Польшийн Торунь хот. Хөнгөн атлетикийн танхимын ДАШТ-д тамирчид 26 багц медалийн төлөө өрсөлдөв. Тэмцээний сүүлчийн өдөр 800 метрийн эрэгтэйчүүдийн гүйлтийн финал боллоо. Гарааны зурхай дээр 2025 оны дэлхийн дэд аварга, Бельгийн Эллиот Крестан, Испанийн Мохамед Аттауи, Австралийн Питер Бол, мөн гурван долоо хоногийн өмнө сургуулийнхаа 11 дүгээр ангийнхны сэтгүүлд гарч байсан АНУ-ын Техас мужийн Купер Луткенхаус нар зогсож байв.
Купер гараанаас хамгийн түрүүнд гарсан ч хоёрдугаар тойрогт тэргүүллээ алджээ. Гэвч гуравдугаар тойрогт дахин тэргүүлэл олж авсан төдийгүй үүнийгээ хадгалан 1.44,24 минутын амжилтаар дэлхийн аварга болжээ. Түүнээс өмнө АНУ-ын Б.Хоппел, Ж.Хоуи нар энэхүү тэмцээнд түрүүлсэн түүхтэй ч Купер шиг нялхдаа аваргалсан тамирчин үгүй.
Тэрбээр энэхүү түүхэн амжилтаа 17 нас, 93 өдөртэйдээ гаргасан юм. Түүхийн шарласан хуудсуудыг сөхвөл түүний нас үнэхээр онцгой болж таарав. Учир нь хамгийн залуудаа дэлхийн аварга болсон өмнөх дээд амжилтыг 2012 онд Этиопын Мохаммед Аман (18 нас, 61 өдөр) тогтоосон ажээ. Харин аваргууд бус медальтнуудыг авч үзвэл 1985 онд Кубын домогт тамирчин Х.Сотомайорын тогтоосон дээд амжилтыг Купер дөрвөн өдрөөр ахиулсан аж. Насанд хүрсэн эрчүүд давамгайлдаг хөнгөн атлетикийн спортын түүхэнд 2008 оны арванхоёрдугаар сарын 19-нд төрсөн хөвгүүн орж ирж байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг мөн.
УДАМ ЗАЛГАСАН ГҮЙГЧ
Техас мужийн Жастин хот. Тус хотын Northwest High School-д Купер суралцдаг. Ээж Триша нь тус сургуулийн захирал бол аав Жорж нь биеийн тамирын кабинетыг хариуцдаг аж. Харин ах Эндрю нь оюутан байхдаа 800 метрийн гүйлтээр хичээллэдэг байсан агаад чухам түүний ачаар Купер гүйлтэд дурлажээ.
2025 онд 16 настай байсан К.Луткенхаус АНУ-ын насанд хүрэгчдийн тэмцээний дээрх төрөлд 1.42,27 минутын амжилтаар мөнгөн медаль хүртэв. Энэ бол 18 хүртэлх хөвгүүдийн дэлхийн дээд амжилт бөгөөд арваад жилийн турш босоо байсан амжилтыг эвдсэн нь энэ байлаа. Улмаар Купер хөнгөн атлетикийн ДАШТ-д улсаа төлөөлсөн хамгийн залуу оролцогч болсон ч Токиод олигтой амжилт гаргаж чадалгүй дөнгөж долдугаар байрт оржээ. Гэвч энэхүү ялагдал түүнд урам хугарах бус улам сайжрах хүсэл зориг болж өгсөн байна.
ДУНД СУРГУУЛИА Ч ТӨГСӨӨГҮЙ МЭРГЭЖЛИЙН ГҮЙГЧ
Токио болон Торуны хооронд түүний амьдралд нэг чухал үйл явдал тохиов. АНУ-ын АШТ-ий дараа тэрбээр улсынхаа томоохон спортын брэндтэй гэрээ байгуулж, мэргэжлийн тамирчин болжээ. Тухайн үед Купер дөнгөж 16 настай байв. Тэрбээр дунд сургууль болон оюутны карьераа ийн золиосолсон агаад түүний агент Р.Флинн шавиа дунд сургуульд байхад нь мэргэжлийн тамирчин болгосон нь сонирхолтой нүүдэл байлаа.
Тамирчны статус нь өөрчлөгдсөн ч түүний амжилт тогтвортой хэвээр үргэлжлэв. Хоёрдугаар сард Нью-Йоркт болсон Millrose Game тэмцээнд ахлах ангийн сурагчдын танхимын үндэсний дээд амжилтыг Купер шинэчилсэн бол насанд хүрэгчдийн танхимын АШТ-д мөн түрүүлжээ. Эдгээр тэмцээний дараа Купер Польшид ирсэн агаад аваргална гэдэгтээ төдий л итгэлтэй байгаагүй аж. “Ялагчдын тоонд намайг оруулаагүйг би мэдэж байсан. Гэхдээ финалд шалгарсан л бол ялах боломж гарна гэдэгт би үргэлж итгэдэг” хэмээн тэрбээр тэмцээний өмнө ярьж байв.
ТҮҮХЭН ФИНАЛ
Торуньд болсон 800 метрийн финалын гүйлт нь тактикийн тулаан байлаа. Өмнөх хоёр ч танхимын ДАШТ-ээс мөнгөн медаль, энэ жил мөн ижил өнгийн медаль хүртсэн туршлагатай Крестан уралдааны хэмнэлийг тогтоов. 400 метрийн дараа тэрбээр К.Луткенхаусын өмнө гүйж (51,91 болон 52,02 секунд) байлаа. Гэвч гуравдугаар тойрогт байдал эрс өөрчлөгдөж, залуу гүйгч түүний өмнө гарчээ. Уралдааны дараа америк хөвгүүнийг Крестан гайхалтай авьяастан гэж нэрлээд Кенийн домогт гүйгч Д.Рудиштай зүйрлэсэн аж. Харин гуравдугаар байрт П.Бола шалгарчээ.
Торуньд болсон ДАШТ-ийг сурвалжилсан АНУ-ын спортын хэвлэлүүд “Түүхэн дэх хамгийн залуу аварга”, “Дараагийн Рудиш?”, “Дээд амжилт тогтоохын тулд сургуулиа хаясан хүү” зэрэг гарчигтай мэдээ түгээв. Харин Купер энэхүү амжилтдаа тун даруухан хандаж, өмнөх үеийн шилдэг гүйгчид, тэр дундаа олимпын хошой аварга Н.Симмондсоос суралцдаг хэмээн өгүүлжээ.
Ийнхүү К.Луткенхаус АНУ-ын хөнгөн атлетикийн түүхэнд 800 метрийн танхимын АШТ-ий гүйлтийн шилдэг 10 амжилтын гурвыг нь өөрийн нэр дээр бичүүллээ. Мөн 18 хүртэлх нас болон 20 хүртэлх насны хөвгүүдийн дэлхийн дээд амжилтуудыг тэрбээр тогтоосон.
Түүнийг тун удахгүй дараагийн шилдэг амжилт нь хүлээж байж магадгүй. Ирэх зун Нью-Йоркт АНУ-ын насанд хүрэгчдийн АШТ болох бол Будапештэд World Athletics Ultimate Championship тэмцээн туршилтын журмаар явагдана. Тиймээс Торунь хотод АНУ-ын шилдэг гүйгчдээс өвлөж авсан ялалтын буухиагаа Купер цааш үргэлжлүүлэх нь дамжиггүй биз ээ.
Н.ЭНХ