Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой энэ жил тохиож байна. 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд Монголын анхны орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага Улсын төв театр байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш тус театраас салбарлан мэргэжлийн урлагийн олон байгууллага үүсэж хөгжсөн бөгөөд 1935 онд Монгол кино үйлдвэр, Улсын цирк, Улсын хүүхэлдэйн театр, 1950 онд Улсын хүүхэд, залуучуудын театр нээгдэн, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Мөн 1948 онд Дорнодын, 1950 онд Ховдын театрыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган, Ардын жүжигчин С.Гэндэн, Ардын зураач Ц.Доржпалам, Л.Гаваа нарын зэрэг алтан үеийнхэн байгуулж, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын үүсэл хөгжлийн анхны шанг татсан түүхтэй.
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой мөн энэ онд таширлан тохиож байна. Их зохиолчийн Монголын соёл урлаг, үндэсний утга зохиолын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг олон нийт, ялангуяа залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор “Ой тэмдэглэх тухай” тогтоолыг Засгийн газрын нэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар баталсан. Нэрт соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний уран бүтээл, үзэл санаа, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөжээ.