Туулын хурдны зам тойрсон маргаан ширүүсэж, нийслэлчүүд хоёр талд гарчхаад байна. Иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг авто замын түгжрэлийг бууруулах нь нийслэлийнхний хувьд тулгамдсан асуудал мөн. Гэвч түгжрэл бууруулах нэрээр Туул гол дээгүүр зам тавьж, “амь”-ийг нь таслах гэж байна гэж үзсэн хү мүүс “Хатан Туул” хөдөлгөөн өрнүүлж, эсэргүүцэл илэрхийлэн, Сүхбаатарын талбайд хоёр дахь удаагаа жагсав.
Баянзүрхийн товчоо буюу УлаанбаатарНалайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 км урт үргэлжлэх Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажилыг энэ сарын 15-нд эхлүүлсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан хэмээн нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлж байв. Тэрбээр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг өнгөрсөн оны зургаадугаар сард баталсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу энэ оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой” гэж ярьсан юм.
“БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН КОМПАНИ МИНИЙ НЭРИЙГ ХУУЛЬ БУСААР АШИГЛАСАН”
Тэгвэл байгаль орчны үнэлгээг хуурам чаар үйлдсэн байж болзошгүй баримтыг эсэргүүцэгч тал гаргаад буй юм. Учир нь тус тайланг боловсруулсан гэх хоёр мэргэжилтэн оролцоогүй гэдгээ цахимд орчинд илэрхийлсэн. Тухайлбал, усны зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэнэ “Миний бие Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын судалгааны ажилд огт оролцоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Усны мэргэжлээр 20 гаруй жил ажилласан хүний хувьд би тал талаасаа багасан, хумигдаж буй Туул голын татам дотор барилга байгууламж барих, зам тавихыг хэзээ ч дэмжихгүй. Байгаль орчны үнэлгээ хийсэн компани тайландаа миний нэрийг хууль бусаар ашигласныг олж мэдлээ. Иймд залруулга хийж өгөхийг “Мон газар экологи” ХХК-аас шаардаж байна” гэсэн байв. Үүний дараа буюу өчигдөр “Мон газар экологи” компанийн захирал Г.Болдбаяр мөн олон нийтэд хандаж мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай компани Туулын хурдны замын Байгаль орчны төлөв байдлын урьд чилсан судалгаа хийсэн. Судалгаанд сошиал орчинд яригдаад байгаа ой судлаач, усны зөвлөх инженер нартай хамтран ажиллахаар хэлэлцэж зөвлөж байсан ч тухайн хоёр мэргэжилтэн тодорхой шалтгааны улмаас уг ажилд оролцоогүй. Урьдчилсан судалгааг эцэслэсэн тайланд тухайн хоёр хүний нэр байхгүй” гэж ярив.
ТӨСЛИЙГ БИШ, ТУУЛЫН ШУГУЙГ ТАЙРАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
Усны болон байгаль орчны салбарын мэргэжилтнүүд, олны танил эрхмүүд болон нийслэлийн иргэдийн төлөөлөл өчигдөр Сүхбаатарын талбайд жагсав. Тэд өнгөрсөн баасан гарагт мөн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж буйгаа мэдээлж, Маршалын гүү рэн дээр цуглаан зохион байгуулсан. “Хатан тунамал Туул голоо хамтдаа хайрлан хамгаалцгаая. Тунгалаг ариун Туул голоо түмэн үедээ өвлүүлцгээе”, “Төсөл, хөтөлбөрийг эсэргүүцээгүй, Туулын шугуйг тайрч, сүйдлэхийг эсэргүүцэж байна”, “Туул гол мөнгө биш”, “SOS Туул” зэрэг лоозон, уриа барин үзэл бодлоо илэрхийллээ.
Туулын хурдны замыг ашиглалтад оруулснаар хотын түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан хэмээн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн онд мэдээлж байв. Тэгвэл нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс уг замыг барьснаар Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна гэлээ. Тэд “Ихэнх тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын төвийг дайран өнгөрч байгаа нь түгжрэлийн нэг шалтгаан болж буйг ТЭЗҮ-д тодорхойлсон. Иймд Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон Туулын хурдны замыг барих хэрэгцээ шаардлага үүссэн. Нарны замын хөдөлгөөний ачаалал 25-28, Чингисийн өргөн чөлөө 28-30, Яармагийн гүүр 28-32, Яармагийн зам 10-12, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 7-8 хувиар тус бүр буурна. Төслөөс бий болох эдийн засгийн өгөөжийн хэмжээ нь 18 жилийн туршид 44.9, 2041-2045 онд 191.6 сая ам.доллар болж өсөхөөр байна” гэв.
Ч.Болор