Өнгөрсөн долоо хоног Орос орны хувьд томоохон үйл явдлаар дүүрэн байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний
тангараг өргөх ёслол болж, дэлхийн хоёрдугаар дайнд Оросын ард түмэн ялсны 67 жилийн ой тохиов. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Васильевич Самойленкотой ярилцлаа.
-В.В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон явдал дэлхий дахины анхаарлын төвд байна. Энэ удаа юу хийж амжуулахаар төлөвлөсөн, түүнд Оросын ард түмэн итгэл үзүүлэх ямар учир шалтгаан байв?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг улс орон даяар зарласны дараах болон В.В.Путин тангаргаа өргөсөн ёслолын дараах үйл явцууд Оросын улс төрийн талбарт эрч хүчийг сэлбэж, ард түмний зүгээс маш их дэмжлэг, ирээдүйг өөдрөгөөр харах шинэ хүлээлт бүхий сэтгэл зүй нийгэмд бий болсон нь ажиглагдаж байгаад би хувьдаа баяртай байгаа. Ерөнхийлөгч В.Путин тангараг өргөснийхөө маргааш буюу тавдугаар сарын 8-нд Д.Медведевийг Засгийн газрын тэргүүнд дэвшүүлснийг Дум баталлаа шүү дээ.
Одоо Ерөнхий сайд өөрийнхөө танхимыг бүрдүүлэх гэж байна. Ерөнхийлөгч В.Путин бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх ажлаа эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, гадаад харилцаа, улс төр гээд улс орны бүхий л салбарыг багтаасан долоон заалт бүхий маш тодорхой болон илүү нарийвчилсан хөтөлбөрөөр илэрхийлсэн. Зарим шүүмжлэгчид В.Путиний амлалтыг сонсчихоод “Тэгвэл урьд нь Ерөнхийлөгч байхдаа ч юм уу, дараа нь Ерөнхий сайд болоод үүнийгээ хийхгүй яасан юм” гэж асууж байгаа. Миний бодлоор энэ асуултын хариулт оросуудад бол үнэмшилтэй сонсогддог. Юу гэвэл, тэр үед нөхцөл нь хараахан бүрдээгүй байсан юм.
Орос орон үнэн хэрэгтээ сүүлийн хэдхэн жилд маш их хүчирхэгжиж байна шүү дээ. Улс төрийн тавцанд В.Путиний бодлого ухаалаг байсан нь эдийн засаг хурдацтай өсөх гол шалтгаан болсоор ирсэн. Дэлхийн улс орнуудад нүүрлээд байсан хямралыг ОХУ хүндрэлгүй шахам даван туулж, инфляцын түвшин анх удаа зургаагаас доош хувьтай гарлаа. Экспортоос хараат байдлыг арилгаж нефть, хийн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого авч хэрэгжүүлсэн нь амжилт олж байна. Нэг жишээ хэлэхэд Москва орчимд Сколковын шинжлэх ухаан, техникийн төвд орчин үеийн, хамгийн дэвшилт технологи хэрэглэдэг боллоо. ОХУ-ын алт, валютын нөөц 500 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх бүрэн боломжтой болсон. Тиймээс оросууд одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд сэтгэл хангалуун, ирээдүйд итгэл дүүрэн байгаа юм.
-Оросуудыг санхүүгийн хувьд хүчирхэг болсон гэж шуугидаггүй шүү дээ?
-Харин оросуудыг мөнгөгүй гэж ярьж, бичээд байдаг нь инээдтэй хэрэг юм шүү. Бид ашигтай төсөлд бол хөрөнгө оруулах чадамжтай. Оросын компаниуд одоо дэлхий даяар, тухайлбал Өмнөд Африкт ч, Хойд Америкт, Австралид ч уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах болсон шүү дээ.
