Хилийн чанадад манай улсын 130 гаруй мянган иргэн бий гэсэн албан бус тоо байдаг. Гэвч тэднээс ердөө 35 мянган хүн л шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Гадаадад ажиллаж, амьдардаг иргэд энэ жил анх удаа хилийн чанадаас сонгуулийн эрхээ эдэлнэ. Сонгуулийн тухай шинэчилсэн хуулиар ийм боломж олгосон юм. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад амьдарч байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журмыг ГХЯ-наас батлан мөрдөж эхэлсэн. Улмаар санал өгөх иргэд маань тухайн орныхоо Дипломат төлөөлөгчийн газарт энэ сарын 11-нээс бүртгүүлж эхэлсэн байна. Бүртгэл энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ. Энэ ажлыг зохион байгуулах комиссыг ГХЯны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг ахалж буй.
Дипломат төлөөлөгчийн 39 газарт салбар комиссыг байгуулжээ. Гадаадад буй иргэдийн саналыг санал хураахаас 15-аас доошгүй хоногийн өмнө авахаар хуульд заасан. Тиймээс харьд байгаа иргэд маань зургаадугаар сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар 07-20 цагт Дипломат төлөөлөгчийн газартаа очиж санал өгөх юм. Ингэхдээ иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортоо ашиглаж болох гэнэ. Дипломат төлөөлөгчийн газаргүй оронд амьдарч буй иргэдийн тухайд хэрэг болгон “аянд” гарахыг хүсвэл санал өгөх боломжтой юм байна.
ТЭДНИЙ САНАЛЫН НУУЦЛАЛЫГ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ
ГХЯ, СЕХ хамтран дээрх журмыг баталсан. Анх удаа гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах гэж буй учир зохион байгуулалт дээр алдаа гаргаж болохгүй. Уг ажлыг зохион байгуулах комиссоос салбар комисс байгуулсан улс бүр рүү нэг хүнээ илгээсэн гэх мэдээлэл бий. Тэр хүн нь очиж ажлыг төвхнүүлж өгөх юм биз. Хэдийгээр энэ мэтээр санаа тавьж буй ч иргэдийн саналын нууцлалыг хэрхэн хангах, дундуур нь “хар муур” гүйхгүй гэсэн баталгаа байна уу гэдэгт санаа зовох хүн олон. Олон намын ажиглагч тойрч суугаад байгаа атал л луйвар булхай гараад байдаг хойно. Тэгвэл одоо бүр хилийн чанадад, дэлхийгээр нэг тарсан монголчуудынхаа саналыг авахад будлиан орохгүй гэдгийг яаж хянах юм бол.
Гадаадад байгаа иргэдээ бүртгэж буй нь санал давхцах, гээгдэх болон бусад будлиан үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ. Мөн ГХЯныхан өнгөрсөн баасан гаригт хэв лэлийнхэнд мэдээлэл хийж, нууцлалыг сайн хамгаал на гэдгээ мэдэгдэв. Харьд байгаа иргэд маань зөвхөн намын төлөө саналаа өгнө. Саналын хуудсаа тусгай дугтуйд хийж битүүмжлээд хайрцагт хийх юм байна. Ингээд санал авч дууссан даруйд битүүмжилсэн хайрцгийг СЕХ руу илгээх учиртай. Зургаадугаар сарын 28-нд санал хурааж дуусаад хуудсыг төхөөрөмжөөр тоолох хүртэл түүнийг задлах ёсгүй. Хамт тоолно гэсэн үг. Хэрэв энэ битүүмжлэл хангалтгүй санагдаж байгаа бол нам, эвслүүд өөрийн ажиглагчаа хилийн чанад руу илгээж, санал хураах явцыг ажиглах эрхийг олгожээ. Гэхдээ улс орон бүр рүү хүнээ илгээгээд байх баян нам хэд байгаа нь эргэлзээтэй.
СУРТАЛЧИЛГАА ХИЛ ДАВАХГҮЙ
Сонгуульд оролцохоор болсон 11 нам, хоёр эвсэл гагцхүү цахим орчинд л сурталчилгаа хийх боломжтой. Түүнээс тухайн улс оронд очоод “Манай намыг дэмжээрэй” гээд явах ёсгүй. Үүнийг хоригложээ. Тиймээс харьд байгаа иргэд маань интернэтээс аль нам нь юу хийж, бүтээхээр амлаж байгааг, хаанаас нь ямар хүн нэр дэвших тухай мэдээлэл авах нь. Намууд мэдээж өөрийнхөө давуу талыг дөвийлгөх сурталчилгаа цацах нь мэдээж. Гэхдээ дэлхий хавтгайрсан энэ цаг үед орон зайнаас үл хамаараад тэд бүх л мэдээллийг цаг алдалгүй авч байгаа учир хувийн сонголтоо хөндлөнгийн нөлөөгүйгээр хийнэ. Харин ч бүр “Чамд мөнгө өгье, намайг дэмжээрэй” гэх асуудал гарахгүй биз ээ.
С.ТУУЛ