Арванхоёр оны сонгуулийн тухай дөрвөн жил ярьж, дөрвөн жил хүлээсний эцэст мөнөөх алдар цуут 2012 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болоход ганцхан сар буюу яг 30 хоногийн хугацаа үлдлээ. Байнгын ажиллагаатай Парламенттай болсны 20 жилийнхээ ойг монголчууд ёслон тэмдэглэсэн, УИХ-ын сонгуулийн санал хураалтад ард нийтээрээ таван удаа оролцож, 76 гишүүний бүрэлдэхүүнтэй танхимд итгэл найдвараа тавантаа тавин туусан 20 оны ард бид гарчээ.
Өнгөрсөн хугацаанд 76-гийн баг тус бүр өөрийн гэсэн янз бүрийн араншинг үзүүлэн, зарим нь алдаж, зарим нь онон, дараагийн сонгуулиар явах нь явж, үлдэх нь үлдэн шигшигдэж байлаа. “76 мангуу”, “76 ямаа”, “76 авлигач” гэсэн цолыг олон нийт тэдэнд зүгээр ч нэг хайрлаж байсангүй. УИХ-ын гишүүд олны урмыг мөн ч олон хугалсан даа. Хариуд нь харин “Хохь чинь, та нар өөрсдөө сонгоо биз дээ” гэдэг. Бид сонголт хийх эрхээ эдэлдэг боловч улс төрийн намууд ямар нэрс дэвшүүлнэ, түүний хүрээнд сонгох хууль бас бий. Тиймээс дахиад л сонгогчдын хохь. 2012 оны сонгуулийн юуг нь тэгтэл хүлээж ядсан хэрэг вэ? Энэ сонгуулийн дүнгээс олон нийт юуны учир ихийг хүлээсэн нь хамгийн их учиртай.
Одоо монголчуудын хэн нь ч өөрийгөө ямар их хувь заяагаар баялаг Монголын эзэн болж төрснөө хүнээр хэлүүлэлтгүй мэдэх болсон. Эдийн засгийн өсөлтийн үсрэнгүй үзүүлэлт, хөрөнгө оруулалтын их давалгаанаас иргэн, өрх бүлийн шүүрдэх хувийг одоогийнхоос хавьгүй ашигтай, бодитой хувилбараар тогтоож өгөх тун галаг Парламентыг л хүлээгээд байгаа юм. Өдөр хоног аргацаасан, дараачийн сонгуульд зэхсэн үлбэгэр улстөрчдөөс үнэндээ сонгогчид залхжээ. Юу ярьдаг нь ч тодорхой, юу чаддаг нь ч илэрсэн нөхдөөс юу ч хүлээхгүй. Харин Монголын улс төрд шинэ уур амьсгал, шинэ эрч хүч, шинэ хурд үгүйлэгдсээр удлаа.2008 оны сонгуулийн “шигшээ баг”-ийн дүн гарахад л монголчууд 2012 оныг харуулдан хүлээх болсон юм.
Тойргуудаас ялалтын тухай мэдээ авсан намууд ёслолын дарс буудуулж байх үест өөрийнх нь сонгоогүй хүн 76-д багтсанд бачуурсан сонгогч гэртээ тайван сууж төвдөлгүй төв талбайд гүйн очсон долоодугаар сарын 1 шүү дээ. Чухам ийм шалтгаанаар Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэх ёстой байлаа. Хууль нь шинэчлэгдсэн ч сонгогчийн саналыг шударга тоолох хөшүүргээ бүрэн гүйцэд суурилуулж чадсангүй. Нэр дэвшигчийн сурталчилгааны хэмжээг өмнөхөөс хэд дахин цомхотгосон нь өнөө бидний хүсэн хүлээгээд байдаг нэр цэвэр, шинэ улстөрчдийг УИХ-д оруулах орон зайг нэлэнхүйд нь хумьж орхисон.
Өнгөрсөн дөрвөн жилд авлигын эсрэг үзэл санаа нийгмийн оюун санаанд урьд урьдынхаас хүчтэй тусгал болов. Өдгөө авлигын хэргээр нэр бүхий олон албан тушаалтан шалгуулж, хоригдон байцаагдаж, зарим нь өлсгөлөн зарлан үхэхээрээ айлгаж, ер юу эс өрнөж байгаа билээ. Яг өнөөдөр болж байгаа шиг ийм үйл явдлыг монголчууд хүлээж байсан. Гэхдээ яг сонгуулийн өмнөх өдрүүдэд гэнэтхэн цээрлүүлж эхэлсэн нь авлигын эсрэг тэмцлийг улс төрийн шоу мэт үнэ цэнэгүй болгох хандлагатай. Нийгэм гэдэг бол амьдралын хатуу хөтүүг үүрч дүүрч яваа бид өөрсдөө юм. Гэвч бидний сэтгэл зүйн олонлогийг том зургаар, бүхэлд нь авч үзвэл маш эмзэг зүйл. Сонгуулийн өмнө нийгэм үймж шуугих, дарвин хөөсрөх нь нэн хөнөөлтэй. Энэ зүй тогтлыг улстөрчид андахгүй тул өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн хааш нь ч үлээчихэж дөнгөнө.
Сонгууль бол ердөө ийм л зүйл. Тиймээс сонгуулийн өмнө болж байгаа үйл явдлуудыг зүрхэн тушаа хүлээн авч, сэтгэлээ үрээх шаардлагагүй байдаг. Аливаа сонгуулийг сонгогч, сонгогдогч хэмээх хоёр талын харилцаагаар товч тодорхойлж болдог. Нэр дэвшигч сонгогдохын тулд “туршлагатай” гэсэн тодотголыг өөртөө наадаг. Нэр дэвшигчдийн дунд туршлагатай бурхинууд ч бий, туршлагагүй “ногоон” нь ч байх. Хуучин хүн тулхтай, хийгүй чанараараа шинэхэн өрсөлдөгчөөсөө ялгарч чадах ч, сонгуулиас шинэ зүйл хүлээж байгаа бол хуучин хүнтэй дахин зууралдах хэрэггүй. Харамсалтай нь улс төрийн намуудын сонгуульд дэвшүүлсэн нэрсийг харахад тэр, энэ нь гэлтгүй өөдтэй жагсаалт алинд нь ч алга. Ёстой л жаран чавганц уралдахад яадаг билээ, тиймэрхүү л сонгуульд бид санал өгөхөөр болсон нь харамсалтай. Та тэр жагсаалтуудыг нэг сайн хараарай. Намууд яагаад ийм сул дорой хүмүүсээр дүүрсэн нь гайхалтай.
Оюун ухаан, ажил үйлсээрээ манлайлагч залуус улс төрөөс хол байгаад хэргийн учир байх шиг. Ажил төрөл нь урагштай яваа бизнесийн талбарт гэхэд л сайн менежерүүд, сор болсон “тархинууд” хэдэн зуугаараа ажилладаг. Монголын нийгмийн 80 орчим хувь нь залуучуудаас бүрддэг. Сонгогчдын 60 хувь нь улс төрийн нам, хүчинд итгэдэггүй. Ийм статистик бодитой байхад улс орны хувьд түүхэн хөгжлийн гарман дээр болж буй улс төрийн хамгийн хариуцлагатай сонгуульд нас нь л залуугаас цаашгүй хэдэн “шинэков”-ыг намууд жагсаалтдаа хавчуулжээ. Сонгогчдод санал болгож буй тэр залуу улстөрчид нь даргадаа хов зөөх, фракцаа хамгаалан уран жиргэхээс цаашгүй хэдэн долдой л байна лээ. Тэд муусайчуулын өрсөлдөх ч гэж дээ, хоорондоо яг таарна.
Намуудын дарга нар нийгмийн захиалгыг мэдрэхгүй баймгүй юм. Аль аль нь л сонгуулийн өмнө иргэдтэй нүүр тулах марафонд гүйсэндэг. Хүмүүсийн юу хүсэж байгааг биш, фракцуудын шахаанд өртсөн мэдрэмжгүй сонголтоор нэр дэвшигчдийн жагсаалтаа дүүргэжээ. Монгол Улс цэцэглэн хөгжих эрин үе тохиоход улс төр нь харин саад болж байгааг сонгуульд өрсөлдөх гол намуудын нэр дэвшүүлсэн байдал тодорхойлж өглөө. Шилдэг охид, хөвгүүдгүй юм шиг хайран Монголын залуу нас, хөөрхийлөлтэй ирээдүй ч бол доо. Бид 2012 оны сонгуулийг дэмий хүлээжээ. Сул өрсөлдөгчидтэй, дульхан сонгууль болох нь.
Б.ЭНХЦЭЦЭГ