-Барууны хэвлэлүүд В.Путиний бодлогыг тандан хэлэлцэж байгааг та бүхэн анхаарч л байгаа байх. Олон улсын харилцаанд ОХУ-ын баримтлах байр суурийг В.Путин бүрэн эрхийнхээ хугацаанд хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Орос орон түүхийнхээ хүнд үеийг ардаа орхисон. Энэ нь дэлхийн эдийн засаг болоод олон улсын хамтын нийгэмлэг дэх ОХУ-ын байр суурийг бэхжүүлэх, үндэсний эрх ашгаа чандлан хамгаалах В.Путиний боломжийг улам өргөн болгож байгаа юм. Манай улс бүх оронтой сайн харилцаатай, стратегийн түншлэл бүхий хэд хэдэн улс бий. Түүнчлэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Бид ТУХН-ийг дэмждэг. Беларусь, Казахстантай Гаалийн холбоо байгууллаа. ОХУ Европын холбооны замналаар, үндэстнүүдийг нэгтгэх замаар хөгжих бодлогыг баримталж байна.
-ОХУ бүс нутагтаа лидер нь байх онцгой амбийцаар бусдад ханддаг байсан шүү дээ. Одоо бол хамтын ажиллагааг эрхэмлэх чиглэлийг баримтлах болжээ гэж ойлгож болох нь ээ?
-Зөвлөлтийн үед бол Холбооны улсуудын суурь нь нэг байсан учраас нөхцөл байдал өөр байж. ЗХУ задран унаснаас хойш Оросын өмнө тулгарсан дотоодын бэрхшээл нь хангалттай их байлаа, түүнийгээ одоо л дөнгөж даван туулж байна шүү дээ. Харин одоо Зөвлөлтийн холбоонд байсан улсууд Оростой хамтарч байж эдийн засгаа үр өгөөжтэйгөөр хөгжүүлэх юм байна гэдгийг ойлгож байна. Тиймээс Зөвлөлт гүрэн оршин тогтнож байсан орон зайд аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, түншлэлийн харилцаа зайлшгүй чухал болж байгаа юм.
-Ерөнхийлөгч В.Путин хөрш орнуудад чиглэсэн ямар бодлого баримтлах бол. Тухайлбал, Монгол Улстай харилцах, хамтран ажиллах чиглэлд ямар нэг шинэ байр суурь гарах болов уу. Манай хоёр улсын хамтын ажиллагаанд үр ашигтай байх салбаруудын талаар ярихгүй юу?
-ОХУ-ын хувьд шууд хиллэдэг улс орнуудтайгаа сайн харилцаатай байж, хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Манай улстай хамгийн урт хилээр хиллэдэг хөрш бол Казахстан, удаах нь Хятад, тэгээд Монгол. Бид БНХАУ-тай хамтран эдийн засгийн салбарт олон тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлж байна. Монгол Улс бол Оросын хувьд онцгой хөрш, бид зөвхөн хилээр бус, эртний түүхээр холбогдсон. Түүхэнд 1921 оны ардын хувьсгал, түүний дараах социализмын бүтээн байгуулалтад хамтарсан он жилүүдээр нь Орос, Монголын харилцааг тэмдэглэдэг боловч, угтаа 1911 онд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд тухайн үеийн Орос орны гүйцэтгэсэн үүрэг тод мөр үлдээсэн байдаг юм билээ.
Өнгөрсөн онд, Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жил гэхчлэн хамтын ажиллагаа эхлүүлсний маш олон ой тохиосон нэгэн жил болж өнгөрлөө шүү дээ. ОХУ-ын хувьд 3.5 мянган километр газраар хиллэдэг Монгол Улс бол чухал хөрш. Тиймээс эдийн засгийн өндөр хөгжилтэй, улс төрийн хувьд тогтвортой Монгол Улсыг бид хүсдэг. Ийм байж гэмээнэ манай улсын хил амгалан оршино. Орос, Монголын хамтын ажиллагаа нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л салбарт өргөн цар хүрээтэй хөгжиж байна. Боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны харилцааны сайхан уламжлалыг бид хадгалж ирлээ. Монголын хүүхэд, залуусыг ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрөө бид эдийн засгийн хүнд хэцүү үед ч тасалж байсангүй. Одоо суралцагсдын тоо улам өссөөр байгаа. Орос, Монголын эрдэм шин жилгээний баг Ноён уулын булшинд малтлага хийж, эд өлгийн зүйлс олсон. Эдгээрийг Оросын эрдэмтэд өнгөрсөн жил шинжлэн судлаад хүн төрөлхтний түүхэнд шинэ нээлт болох хивс байгааг зарласан. Тэд энэ хивсийг сэргээн засварласны дараа Монголын талд хүлээлгэн өгсөн.
