Зүүн гараас: Дональд Трамп, Жей Ди Вэнс, Марко Рубио
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнөөгийн Вашингтонд нөлөө бүхий хүн болж байна. Трампын эрин үед эрх мэдэлтэйгээ байхын тулд буулт хийсэн БННын бусад нөхдөөсөө ялгаатай нь тэрбээр түрүү үедээ Ерөнхийлөгчөө шүүмжилж, Америкийн гадаад бодлогын талаарх өөрийн үзэл бодлыг хэрэгжүүлж байсны сүүлчийн жишээ нь Венесуэлд явуулсан ажиллагаа гэж хэлж болно.
Эхлээд Трамп түүнийг үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөхөөрөө томилсон юм. Тухайн үед сонинууд Флорида мужаас Сенатын гишүүнээр сонгогдож байсан Рубиог “бүгдийн сайд” гэж нэрлэж байв. Америкийн гадаад бодлогын домог гэгдэж байсан Хэнри Киссинжер ч ийм “алдар” хүртэж байгаагүй юм. Энэ үеэс Төрийн департаментын тэргүүний нөлөө шууд л өсөж гарав. Нэгдүгээр сарын 3-нд явуулсан ажиллагааны дараа Мадурог олон жил эсэргүүцэж ирсэн Рубиогоор Венесуэлийг удирдах багийг тэргүүлэх шийдвэрийг Трамп гаргав.
Венесуэлийг богино хугацаанд “булаан авсан” хүчний ажиллагааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга удирдав. CNN-ийн мэдээлснээр ажиллагааг төлөвлөж, Мадурог баривчлах тушаал Трампаар гаргуулахын тулд Рубио, Америкийн засаг захиргааны тэргүүний орлогч Стивен Миллер нар хэдэн сарыг зарцуулжээ. Энэ бүх хугацаанд Трампад ойр байхын тулд Төрийн нарийн бичгийн дарга ихэнхдээ Цагаан ордноос ажлаа явуулж байв. Орлогчоо гадаад томилолтоор явуулж байж.
Гучин сая шахам хүнтэй улсыг удирдана гэдэг тун яггүй ажил. Ирак, Афганистанд АНУ бүтэлгүйтсэн түүхэн сургамжийг бодолцоод Рубиогийн ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хийгээд АНУ-ын улс төрийн томчууд анхааралтай ажиглах нь гарцаагүй. Америкийн төрийн ажилтнуудын бүрхэг, бүүдгэр мэдээллээр бол Венесуэл улс цаашид хэрхэн аж төрөх тухайд Цагаан ордонд бэлэн төлөвлөгөө байхгүй бололтой. Бүтэлгүйтвэл хариуцлага Төрийн нарийн бичгийн даргад л ногдоно.
Ерөнхийлөгчөө зад шүүмжилж байсан Рубио тус улсын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болоод буйг Трамп Цагаан ордонд буцаж ирснээс хойших нэг жилийн дотор Мадурог унагасан баримт тодорхой харууллаа. Бүс нутгийнхаа коммунист дэглэмүүдтэй, голлон Кубийн эсрэг тэмцэлд албан ажлынхаа ихээхэн цагийг зарцуулсан Төрийн нарийн бичгийн даргын эртнээс тавьсан зорилго нь Венесуэлийн эрх баригчдыг солих явдал байсаар иржээ. Венесуэлийн сөрөг хүчнийг, тэднийг манлайлж байсан энх тайвны Нобелийн шагнал саяхан хүртсэн Мария Корина Мачадог Рубио олон жил дэмжиж байв. Рубиог 30 жилийн өмнөөс мэдэх, БНН-ын улс төрийн технологич Хосе Маллела сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Тэр чухам үүний л төлөө мэндэлж дээ гэх мэдрэмж төрдөг юм” гэсэн байдаг. Рубиогийн өөр нэг танил, Флорида мужаас төрсөн улс төрч, дипломатч асан Карлос Трухильогийн хэлснээр Каракаст болсон үйл явдал Рубиод Трамп итгэж байсны нотолгоо аж.
Латин Америкийн орнуудад болж буй үйл явдлууд Рубиогийн хувьд түүний гэр бүлийн түүхтэй шууд холбогддог. Одоо 54 настай Төрийн нарийн бичгийн дарга Майамид Кубийн цагаачдын чинээлэг бус айлд төржээ. Эцэг, эх нь дарангуйлагч Фульхенсио Батистын үед, хувьсгалын үр дүнд Фидель Кастро эрх мэдэлтэй болохоос хоёр жил хагасын өмнө АНУ-д шилжиж ирсэн байна. Рубиогийн ярьснаас үзвэл эцэг, эх нь Куба рүүгээ буцаж очихыг мөрөөддөг ч коммунист дарангуйлалтай нөхцөлд амьдарч чадахгүй байв. Үндэс угсааныхаа буянаар Рубио англиар төдийгүй испаниар чөлөөтэй ярьдаг байлаа. Флорида мужид Рубиогийн хийсэн улс төрийн эхний алхам нь бас л тэндхийн куба хүмүүстэй холбоотой байв. Тэр үед тус муж ардчилагчид болон бүгд найрамдахчуудын ширүүн тэмцлийн талбар болж байжээ.
