Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх нь” төслийн II шатны танхимын сургалтыг энэ сарын 5-16-нд Дундговь, Хэнтий, Архангай, Булган, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг зохион байгуулж эхэллээ. Төслийг Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийнхөн хамтран хэрэгжүүлж буй аж.
Дундговийн төвд зохион байгуулж байгаа сургалтад гэхэд тус аймгийн ерөнхий боловсролын 19 сургуулийн англи хэлний 53 багш хамрагдаж буй гэнэ. Сургалтын хөтөлбөрийг МУИС, МУБИС-ийн ур чадвар өндөртэй багш нар чиглүүлж, олон улсын заах арга зүйн туршлагаас хуваалцаж байна. Мөн энэ үеэр англи хэлний сургалтын менежментийг сайжруулах, орчин үеийн арга зүйг хичээлийн практикт нэвтрүүлэх, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих хэлэлцүүлгүүд өрнүүлэх нь.
Төслийг хэрэгжүүлснээр алслагдсан орон нутгийн багш, сурагчдын хэлний ур чадвар дээшилж, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа тодорхой хэмжээнд буурна гэдгийг зохион байгуулагчид онцолсон. Сургалтын дараагийн шат буюу арга зүйн зөвлөгөө, чиглүүлгийг цахимаар ирэх гуравдугаар сарын 30 хүртэл үргэлжлүүлэх гэнэ.
О.ОРГИЛОХ