УИХ-ын сонгуульд өрсөлдөгчдийн дотор хэсэг зоригтой хүн байдаг юм. Хийнэ, бүтээнэ, чадна гэсэн зорилгоос өөр урдаа барьчих бамбай үгүй тэднийг “бие даагчид” хэмээн нэрлэдэг. УИХ-д сонгогдохын тулд тэд улс төр хэмээх хүнд хатуу, хүчтэй өрсөлдөгч олонтой рингэн дээр ганцаараа гарч тулалддаг.
Өрсөлдөгчдийнх нь ард бүхэл бүтэн нам, түүний гишүүд зогсож байхад бие даагчдын ард үсрээд л хэдэн найз, гэр бүлийнхэн нь байгаа. Хамгаалах намгүй, хамтрах нөхөдгүй ганцаардсан ийм хэдэн дайчин 2012 оны сонгуулиар хэд байх нь энэ сарын 25-нд эцэслэн тодорно. Гэхдээ урьдчилсан тандалт хэдийнэ гарсан байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагтаа 801 хүний гарын үсэг цуглуулах ажлаа эхэлсэн бол Монголын үйлд вэрчний эвлэл үүдийн холбооны тэргүүн С.Ганбаатар Дархан-Уул аймагт өрсөлдөх аж. Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан хуулийн сургуульд сурч, өөрийгөө цэнэглэж аваад нийслэлийн Баянзүрх дүүрэгт хүчээ үзэхээр болсон байна. УИХ-ын гишүүн З.Алтай ч тус дүүрэгт өрсөлдөнө. Энэ мэтээр бие даагчдын нэрс тодорч байна. Гутлынхаа улыг эргүүлэх шахам явж гарын үсэг цуглуулаад дараа нь өөрийгөө таниулах, сурталчлахын тулд халаасаа сэгсэрч, бас болоогүй намаас нэр дэвшигчдэд адлуулан байж тэд нэр дэвшдэг. Гэтэл сонгогддог нь хуруу дарам. Шинэ Парламентад бие даагч 1-2 хүн сонгогдсон байвал их юм болоод өнгөрдөг. Үүнээс олон бие даагч сонгогдож байсан гарч ирсэн түүх үгүй юм. Тэгвэл энэ удаа нөхцөл байдал өөрчлөгдөх болов уу.
2008 онд 20 орчим хүн бие дааж байсан бол энэ удаа тоо нь хоёр дахин цөөрөв. Нэр дэвшигчид маргаашнаас тодорно гэж байхад бие даан өрсөлдөх магадлалтай 10 хүрэхгүй хүнийг хэвлэлийнхэн “илрүүлсэн” байна. Сонгуулийн шинэчлэн найруулсан хуульд бие даагчдыг онцлоод харж үзсэн заалт байхгүй ч бас гадуурхсан зүйл үгүй аж. Ерөнхийдөө намтай хүмүүсийн хувьд л хуулийн өөрчлөлт илүү мэдрэгдэх юм. Бие даагчдад өрсөлдөх тойрог байхад л хангалттай. Бас тойргоо өөрөө сонгоно, ингэхэд замд нь хөндөлсөх, эсвэл наймаалцах хүнгүй, эрх чөлөөтэй. СЕХноос баталсан маягтын дагуу тэд тухайн тойргийн, гэхдээ түүнд багтах бүх дүүрэг, сумын төлөөллийг оролцуулаад 801-ээс доошгүй хүний гарын үсгийг авах ёстой. Тойргийн хорооноос уг маягтыг тусгай тэмдэг дарж олгоно. Дараа нь өнөөх бүртгэлийг сонгогчийн нэрсийн жагсаалттай тулгаж, бодитой эсэхийг нь шалгах юм. Ингээд тэнцвэл нэр дэвших эрхээ авлаа гэсэн үг. Гэхдээ бүх зүйл ийм хялбар бүтчихгүй.
Бүхэл бүтэн нэг тойргийн сонгогчдыг төлөөлөх гэж буй учир мөрийн хөтөлбөр зайлшгүй. Аливаа нам шиг “том том” амлах боломж бие даагчид хомс. За ингээд сурталчилгааны ажил эхэлнэ. “Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлыг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулах зэрэг хуулиар хориглоогүй арга, хэлбэрээр зохион байгуулах эрхтэй” хэмээн Сонгуулийн хуульд заасан байна. Уг хуулиар нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын хэмжээг тойргоос нь хамаараад өөр өөрөөр тогтоож өгсөн. Тэр хязгаартаа нийцүүлж байвал нэр дэвшигч хувь хүнээс нэг сая, хуулийн этгээдээс гурван сая хүртэлх төгрөгийн хандив авч болно.
Хэдийгээр бор зүрхээрээ зүтгэгчдэд хамгаалж өмгөөлөх нам байхгүй ч хэтэвч нь зузаан бол туслах авах боломж бий. 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй шадар туслагч, 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй ухуулагчтай байж болох аж. Гэхдээ бие даагчдад “тааруулж” хязгаар тогтоосон заалтууд хуульд бий. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаа хийх дээ тэд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан тус бүр хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст багтаан гаргах ёстой. Хууль зөрчсөн бол бүгд ижилхэн хариуцлага хүлээх учиртай шүү дээ.
Бие даан нэрээ дэвшүүлэгч нь дэмжигч-сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн бол “баяртай” гэхэд хүрнэ. СЕХноос баталснаас өөр маягтыг “андуураад” бөглүүлчихсэн бол бас авралгүй. Гэхдээ мэдээж хуулиа судалсан хүмүүс л сонгуульд өрсөлдөх учир иймэрхүү зүйл дээр унахгүйгээ тооцох байлгүй. Энэ мэт хуулийн зохицуулалттай орчинд бие даагчид өрсөл дөнө. Тэдэнд хүрд эргүүлэх боломжийг хуулиар тэгшхэн олгосон байна. Одоо дэвжээн дээр хэрхэн тулалдах нь тэдний хуримтлуулсан мэдлэг, туршлага, сонгуулийн менежмент, тактикаас нь хамаарна.
С.ТУУЛ