1990-ээд онд хууль зүйн салбарын оюутан Рубио Майами мужаас Конгрессын гишүүнээр сонгогдсон, БНН-ын гишүүн, долоон настайдаа Кубээс АНУ-д ирсэн хатагтай Илеана Рос-Лихтинений албанд дадлага хийсэн байна. Дараа нь 21 настайдаа Флорида мужид Конгресст нэрээ дэвшүүлсэн Линкольн Диос-Балартын сонгуулийн кампанит ажилд сайн дураар оролцов. Энэ хүн нөлөө бүхий куба айлын өв залгамжлагч байлаа.
Рубио 1998 онд сонгуульд анхны ялалтаа байгуулж, Баруун Майами хотын комиссар болов. Хоёр жилийн дараа Флорида мужийн Төлөөлөгчдийн танхимд сонгогдож, 2005 онд спикер нь болжээ. Тэр жилүүдэд түүний улс төрийн гол холбоотон нь Флорида мужийн амбан захирагч, тухайн үед Ерөнхийлөгч байсан Жорж Бушийн ах Жеб Буш байлаа.
Бүр залуугаас нь тодорсон холбоотноо сонгож авах чадвар нь түүнийг албан тушаалын шатаар өгсөхөд олон талаар тус болжээ. 2008 оны хямралын үеэс нэрд гарсан БНН-ын хэт консерватив жигүүрийн дэмжлэгээр Рубио 2010 онд Сенатын сонгуульд нэрээ дэвшүүлэв. Флорида мужийн амбан захирагч, гол өрсөлдөгчид тооцогдож байсан Чарли Кристийг урьдчилсан санал хураалтад Рубио ялж шуугиан тарьсан юм.
2012 онд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн Митт Ромни Сенатын энэ залуу гишүүнийг Дэд Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэх боломжтой хүн гэж үзэж байжээ. Гэтэл Сенат дахь олон улсын асуудал, харилцаа эрхэлдэг ажилдаа төвлөрөхийг Рубио илүүд үзэж, дараа нь онцгой нөлөөтэй тагнуулын хороонд нь ажиллах болсон аж. Обамагийн засаг захиргааны ажлыг Рубио эрс шүүмжлдэг байв. Куба, Венесуэлтэй харилцаагаа хэвийн болгох бодлогыг, Крымийг Оростой нэгтгэхийг эсэргүүцэж байлаа. Улс төрийн байдлаас хамаарч гол асуудлаар бодлоо өөрчлөхөд Рубио бэлэн байдаг нь тэр үедээ л хүмүүст анзаарагдах болжээ. Тухайлбал, АНУын хувьд эмзэг сэдэв болох цагаачдын асуудлаар хатуухан байр суурь баримталдаг байснаа зөөлрүүлсэн байна.
2016 онд Рубио Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдэж Дональд Трампыг гол шүүмжлэгчдийн нэг болов. Сонгуулийн өмнөх нэгэн арга хэмжээний үеэр “Зүүний үзэлт хүмүүсийн мэхэнд автаж Дональд Трампыг дэмжих болсноо хэвлэлд болон сонгогчдод тайлбарлаж, өөрсдийгөө зөвтгөх гэж олон жил хичээхэд хүрсэн юм” гэж мэдэгдсэн байна. Гэтэл ийм тайлбарыг одоо Рубиогоос өөрөөс нь шаардах болов.
Трампад Рубио ялагдаж “жижигхэн Марко” гэх хочоор шагнууллаа. Гэлээ ч тэрбээр Трампын хүрээлэлтэй хэл амаа ололцож, улс төрийн бодит байдалд дасаж эхэлсэн байна. Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Кубийн асуудлаар Цагаан ордонтой идэвхтэй хамтран ажиллаж, Рубиог Сенатад дахин сонгогдоход нь Ерөнхийлөгч дэмжлэг үзүүлжээ. Трампыг нэг өнжөөд Ерөнхийлөгчид нэрээ дахин дэвшүүлэхэд нь Рубио ч дэмжив. “Америкийг дахин агуу болгоно” гэх уриа санаанд нь ихээхэн нийцсэн байна. Трампын хүрээллийнхний бусад улсын ажил хэрэгт оролцохгүй гэх байр суурь ч түүнийг татав. Жишээлэхэд, урьд нь Владимир Путинийг “алуурчин” гэж Рубио нэрлэдэг байсан бол 2024 онд Трампынхныг дагаж, Украинд цэргийн ээлжит багц тусламж өгөхийг эсэргүүцэв. Энэ хандлага нь түүнд үр ашгаа өгч, Трампын танхимд Дэд Ерөнхийлөгч байх бололцоотой хүн гэгдэх болсон ч энэ алба Сенатын өөр нэг гишүүн Жей Ди Вэнсэд ногдлоо. Эцэст нь Төрийн нарийн бичгийн даргын суудлыг түүнд санал болгов. Энэ нь Трампын санал болгосон олон албан тушаалын нэг бөгөөд АН-ынхан огт эсэргүүцсэнгүй.
