БНХАУ-ын Янжөү хотод болсон олон улсын хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнд Монголоос хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад эрэгтэйчүүдээс Б.СэрОд, Г.Бат-Эрдэнэ О.Нацагдорж, эмэгтэйчүүдээс Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа, Б.Номин нар оролцов. Тэднээс Г.Хишигсайхан хүрэлмедаль хүртлээ. Тэрбээр өмнө нь тус улсын Чэндү хотод 2024 онд болсон “Chengdu marathon” олон улсын эмэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафонд хурд сорьж түрүүлсэн юм. Дотооддоо хагас марафон 21.095 км-ийн зайд улсын дээд амжилт эзэмшдэг тэрбээр Японд өнгөрсөн жил зохион байгуулсан хөнгөн атлетикийн “Токио-2025” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн марафоны 42 км-т 25 дугаар байрт шалгарч байв. Түүний амжилт Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас ДАШТ-д гаргасан хамгийн өндөр ололт болсон билээ. Тэгвэл эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Б.Сэр-Од IV байрт шалгарчээ.