтран ажиллах, харилцан туршлага судлахаас гадна орос хэл болон бусад мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт монгол сэтгүүлчид хамрагдах боломж бүрдэж байгааг талууд онцолж байна.