Рубио энэ албанд очоод эхнээсээ л Трампын гадаад бодлогыг бүхий л талаар дэмжсэн юм. Венесуэлд явуулсан цэргийн ажиллагааны дараа Мария Карина Мачадог дэмжихээ Рубио больж, тус улсын Дэд Ерөнхийлөгч Делси Родригестэй харилцахыг илүүд үзэх болсон байна. Нобелийн шагнал авчихыг хүсдэг Трамп ч Мачадод сүжрэхээ больжээ. Рубиог Төрийн нарийн бичгийн даргаар томилохыг дэмжсэндээ одоо зарим ардчилагчид харамсах болсон байна. Тэдний нэг болох Сенатын гишүүн Крис ван Холлен “Ардчилал, хүний эрх, үг хэлэх эрх нь Америкийн гадаад бодлогод чухал гэж ярьдаг байсан Марко Рубио одоо байхгүй болсон” гэж өнгөрсөн хавар хэлжээ.
Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд тэмдэглэснээс үзвэл Рубиогийн Төрийн нарийн бичгийн даргын ажлын эхлэл саад бэрхшээлтэй байсан бололтой. Зарим асуудлаарх Трампын байр суурь санаанд оромгүй байсны зэрэгцээ Пентагоны тэргүүн Пит Хегсет, Трампын үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх Маик Уолтц, тусгай төлөөлөгч Стив Уиткофф нартай ч өрсөлдөх явдал тохиолдож байв.
Уолтцоос ялгаатай нь Цагаан ордонд Рубиод ажиллах өрөө байхгүйгээс зарим хүнтэй явуут уулзаж, санал солилцож ч байжээ. Гэлээ ч Төрийн нарийн бичгийн даргын нөлөө хэрхэн газар авч байгааг “Washington post” сонинд “Тэрбээр хүчтэйгээ ил шууд харуулдаггүй. Трампын замд саад хийх гэсэн хүний хувь тавилан яахыг сайн ойлгодог” хэмээн бичсэн байх юм. Удалгүй Уолтц огцорч, оронд нь Рубио томилогдож, эдгээр албан тушаалыг Киссинжерээс хойш хавсарч хаших анхны хүн болов. Энэ нь нөлөө бүхий ч аюултай алба, түүний өмнө уг албанд ажилласан олон хүн эцэст нь АНУ-ын Ерөнхийлөгчийн дайсан болсон байдаг
Байдлаас ажиглахад Трамп одоогоор түүний ажилд сэтгэл хангалуун байх шиг. “Надад асуудал гараад ирэхээр Марко руу утасдчихад тэр шийдчихдэг” гэж өнгөрсөн оны тавдугаар сард Трамп хэлж байжээ. Олсон амжилтдаа Рубио сэтгэл ханасангүй, Ерөнхийлөгчийн дэргэдийн хэт консерватив талыг баримтлагчдын дунд байр сууриа бэхжүүлэхийг сүүлийн нэг жил хичээх болсон байна. Өнгөрсөн оны эцсээр Рубио сэтгүүлчидтэй уулзахдаа “Сенатын гишүүн байхдаа би Флорида мужийг төлөөлж байсан, одоо бол АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх нь миний ажил” гэж хэлсэн байна.
Рубиог одоо 2028 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчийн нэг гэж үзэх болжээ. Энэ тухай ярих нь одоогоор эрт ч гэлээ Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнсийн зэрэгцээ гол нэр дэвшигч гэж Трамп өөрөө нэрлэсэн байна.
Вэнс хэрэв кампанит ажлаа эхлүүлбэл түүнийг дэмжинэ гэж Рубио хэлжээ. Вэнс болохоор түүнийг өрсөлдөгчөө гэж үзэж байна. Трампын танхимын гол гишүүдийн зургийг авч байсан зурагчид Вэнс наргиа болгож “Зургийг нь минийхээс муу буулгасан хүн бүрийн төлөө чамд 100 ам.доллар өгнө, Маркогийн зургийн төлөө бол 1000-ыг өгье” гэж хэлсэн аж.
Р.Жаргалант