УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үүнтэй холбогдуулан Гадаадын хөрөнгө оруулалтын, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, Ашигт малтмалын, Цөмийн энергийн зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Уг хуулийг дэмжих, эсэргүүцэх элдэв байр суурийг гишүүд илэрхийлж буй юм. Тухайлбал, стратегийн салбарт гаднын хөрөнгө оруулагчдын оролцоог хязгаарласнаар улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө хэмээн Э.Бат-Үүл үзэв. Уг хуулийн төслийг С.Бямбацогт, Н.Батбаяр, Г.Занданшатар тэргүүтэй гишүүд санаачилсан юм. Сонгууль дөхсөн үед энэ асуудлыг хөндлөө гэх хардлага байгаа аж. С.Бямбацогт үүнд “Энэ хуулийг одоо гэнэт ярьж байгаа юм биш. 2009 онд анх төслөө боловсруулж, Засгийн газраас санал авсан.
2010 онд өргөн барьж, 2011 оны дөрөвдүгээр сард УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдсэн юм. Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд төсөл дээр ажилласан. Тиймээс ямар нэг компанийн эрх ашигт зориулсан хууль биш шүү” гэсэн юм. Төслийн анхны хувилбарт гаднын хөрөнгө оруулалтыг хязгаарлах салбарын хүрээ маш өргөн байжээ. Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийнхэн хэлэлцээд үүнийг зөвхөн эрдэс баялаг, банк санхүү, мэдээлэл харилцааны салбарт хамаарахаар болгож хумисан юм. Мөн энэ ангилалд нэмж оруулах салбар байвал тухайн үед нь УИХ шийднэ гэсэн заалт оруулжээ. Хамаарах салбарын хүрээг хумих болсноо Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд “Гаднын хөрөнгө оруулагч оролцуулахгүйгээр өөрсдөө бүхнийг хийж чадах салбар мөн үү гэдгийг харгалзсан. Боловсон хүчин, техник технологийн хувьд ийм боломж бүрдээгүй байгаа учраас дээрх гурван салбарыг л онцолсон юм” хэмээн тайлбарлалаа.
Гишүүн Ц.Батбаяр “Монголчууд өөрсдөө бүгдийг хийж чадна. Тиймээс үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй” гэсэн байр суурьтай байв. Ц.Сэдванчиг: -Энэ гурван салбарт одоогийн байдлаар гаднын хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хувь хэмжээ хэд байна вэ. Мөн тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Оюутолгой, Гашуунсухайт гэх мэт газар бий. Эдгээр ордод хөрөнгө оруулж буй компанид энэ хууль хамаарах юм уу? Н.Энхболд: -Энэ хуулийн дагуу дээрх гурван салбарт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гаднын хөрөнгө оруулагч 15-49 хувийг нь эзэмших бол Засгийн газраас, 51-ээс дээш хувийг сонирхож буй нөхцөлд УИХ-аас зөвшөөрөл авдаг байхаар зохицуулсан. Өмнө нь бид хууль баталж, зарим компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Өөрсдөө урьж авчирсан хөрөнгө оруулагчидтай гэрээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлчихээд одоо “Шинэ хуулиар энэ бүх нөхцөлөө өөрчилнө” гэх нь миний хувьд боломжгүй.
Энэ талаар чуулган дээр сайн ярилцах байх. Г.Занданшатар: -Стратегийн 20 гаруй салбарт гаднын хөрөнгө оруулагчдыг хязгаарласан ОХУ, Япон, БНХАУ, Саудын Араб гэх мэт дэлхийн олон улс бий. Ийм жишиг олон улсад байдаг гэсэн үг. Бид энэ хуулиар гаднын хөрөнгө оруулалтыг хаах, боох гээгүй. Зөвхөн манай хашаанд үйл ажиллагаа явуулахыг хүссэн бол эзнээс нь зөвшөөрөл авах ёстой гэсэн зохицуулалт л хийсэн юм. Одоогоор гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай 277, хамтарсан 237 компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг задалбал эрдэс баялгийн салбарт гаднын 100 хувь хөрөнгө оруулалттай компаниас 350 тэрбум, хамтарснаас 408 тэрбум төгрөгийн санхүүжилтийг манай улсад хийжээ. Ашигт малтмалын салбарт 100 хувь гаднын компаниас 324 тэрбум, хамтарснаас нь 350 тэрбум төгрөг манайд оруулсан байна. Ц.Сэдванчиг гишүүн “Уул уурхай, эрдэс баялгийн болон банк санхүүгийн салбарт л гаднын хөрөнгө оруулагчид илүү түлхүү байгаа. Тиймээс энэ салбарын хэдэн хувьд гаднын компаниуд байгааг мэдэх нь чухал” гэж хэлсэн ч асуултдаа бүрэн хариулт авч чадсангүй.
С.ТУУЛ