Хоёр орны харилцааны цааш дын чиг хандлагыг тодорхойлоход манай хоёр улсын хамтран байгуулсан гурван том үйлдвэрийн талаар эхний ээлжинд ярих хэрэгтэй болно. “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын жилийн төсвийн 40 хүртэлх хувийг бүрдүүлж байна. Тус үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Оросын тал хувь эзэмшлээ 2009 онд төрийн өмчит “Ростехнологи” корпорацид шилж үүлснээр хүдэр олборлох болон хүдрээс металл шүүх хэмжээ эрс өссөн. СанктПетер бургт боловсруулсан хамгийн сүүлийн үеийн техник технологиор шинэчилсэн нь үйлдвэрийн орлогыг 30 хувиар нэмэгдүүлж, удаан хугацааны хүнд байдлын дараа Оросын тал ашиг хүртэж эхлээд байгаа. Үйлдвэрийн 6000 гаруй ажилтан, ажилчдын цалин хөлс нэмэгдлээ. Эдгээрийн 300 нь ТУХН-ийн орнуудын мэргэжилтнүүд юм. “Эрдэнэт”- ийн ашиг орлого цаашид өсөх хандлагатай болсон.
Орос, Монголын хамтарсан “Монголросцветмет” хайлуур жоншны үйлдвэр байна. Оросын талын хувь эзэмшигч нь “Ростехнологи”. Энэ үйлдвэр мөн л эдийн засгийн хүнд хэцүү үеийг ардаа орхиод тун удаагүй байна. “Улаанбаатар төмөр зам” гэхэд л 1949 онд байгуулагдсан нийгэмлэг шүү дээ. Гэтэл дөнгөж 2011 оноос л ашигтай ажиллаж эхэлсэн. “Улаанбаатарын төмөр зам” Монголын хэрэглэгчдэд нэн чухал бараа, бүтээгдэхүүнийг өөрийн өртгөөс маш хямд үнээр тээвэрлэж байгаа. Тухайлбал, нүүрсний тээвэр гэхэд 60 хувиар хямд тарифтай. Нүүрсний тээвэр хямд байж гэмээнэ цахилгаан, дулааны үнэ Монголын хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцэх болно шүү дээ. Энэ бол Монголын эдийн засгийн чухал элемент.
-“Улаанбаатар төмөр зам” байгуулагдсан цагаас хойш Оросын тал 62 жилийн туршид огт ашиг хүртэж үзээгүй гэж үү?
-Бид ямар ч ашиггүй ажиллаж ирсэн. Харин транзит тээврийн тариф өөр, бид тэндээс ашиг хүртдэг. Гэхдээ Орос, Монголын хамтарсан төмөр замын компанид бизнесийн сайхан ирээдүй бий гэдэгт итгэлтэй байдаг шүү. Орос, Монголын мэр гэжилтн үүд “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэтгэх хоёр тэрбум ам.долларын маш том хөтөлбөр боловсруулаад байгаа. Энэ төсөл хэрэгжвэл хүнд даацын чингэлгүүд, вагоны тоог нэмэгдүүлэхээс гадна, хоёр дахь төмөр зам тавигдах юм. Төмөр замыг орчин үеийн дохиолол, харилцаа холбооны системээр тоноглох гээд иж бүрэн шинэтгэлийн хөтөлбөр бэлэн болсон юм билээ. Энд нэг зүйлийг онцлоход, В.Путин Ерөнхий сайд байхдаа уг төслийг санаачлагчдын нэг нь байсан. Тэрбээр энэ компанийн хүчин чадлыг сайжруулах, шинэ төмөр зам тавих Орос, Мон голын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээнд биечлэн оролцож, өөрөө энэ ажлыг тохирч явсан хүн. Одоо В.Путин Ерөнхийлөгч болсон учраас энэ төслийг өөрөө санаачилж, цаг хугацаа, хөлс хүчээ зориулсны хувьд ямар их анхаарал хандуулах нь тодорхой.
