Цагдаагийн байгууллагад өчигдөр (2026.02.03) “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр мөргөсөн байна” гэх дуудлага иржээ. Мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид ослын газар очиход Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чулуун овоо”-ны ойролцоо төв зам дээр наймдугаар ангийн хоёр сурагчийг гарцаар гарч байх үед нь жолооч Г нь тээврийн хэрэгслээрээ мөргөсөн нөхцөлтэй байжээ. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний нэгдүгээр сард “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” 446 гэмт хэрэг бүртгэгджээ.
Мөн өнгөрөгч 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул жолооч та бүхэн дүрмээ мөрдөж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.