Нийслэлийн нийтийн тээвэрт өнгөрсөн оноос цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн билээ. Иргэд зөвхөн “Улаанбаатар смарт карт”- аар зорчдог байсан бол өдгөө банкны карт, гар утасны аппликэйшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, үйлчлүүлж буй. Ингэснээр нийтийн тээврийн салбарын орлого 23.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хэдийгээр автобусны төлбөрийн сонголт нэмэгдсэн ч тэдгээр нь эерэг болон сул талтай. Тухайлбал, банкны картаар зорчих бол автобусанд суух бүрдээ 1000 төгрөг уншуулах бөгөөд дамжин суултын хөнгөлөлт үйлчлэхгүй юм. “Улаанбаатар смарт карт”-ын тухайд цэнэглэх газар ховор бөгөөд автобуснаас буухдаа картаа уншуулахгүй бол дараагийн чиглэлийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт эдлэхгүй.
Харин залуус “Ubcard” аппликэйшнээр нийтийн тээврээр үйлчлүүлэх нь түгээмэл. Өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа дамжин суух эрхтэй байдаг тул иргэд үүнийг илүүд үздэг. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд эл аппликэйшнийг цэнэглэж болохгүй байжээ. Мөн автобусанд уншихгүй гацах, цэнэглэчхээд байхад цахим хэтэвчинд төлбөр нь орж ирэхгүй байх зэрэг тохиолдол гарсан. Үүнийг Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад “Системийн шинэчлэл хийсэн. Одоо хэвийн ажиллаж байгаа” гэв. Хэрэв гацаад байвал устгаад дахин татахыг зөвлөсөн юм.
Ташрамд, “Ubcard” аппликэйшнд одоогоор 382 мянган иргэн бүртгүүлжээ.
Ч.Цэлмэг