Ормузын хоолойгоор хөлөг онгоц зорчуулахад тавьсан хориг саадаа цуцлахгүй бол хоёр хоногийн дараа Ираны бүх цахилгаан станцыг устгана гэж Дональд Трамп сүрдүүлсэн. Персийн булангийн нефть, хийн гол улс болох Эмират, Катар, Кувейт, Бахрейн, Саудын Араб энэ сүрдүүлэгт өртөхөөр байв. Харк арал гэж тусдаа Вашингтоны араанд зуугдсан бас нэг газар байлаа. Ираны нефтийн гол хэсэг нь үүгээр гадагш гардаг учраас тэнд цохилт өгвөл Исламын БНУын орлогын хамгийн мэдрэмтгий цэгийг доргиох юм.
Ормузын хоолойгоор нефть зөөх хөлгүүдийг саадгүй нэвтрүүлж, эрчим хүчний зах зээлийг тогтвортой болгох аюулгүй байдлыг хангахад Британи, Франц, Герман, Итали, Нидерланд, Япон улс туслахад бэлэн гэдгийг энэ сарын 19-нд “Reuters” зарласан байдаг. Энэ нь өнгөц харахад тэнгисийн аюулгүй байдал, эрчим хүчний тогтвортой байдлын тухай ярьж буй мэт ч үнэн хэрэгтээ АНУ хийгээд түүний холбоотнуудыг дэмжиж байгаа улс төрийн үйл ажиллагаа байлаа. Европын Холбооны дипломат бодлогын тэргүүлэгч Кая Каллас Ираны сайдтай дайн хийгээд Ормузын хоолойг нээх сэдвээр ярилцсан нь энэ үйл явдалд Европ үзэгч төдий байхыг хүсэхгүй байгаагийн илрэл болов. Волгоградын цэргийн шинжээч Антон Щепетинов Иран руу АНУ бүрэн хэмжээний довтолгоон хийх нь магадлал багатай, харин Ормузын эрэг дагуу хуурай газраар ажиллагаа явуулж болзошгүй, ядаж ийм оролдлого хийхийг үгүйсгэхгүй гэж хэлж байв.
Трампын сүрдүүлгийг дипломат алхам биш, харин дараачийн алхмын дохио, асуудал Ираны эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдөхөд биш, Америк хүч чадлаа харуулах тоглолтоо бүрмөсөн зогсоож, Ормузын хоолой хоёр дахь Вьетнам болох вий гэж шинжээч таамаглаж байв. Тэгвэл Трамп эхний сүрдүүлгээ хойшлуулж, Иранд тав хоногийн хугацаа өгөв.