-Орхон аймгийн иргэд “Зэс эрдэнийн хувь” нэртэй хөдөлгөөн байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлыг дахин ашиглах хүсэлт тавиад байгаа. Энэ хөдөлгөөнийг Оросын тал юу гэж үзэж байгаа бол?
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг Оросын тал нийт ашиг орлогоос ердөө долоон хувийг хүртдэг юм шүү дээ. Монголын тал 93 хувь нь ногддог. Орхон аймгийн иргэдийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг орлогоос чамгүй хүртдэг гэж би ойлгодог. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ гээд бүгд “Эрдэнэт”-ийн зардлаар иргэдэд үнэ төлбөргүй хүрдэг шүү дээ. Иргэд үйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулъя гэж байгаа талаар би сонссон. Хаягдал болон түүнийг хэрхэн ашиглах нь үйлдвэрийн асуудал.
-ОХУ ашигт малтмалын арвин баялаг түүхтэй, олон жилийн туршлагатайн хувьд манай оронд болж буй уул уурхайн “тэсрэлтийг” хөндлөнгөөс зүгээр нэг ажаад суудаггүй нь мэдээж. Ах дүүгийн барилдлагатай олон жил хамтдаа замнасны хувьд ч, хөрш орны зүгээс ч Монголын уул уурхайн өнөөгийн үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Монгол орон байгалийн баялагтай улс. Манай Сибирийн нөөцтэй харьцуулж болох их баялаг танайд бий. Оросууд яагаад Монголын байгалийн баялгийг сонирхож ирэв ээ гэвэл, хөршөө хөгжүүлэх бодлого байсан. Тийм ч учраас Монголын эдийн засгийн хөшүүрэг болгохын тулд “Эрдэнэт”-ийг 1976 онд байгуулж байв. Одоо ч Монголд хөрөнгө оруулахад бид бэлэн. Тухайлбал, Тавантолгойн орд байна. Харин тодорхойгүй нөхцөл биднийг угтах болсон. Тэнд ер нь юу болоод, яах гээд байгаа нь маш ойлгомжгүй. Миний ойлгож байгаагаар бол, УИХ-ын сонгуулийн дараа шийд гарах бололтой. Оросын тал Тавантолгойн ордод бүхлээр нь, эсвэл тодорхой хэсэгт хөрөнгө оруулахад бэлэн байгаа. Хөрөнгө оруулагч, хөрөнгө хүлээн авагч талуудын ашиг сонирхол нийлж байж тухайн төсөл хэрэгжинэ. Хэрэв зөрчилдвөл юу ч бүтэхгүй гэсэн дүрмээр л дэлхий ертөнц хөгжиж байна шүү дээ.
Монголын уул уурхайн салбарын алдаа, оноотой өнөөгийн хөгжлийн явцыг ажиглаж л сууна. Би Элчин сайдын хувьд биш, олон жил эдийн засгийн салбарт ажилласан хүний хувьд ярья л даа. Монголд татварын муугүй орчинтой. Хамгийн том бэрхшээл нь хууль эрх зүйн орчиндоо байх шиг. Хуулиуд хоорондоо зөрчилдөх нь олонтаа. Нэг хуулиар зөвшөөрөх ч, нөгөө хуулиар хориглох “цоорхой”-г овжин хүмүүс ашиглах боломжтой. Түүнчлэн хуулиа хэтэрхий хурдан өөрчилж байна. Тохиолдол бүрт зориулан хуулиа өөрчлөхийг ч харлаа. Хөрөнгө оруулагчийн хувьд өнөөдрийн хууль дүрэм хэр тогтвортой үйлчлэх бол гэдэг маш чухал шүү дээ. Маргааш юу болохыг мэдэхгүйгээр мөнгө зарах эрсдэлийг хэрийн бизнесмэн гаргахгүй л дээ. Тиймээс ойлгомжтой, тогтвортой хуультай байх нь уул уурхайн салбараа хөгжүүлэхэд тун их тус болох болов уу.
