Жил бүр болдог Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн энэ жилийн ээлжит чуулганы өмнө 19 депутатын эрхийг хасав. Тэдний ес нь армийн хүн байлаа. Эрхээ хасуулсан шалтгааныг нь хэлээгүй ч ихэнхдээ л мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой байдагт хэн хүнгүй дасал болжээ. Тэдний дотор таван генерал байгаа нь Мэдээллийн дэмжлэгийн хүчний улс төрийн комиссар Ли Вей, Хуурай замын цэргийн командлагч Ли Цяолин, Тэнгисийн цэргийн хүчний командагч байсан Шэнь Циньлун, мөн хүчний улс төрийн комиссараар ажиллаж байсан Цинь Шэнсян, Агаарын цэргийн хүчний улс төрийн комиссар асан Юй Чунфу нар аж.
Хятадад арми нь “улс доторх улс” байсаар ирсэн, цэргийнхэн олон онцгой эрх эдэлдэг. Тухайлбал, өөрийн гэсэн хувийн фирмийг тэд идэвхтэй байгуулна. БНХАУ-ын дарга харин армийн бүтцийг илүү нээлттэй болгохыг хи чээгээд хэдэн жил болж байна. Өмнөх гурван жилд Си Зиньпин өндөр албаны таван генералыг огцруулсан. Тэр дотроос Цэргийн төв Зөвлөлийн орлогч дарга Чан Юсяг баривчилсан нь олон түмнийг илүүтэй цочирдуулав. Түүнийг Хятадын удирдагчийн ойрын хамтран зүтгэгч, тэд хүүхэд байхын биенээ мэддэг гэдэг байв. Хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог армиа орчин үеийн байлдах чадвартай хүчин, 2049 он гэхэд төрийн цэргийн тэргүүлэх бүтэц болгохын тулд Ардын чөлөөлөх армидаа тус улсын эрх баригчид цэвэрлэгээ хийж байна хэмээн “The Telegraph” сонинд бичсэн байх юм. Сүү лийн үед хээл хахуулийн эсрэг чиглэсэн цэвэрлэгээ зэвсэгт хүчин рүү онилж, 2023 онд асар хүчтэй цохилт өгсөн нь Пуужингийн цэргийн командлалыг бүхэлд нь өөрчилсөн явдал юм. 2025 оны аравдугаар сард Хятадын Цэргийн комиссын хоёр гишүүнийг намаас хөөсөн хэмээн Москвагийн их сургуулийн Ази, Африкийн хүрээлэнгийн захирал Алексей Маслов дурсав. Түүний хэлснээр Си Зиньпиний хувийн эрх мэдэл бэхжиж байгаа аж. Түүний ажил албаны эхэн үе нь холбогддог Фуцянь мужаас гаралтай хүмүүсийн бүлэглэл арми дотор байдаг олон бүтцийн нэг юм байна. Эдний нөлөөг багасгахыг Хятадын удирдагч хичээж байгаа аж. Тус бүлэглэлийн олон төлөөллийг ажлаас халжээ. Хятадын удирдагчийн эсрэг хуйвалдсан юм уу, эргэлт хийх гэсэн оролдлогыг шууд нотлох баримт одоогоор байхгүй ч иймэрхүү цуурхлыг “шар хэвлэл”-үүд, түүний дотор хилийн чанадад, Тайваньд тарааж байдаг аж. Харин цэргийн орчинд өргөн цар хүрээтэй авлига байгаа гэх таамгийг үнэнд тун ойр гэж Маслов үзэж байна. Ялангуяа батлан хамгаалах зориулалттай улсын захиалгыг хуваарилах салбар болон төрөл садан, ойрын хүмүүсээ голлох албан тушаалд дэвшүүлэхэд Хятадын зэвсэгт хүчин авлигын томоохон эх үүсвэр болдог гэнэ. Цэвэрлэгээг 2027 онд хийхээр товлоод буй ХКН-ын ХХI их хуралд бэлтгэх ажилтай эх сурвалжууд холбон үзэж байна. Энэ их хурлаар боловсон хүчний томоохон халаа сэлгээ хийнэ гэж таамаглаж байгаа юм.
