Эмэгтэй улс төрчид анх удаа 20 хувийн квот бүхий хуулиар “зэвсэглэн” УИХ-ын сонгуульд оролцох гэж байна. Аливаа намаас нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь бүсгүйчүүд байхаар Сонгуулийн хуульд тусгасан. Тиймээс 76 нэр дэвшигчийн 19 нь бүсгүй байна гэсэн үг. Гэхдээ хуулийн энэ заалт тэдэнд хэр зэрэг үр дүнтэй “зэвсэг” байж чадах нь эргэлзээтэй.
Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэй чүүдийн байгууллагынхан бүсгүйчүүдээ сонгогдох магадлалтай тойрогт хуваарилж, намын жагсаалтад дээгүүр бичүүлэхээр хичээж буй. Сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэр энэ сарын 25 гэхэд эцсийн байдлаар, албан ёсоор тодорно. Тэгсэн ч гэсэн урьдчилсан байдлаар таамаг хэдийнэ гарчихсан. Улс төрийн гол намуудаас өрсөлдөх бүсгүйчүүдийн нэр, тойрог ч тодорч эхэлжээ.
Холимог системээр сонгууль зохион байгуулах учир нэр дэвших, эсвэл намын жагсаалтаар орох хоёр зам бий. Мандатын тоо 48 болж цөөрсөн, намын жагсаалтын эхний 10-т л бичигдэхгүй бол сонгогдох магадлал муу байдаг. Тиймээс тэмцэл бүсгүйчүүдийг ч тойрохгүй. Хоорондоо өрсөлдөж байгаа эрчүүд бүсгүйчүүдийн эсрэг нэг баг болно. Тиймээс хүүхнүүдийн ачаа илүү хүнд. АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл уул уурхайн лицензгүй, энэ салбарт ашиг сонирхлын зөрчилгүй бүсгүйчүүдээ сонгуульд сойхоо мэдэгдсэн. Тус холбооноос Төв аймагт Ш.Батцэцэг, Дорнод аймагт Л.Мөнхцэцэг, Орхон аймагт М.Батчимэг, Дундговь аймагт Б.Ургамалцэцэг, Завхан аймагт З.Нарантуяа, Баян-Өлгий аймагт Ч.Куланда, нийслэлийн Баянгол дүүрэгт С.Одонтуяа, Баянзүрх дүүрэгт И.Нарантуяа нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл бий.
Өмнөх сонгуулиар Сүхбаатар аймагт нэр дэвшиж байсан Л.Эрдэнэчимэгт энэ удаа тэнд виз олдоогүй бололтой. Мөн Хөвсгөл аймагт ногдох мандатын тоо 4-2 болж цөөрсөн тул АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл мандатгүй үлдэж байна. Гэхдээ тэрбээр тус намын боловсролтой, чадварлаг бүсгүйчүүдийн нэг учир АН хоосон үлдээчихгүй, жагсаалтад багтаана гэсэн яриа байгаа юм. Тэд жагсаалтыг гаргахдаа бүсгүйчүүдийг сөөлжлөх ёстой гэсэн шаардлагыг удирдлагадаа тавьсан. Учир нь намын жагсаалтаар эрэмбэлэгдэх 28 хүний эхний аравт л сонгогдох магадлал өндөр. Гэвч тус намынхан эхний аравт ганц л эмэгтэй багтаах байр суурьтай байгаа юм билээ. Үүнийг эрэмбэлэхдээ хүйс, фракцуудын төлөөллийг хангахаас илүү намыг тодорхойлох чансаатай гэсэн хүмүүсийг багтаах зарчим баримталсан аж.
Эхний аравт багтах эмэгтэй нь Ц.Оюундарь байх магадлал ч өндөр гэх. Тэгэхээр АН-ын бүсгүйчүүдээс тойрог авч чадаагүй нь жагсаалтад орлоо ч хойгуур “шидэгдэх” нь. Энэ бол нэрийн төдий зүйл болно гэсэн үг. “Чамайг жагсаалтад оруулсан уу, оруулсан” гээд л амыг нь таглана. Гэхдээ чамлахаар чанга атгаж, зөв хүмүүсээ сойж чадвал бүсгүйчүүдийн төлөөллийг УИХ-д нэмэх боломж бий. Хаа очиж АН-д МАН-ынх шиг улс төрд улиг болсон эмэгтэй байхгүй, залуу, чадварлаг бүсгүй цөөнгүй юм байна. Тиймээс виз даруулсан, жагсаалтад хойгуур ч болов багтаж буй бүсгүйчүүдийг олон нийт хүлээн зөвшөөрөх боломжтой. МАН-ын тухайд Д.Арвин, Д.Оюунхорол, Т.Ганди, Б.Долгор гэсхийгээд бүсгүйчүүдийн жагсаалт дуусдаг. Энэ хүмүүс төрд олон жил зүтгэсэн, хийдгээ хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Одоо тэдний үе дууссан. Залуу бүсгүйчүүддээ халаагаа тавьж өгөх учиртай.