-Тавантолгойн нүүрсний ордын Баруун Цанхийн хэсэгт хөрөнгө оруулах олон улсын консерциумд “Оросын төмөр зам” нэгтгэл шалгарсан. Гэвч хэлэлцээ мухардмал байдалд орсон учраас мэдээлэл тун хомс байгаа. Оросын талын байр суурийн талаар танд ямар тодорхой мэдээлэл байгаа вэ?
-Оросын нүүрсний нөөцийг Монголынхтой харьцуулбал манайх хамаагүй их шүү дээ. ОХУ-ын эдийн засагт нүүрсний олборлолт, экспортын эзлэх хэмжээ ч нүсэр. Тэгээд бид яагаад Монголын нүүрсийг сонирхоод байгаа юм бэ гэвэл, Та вантолгойн асуудал үү сэхээс өмнө манай хоёр улсын хооронд шинэ тө мөр зам тавих тохироо бүрд чихсэн байсан. Тиймээс Оросын тал шинэ төмөр зам та вихад зарцуулах хөрөнгийг Тавантолгой төслөөс босгохыг сонирхож байгаа юм.
-Оросын компаниар ахлуулсан Япон, Солонгосын консерциумд ногдсон 18 хувийг хэрхэн ойлгож байгаа вэ?
-Анх 2009 онд тендер зар лахад Оросын тал буюу “Оросын төмөр зам” нэгтгэл Японы дөрөв, Солонгосын долоон компанитай хамтран консерциум байгуулж оролцсон. Гэтэл Монголын Засгийн газар Тавантолгойг Баруун, Зүүн Цанхи гэж хувааж орхисон. Тэгээд тендерийн дүнг Засгийн газар урьдчилан мэдээлэхэд гадаадын гурван талыг сонгосон нь Америкийн “Пибоди”, Хятадын “Шинхуа”, Оросын консерциум байлаа. Хэвлэлүүд ч шуугиж эхэлсэн. Оросын тал Тавантолгойг бүхэл орд гэж ойлгож, олон улсын консерциум байгуулан тендерт нь оролцсон гэдгийг онцолъё. Одоо сонгуулийн дараа нэг шийдэл гаргах биз дээ.
-Асгатын ордод үүссэн нөхцөл байдал, “Алтан Дорнод” компанийн маргаан гээд хоёр талын хооронд үл ойлголцол гарсаар байдгийг Та юутай холбон үздэг вэ?
-Би дээр хэлсэн дээ, эдгээр үл ойлголцол нөгөө л хууль, улс төрийн тогтворгүй орчноос үүдэлтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 2006 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр Асгатын талаар хэлэлцээд, Оросын “Полиметал” компанитай хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурсан. Гэтэл нэг сарын дараа Асгатыг стратегийн орд гэж зарлаж, гадаадын хувь эзэмшлийг 49 хувиас доош байхаар хуульчилсан. Тэгээд л “Полиметал” энэ хуулийн дагуу ажиллахыг ашиггүй гэж үзсэн. Энэ ордыг Оросын геологчид хайж олсон байдаг. Тогтоц нь бас их сонирхолтой. Хүдрийн биетийн тал нь Монголын газар нутагт, тал нь Оросын нутагт байршилтай. Монголын талаас 50 хувийн хөрөнгөө гаргавал “Полиметал” ажиллах л байсан байх. Маш баялаг боловч олборлоход нэн хүнд нөхцөлтэй орд шүү дээ. Зам харгуй, дэд бүтцийг нь барих зэрэг эхний ээлжийн хөрөнгө оруулалтад 30 тэрбум ам.доллар шаардлагатай гэж би сонссон. Энэ чинь Монгол Улсын ДНБ-ээс хоёр дахин их тоо. “Алтан Дорнод” компани Монголоос нэг ч грамм алт авч гараагүй. Энэ компани миний бодлоор сайн ажиллагаатай, Монголд ч өгөөжтэй компани байлаа. Гэнэтийн ашгийн татварыг 68 хувиар тогтоосон хууль гэнэт батлагдсанаар үү нээс өмнө хоёр улсын Засгийн газар хооронд бай гуулсан гэрээ ний дагуу ажил лаж бай сан тус компани буруутсан. “Алтан Дорнод” жил бүр олборлосон бүх алтаа Монголбанкинд тушааж байсан.
