NBA-ийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч (GOAT) хэн бэ гэх маргаан Майкл Жордан болон Леброн Жэймс нарын эргэн тойронд эцэс төгсгөлгүй үргэлжилдэг. Тэгвэл спортын нэрт шинжээч Колин Коверд энэхүү харьцуулалтад “аура” буюу тамирчны бие хүнээс ялгарах онцгой энерги, хүч нөлөөлдөг талаар сонирхолтой дүгнэлт хийжээ. Тэрбээр Майкл Жорданыг бусдаасаа илүү агуу, бурханлаг мэт харагдуулдаг гол хүчин зүйл нь нууцлаг байдал буюу түүний ид тоглож байх үед олон нийтийн сүлжээ хөгжөөгүй байсантай холбоотой гэж үзсэн байна. Тухайн үед шүтэн бишрэгчид нь Жорданыг зөвхөн талбай дээрх гайхамшигт тоглолт, цөөн хэдэн сурталчилгаа болон загварын чиг хандлагаар нь л төсөөлдөг, хувийн амьдрал нь олон нийтээс хол, нууцлаг байсан нь түүний “аура”-г улам хүчирхэгжүүлж, хүмүүсийн дунд домог мэт яригдах үндэс болжээ.
Харин Леброн Жэймсийн хувьд мэдээллийн технологийн хөгжлийн эрин үед тоглож байгаа нь түүний нууцлаг бөгөөд онцгой байх үнэлэмжийг тодорхой хэмжээгээр бууруулсан гэж Коверд тайлбарлаж буй. Учир нь Леброны хийж буй үйлдэл, хувийн амьдрал, спортын замнал, алхам бүр нь нийгмийн сүлжээнд ил тод нийтлэгдэж байгаа нь тамирчныг зөв, хүнлэг хүн гэж харагдуулдаг ч Жорданых шиг нууцлаг, хүршгүй агуу мэт санагдуулдаг тэрхүү онцгой чанарыг бүдгэрүүлдэг байна. Тоон статистик үзүүлэлт болон амжилтын хувьд хоёр тамирчин хоёулаа оргилд байгаа хэдий ч Ковердын дүгнэлт сагсан бөмбөг сонирхогчдод агуу байдлыг арай өөр өнцгөөс харах боломж олгож буйгаараа онцлогтой аж.
Л.Ням