Судлаач, шинжээчдийн үзэж буйгаар Си Зиньпин эрх мэдлийнхээ бааз суурийг алдахгүйн тулд эхний хоёр бүрэн эрхийн хугацаанд армиараа аль болох оролдохгүй байхыг хичээжээ. Одоо тэрбээр авлигын балчигт орооцолдсон генералуудад анхаарлаа хандуулах болсон байна. Өнөөгийн байдлаар Хятадын арми орчин цагийн дайнд бэлэн биш гэж эрх баригчид нь үзэж байна хэмээн зарим шинжээч дүгнэжээ. Хятадад армийг хянаж буй хүнд эрх мэдэл нь байдаг гэдэг. Тэгвэл цэргийнхнээ тэгтлээ төвийг сахисан байр суурьтай гэж ХКН-ын удирдлага үздэггүй учраас XXI их хурал болтол үлдсэн нэг жил хагасын дотор “дээд хэсгийг нь шийдмэгхэн өөрчлөх” бодолтой байгаа гэж шинжээчид үзэж буй юм.
Төрд ажиллаж байсан хүмүүстээ тавих хяналтаа ХКН чангаруулж, тэднийг гадагш зорчихыг хязгаарлаж байна гэж “The Epoch Times” мэдээллээ. Дунд, дээд эрэмбийн ажилтнууд тэтгэвэрт гарсан байлаа ч, түүнчлэн стратегийн хувьд чухал гэгддэг салбарын албан хаагчид гадаадад явахдаа орон нутгийнхаа намын байгууллагаас зөвшөөрөл авч байх болжээ. Гадаадад явах хүмүүстээ тавих хяналтаа нам ийн чангаруулсан нь Хятадын төрийн ажилтнууд оргож зугтахыг уриалж буйг харуулсан бичлэгийг Америкийн Тагнуулын төв газар (ТТГ) олны сонор, мэлмийд удаа дараалан хүргэсэнтэй холбоотой байв. Төрийн ажилтнуудынхаа гадаад дахь хэлхээ холбоонд тавих хяналтаа Бээжин хүчтэй болгожээ. Түүнчлэн гэр бүлгүй”-ууд буюу гэргий, хүүхэд нь хилийн чанадад байдаг төрийн ажилтнуудаа удирдах албанаас системтэйгээр огцруулжээ. Энэ ажил өнгөрсөн онд эрчимтэй өрнөсөн байна. Хятадын дээд хэсгийнхний дунд “Америкийг эсэргүүцэх нь ажил, тус улсад шилжиж очих нь амьдрал” гэсэн хэллэг түгээд байгаа аж. Тайваний үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Шэнь Миншин Хятадын төрийн албан хаагчид гэр бүлийнхнээ Өрнөд рүү явуулаад байх болсон нь улс орондоо итгэл алдарсны шинж гэж ярьсан байна.
Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Чан Юсяг огцруулсан тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласны дараа Хятадын батлан хамгаалах тогтолцоо сүүлийн жилүүдэд хамгийн эмзэг үедээ орлоо гэж шинжээчид мэдэгдэж байжээ. Тайваний хоолой, Өмнөд Хятадын тэнгис болон хуурай газрын хилийн дагуу байлдааны бэлэн байдлыг дээшлүүлсэн гэхээр ямар ч дорвитой өөрчлөлт хийсэнгүй. Цэргийн төв зөвлөлд дахин хуваарилалт хийснээр харин ч байдал түгшүүртэй болсныг олон үзүүлэлт харуулжээ. Цэргийн төв зөвлөлийн гишүүдийг цөөлснөөр цэрэг командлах чадвартай хүн цөөрч, армийн дотор тодорхой бус байдал нэмэгдсэн байна. Си Зиньпин Цэргийн төв зөвлөлийн дарга ч гэлээ өөрөө цэрэг удирддаггүй аж.
