Японы парламентын доод танхимыг тарааж болзошгүй гэсэн мэдээлэл тархсаны дараа иений ам.доллартой харьцах ханш 158-д хүрч суларсан нь 2024 оны долоодугаар сараас хойших хамгийн доод түвшин болов. Харин еврогийн эсрэг иений ханш 185 нэгжид хүрсэн нь Европын нэгдсэн валютыг 1999 онд анх нэвтрүүлснээс хойших түүхэн доод үзүүлэлт болж байна.
Арлын улсын санхүүгийн тогтвортой байдал цаашид дордох вий гэсэн болгоомжлол зах зээлд нэмэгдэж, хөрөнгө оруулалтын орчин таагүй болоод байгаа юм. Хэрэв эрх баригч эвсэл ээлжит бус сонгуульд дахин ялалт байгуулбал төсвийн зарлагад илүү хатуу бодлого баримтлах төлөвтэй гэнэ.
“Киодо” агентлагийн мэдээлснээр Ерөнхий сайдад нэр дэвшигч Санаэ Такаичи бүх нийтийн санал хураалтыг хугацаанаас нь өмнө явуулах зорилгоор Төлөөлөгчдийн танхимыг тараах бодолтой байгаагаа намын удирдлагуудад мэдэгдсэн аж. Улс төрийн энэхүү тодорхойгүй байдалтай зэрэгцэн Японы бондын өгөөж 1999 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч өссөн нь түүний үнэтэй урвуу хамааралтай байгааг мэргэжилтнүүд онцлов. Нөгөөтээгүүр, 2026 оны төсвийн төсөлд 122.31 их наяд иен буюу 783 тэрбум ам.долларын зардал тусгасан нь түүхэн дээд хэмжээ болсон бөгөөд үүнд инфляцын нөлөө төдийгүй хүн амын хөгшрөлттэй холбоотой нийгмийн халамжийн зардал огцом нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Э.Сондор