Харин зарим орны хөрөнгө оруу лалттай компаниуд олборлосон алтаа тэр чигээр нь аваад гардгийг бид мэднэ. Монголбанкинд 2007 онд 22 тонн гаруй алт хуримтлагдсаны 4.5 тонн нь “Алтан Дорнод”- ынх байсан шүү дээ. Тэд 68 хувийнхаас бусад бүх татварыг төлөхийг зөвшөөрч байсан боловч хууль зөрчлөө гээд үүд хаалгыг нь хаахад хүрсэн. “Бороо гоулд” 68 хувийн татвар төлөөгүй байхад яагаад “Алтан Дорнод” төлөх ёстой гэж? Харин одоо Монгол Улс жилд долоо хүрэхтэй үгүйтэй тонн алт олборлож байгаа биз дээ.
-Та манай улсын нэн шинэ түүхийн эгзэгтэй үед хойд их хөршийг төлөөлөн ажиллаж байна. Танд орчин цагийн Монгол орны аж амьдрал, ажил төрөл сонирхолтой санагддаг уу, эсвэл хачирхалтай харагддаг уу?
-Монголын маргааш ямар байхыг өнөөдрийн өдрүүдэд шийдэж байгаа учраас нэн хариуцлагатай үе л дээ. Миний зүгээс ямар нэг тайлбар хэлмээргүй байна. ОХУ “Улаанбаатар төмөр зам” компанийг шинэтгэх, Таван толгой төсөлд оролцох зорилгоор “Дэд бүтцийн хөгжил” хэмээх компанийг тусгайлан байгуулсан. Энэ шийдвэрийг ОХУ-ын Ерөн хийлөгч Д.Медведев, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын байгуулсан Стратегийн түншлэлийн тунхагийн хүрээнд гаргасан. Уг нь энэ компани Монголын эдийн засагт хөрөнгө оруулах Оросын талын хүчирхэг зэмсэг болох байлаа. Одоо харин ирээдүй нь бүрхэг болж байх шиг. Гэхдээ Монголын уул уурхайн салбарт сайхан ирээдүй байгаа гэдэгт найдаж байна. Тэгэхээр бидэнд харилцан үр ашигтай хамтын ажиллагаа зайлшгүй болов уу.
-Таны намтрыг уншиж байгаад Таныг Будапештад төрснийг олж мэдсэн юм. Та магадгүй удам дамжсан дипломатч уу?
-Үгүй дээ, манайханд дипломатчийн удам байгаагүй. Би чинь багшийн хүүхэд. Аав маань 18 настайдаа дунд сургуулийн захирал хийж байсан гэдэг. Тэгээд дэлхийн II дайнд явж байлдаад, Будапештийг чөлөөлөлцсөн. Тэнд ээж маань цэргийн эмнэлэгт эмчээр ажиллаж байж. Тэр хоёр танилцаад л би төрсөн гэдэг. Би дунд сургуулиа дүүргээд Москвагийн их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэхээр шийдсэнээ хэлэхэд аав маань тийм ч дуртай байгаагүй. Юу гэж зөвлөсөн гээч. “Наадах чинь ямар хэрэгтэй сургууль вэ. Харин чи хүнсний мэргэжилтэй болж ав. Идэж уухаар лав дутахгүй дээ” гэсэн шүү.
-Та дээд сургуулиа 1970 онд төгсчээ. Таны дүүргэсэн Москвагийн ОУХДС-д суралцаж төгссөн монголчуудаас одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайд, мөн хэд хэдэн сайд ажиллаж байна. Та тэдэнтэй хэл амаа ололцоход “школ” нэгтэйн хувьд дөхөм байх тал бий юү?
-Бид тун дажгүй харилцаатай. Гэхдээ хувь хүнийхээ хувьд шүү дээ. Адилхан сэтгэдэг, үг хэлээ амар ололцдог. Харин ажил дээр нэг сургуулийн төгсөгчид гэдгээр тустай дэмтэй явдаг гэж юу байх вэ дээ. Бид тус бүр өөрийн гэсэн ажил үүрэгтэй. Энэ нь л бидний ажил хэргийн харилцааг тодорхойлох байх.
Б.ЭНХЦЭЦЭГ