ХКН хээл хахуулийн эсрэг бүх түүхийн үеийнхээ хамгийн хатуу ширүүн кампанийг эхлүүлээд, өндөр дээд албаныхан руу бүр ч эрчимтэй давшилж байна. Энэ үйлдлээ Бээжин хээл хахуулийн эсрэг эртний тэмцлийнх нь нэг хэсэг гэж буй ч цэвэрлэгээний цар хэмжээ, зорилго нь авлига руу гэхээсээ эрх мэдлийн төлөөх тэмцэл болохыг харуулж байна гэж шинжээчид үзэж буй юм. Хятадын Төрийн мэдээллийн хэрэгслийн албан ёсоор зарласнаар бол энэ он гарсаар наад зах нь өндөр албаны найман хүн мөрдөн шалгагдаж буй юм байна. Дээр өгүүлсэн Тайванийн хүрээлэнгийн нэг судлаач сэтгүүлчийн асуултад хариулахдаа генерал Чан Юсяд гаргасан хандлагыг нь авлигатай хийсэн тэмцэл гэхээсээ илүүтэй цэргийн хяналтыг хүчтэй болгоход чиглэсэн гэжээ. Чан, Си хоёр цэргийн ажил, асуудлаар удаан хугацаанд холбоотон гэгдэж байсан ч стратегийн асуудлаар ялангуяа Тайванийн хувьд таарч тохирохоо больжээ. Хятадын ардын чөлөөлөх армийг 2027 онд Тайвань руу довтлох чадвартай болсон байхыг Си дарга шаарддаг, үүнийг нь Чан бүрэн зөвшөөрдөггүй байж.
Америкийн цэргийн шинжээч “Youtube” сувгийн хөтлөгч Марк Цао “Цэвэрлэгээ ер бусын хурдан хэмнэлтэй явж буй нь ХХI их хурлаар өөрийн бүрэн эрхийн хугацааг сунгахад Си дарга бэлтгэж буйн нотолгоо” хэмээн “The Epoch times” сонины сэтгүүлчид хэлсэн байх юм. Тэгэхдээ энэ цэвэрлэгээ намын дотоодод үзэл суртлын хагарал талцал байгаагийн тусгал хэмээн тэрбээр анхааруулжээ. Төрийн олон залуу зүтгэлтэн өөрчлөлт, нээлттэй байдлын үед төлөвшсөн болохоор тэдний сэтгэлгээ намаа үзэл суртлын хатуу чиглэл рүү эргүүлэх гэсэн Си Зиньпинээс үндсээрээ ялгаатай болжээ хэмээн Цао онцлов.
Зэвсэгт хүчиндээ хийж буй алхмуудын үр дагавар ноцтой байж мэднэ. Чан, Лю нараас гадна 2022 онд Коммунист намын ХХ их хурлын дараа нийтдээ 15 генералыг албанаас нь халсан байна. Өөр 20 генерал олон түмний нүдэнд харагдахаа больжээ. Дээр дурдсан хүрээлэнгийн эрдэм шинжилгээний өөр нэг ажилтан Су Цыюний хэлснээр бол цэргийн олон албан тушаал сул байгаагаас удирдлагад орон зай бий болсон аж. Олон генерал одоо мөрдөн шалгагдаж буй хийгээд олон түмний хараанаас гарчихаад байгаа нь зэвсэгт хүчний командлалын бүтцэд илэрхий зөрчил бий болж, энэ нь үүрэг зорилгоо биелүүлэх үед шуурхай ажиллагааны боломжийг хязгаарлахад хүрч байгаа аж. Ченчи их сургуулийн профессор Коу нэгдүгээр сарын 30-нд Тайваньд болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр цэргийн байгууллагад хийж буй цэвэрлэгээ зэвсэгт хүч ний дотор төдийгүй намын дээд хэсгийнхний дунд ч сэтгэл дундуур байдал бий болгож, цаг хугацаа өнгөрөх тусам Си Зиньпин улам бүр тусгаарлагдаж байна гэж хэлжээ.
Р.Жаргалант