Холимог системийн нөлөөгөөр тойргоос шахагдаж буй МАН-ын туршлагатай улстөрчдийн нэг нь Д.Арвин. Тэрбээр Хэнтий аймгаас нийслэлийн Баянзүрх дүүрэг рүү нүүж буй юм билээ. АН, МАН, бие даагчид, гуравдагч хүчний бүсгүйчүүд яагаад ч юм энэ дүүргийг сонгон нэр дэвшдэг. Бүсгүйчүүдийн тулаан болдог тойрог гэхэд болно. Гэхдээ бүсгүйчүүд “тулалдаж” байх зуур эрчүүд сонгогдчихоод байдаг гэмтэй. Энэ удаа МАН “бүсгүйчүүдийн тойрог”-т Д.Арвиныг өрсөлдүүлэх нь. Т.Ганди Элчин сайдаар ажиллах учир энэ сонгуульд өнжинө. Бусад нь өрсөлддөгөөрөө өрсөлдөнө. МАН-д эднээс өөр шинэ залуу эмэгтэй боловсон хүчин байна уу. 160 гаруй мянган гишүүнтэй намд тийм хүн байхгүй гэвэл итгэхэд хэцүү. Гэтэл олон нийтэд танигдсан нь нэр дурдсан хэдхэн эмэгтэй л байдаг.
Шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмье гээд байдаг ч төдийлэн үр дүн гардаггүйн бас нэг шалтгааныг эндээс хайвал яасан юм. Нэг ёсондоо улс төрд удчихсан, монополь болчихсон хэдхэн эмэгтэй залуу үеээ “дараад” байгаа юм биш биз. МАН “нөөцөлсөн” чадварлаг боловсон хүчин-бүсгүйчүүдээ энэ сонгуульд сойж, улс төр дэх бүсгүйчүүдийг цус сэлбэнэ гэж найдъя. ИЗНН-ын тухайд дарга С.Оюунаас өөр олонд танигдсан эмэгтэй байхгүй. Гэхдээ юун төлөө бүсгүй даргатай билээ, Сонгуулийн хуульд заасан квотыг тус нам утгаар нь хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Үүнээс гадна бүсгүйчүүдийн улс төрийн оролцоог Монголын түүхэнд байгаагүйгээр дэмжихээ нэг нам мэдэгдээд байгаа. Энэ бол ИХН. Ж.Батзандан, О.Магнай нарт хаягдаж, өнгөрсөн хугацаанд “унтаж” байсан тус нам удахгүй болох сонгуульд сойх хүмүүсийнхээ 90 хувийг бүсгүйчүүдээр бүрдүүлэхээ зарлав.
ИХН хатуу гишүүнчлэл баримталдаггүй, тиймээс олон нийтэд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн бүсгүйчүүдийг “зохион байгуулалтад оруулж”, намынхаа нэрээр сонгуульд өрсөлдөх боломж олгожээ. Иргэний хөдөлгөөний төлөөлөл болох замаар нийтэд танил болсон Ж.Занаа, Н.Сүхжаргалмаа зэрэг бүсгүй тус намаас нэр дэвших нь. Бүсгүйчүүдэд боломж олгох замаар намаа өөд татах бодлогыг Н.Даваа баримталж буй гэнэ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хүчийг ИХН энэ сонгуульд харуулах нь. 76-аас 68 нь бүсгүйчүүд байх учир шинэ залууст боломж олдоно. Шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмэх шаардлага бий. Гэхдээ цус сэлбэж, шинэ цаг үеэ тодорхойлох залуу боловсон хүчнүүдээ намууд сойх учиртай.
С.ТУУЛ