УИХ-ын хаврын чуулган сонгуулийн “синдром”-д дарагдан түр завсарлаад байгаа. Одоогийн 76 гишүүний олонх нь улиран нэр дэвшиж буй тул тэд төрийн ажил бодож суух завгүй болсон нь мэдээж. Жирийн үеийнхээс богино хугацаанд хуралдсан ч хаврын чуулган хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бараг л дуусгасан болов уу.
УИХ завсарлахынхаа өмнөх хэдэн хоногт хууль “бөөндөх” гэж юу байдгийг ёстой үзүүлж өгсөн. Байгаль орчны, Шүүхийн гэх мэт багц хуулийг амжуулж гараас гаргасан нь сайн хэрэг. Үүнээс гадна хэд хэдэн хуулийг анхны хэлэлцүүлгээр баталсан.
Хамгийн сүүлд тэд орон нутгийн хурлын сонгуулийг аравдугаар сарын эхний хагасын аль нэг ням гаригт хийхээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлаад сонгуулийн ажилдаа шамдсан. Тийм болохоор гишүүд төдийлэн анхааралгүй дараагийн УИХ-д үлдээсэн хэд хэдэн асуудал байна. Энэ хаврын чуулганаар нэр зааж хэлэлцэхээр төлөвлөсөн 11 хууль, тогтоол байжээ. Нэр зааж тусгасан ихэнх хууль, тогтоолыг сүүлийн өдрүүддээ амжуулан хэлэлцсэн. Харин “бусад асуудлын” хүрээнд орж ирсэн, энэ чуулганы үеэр гишүүдээс өргөн барьсан, өмнөх чуулганаас дамжиж ирсэн хэд хэдэн асуудлыг дараагийн УИХ-д "илгээмж" болгон үлдээв.
“Эцэг” хуулийг өөрчлөх үүргийг дараагийн УИХ хүлээнэ
Хэвлэлийн эрх чөлөөний тухай Ерөнхийлөгчөөс болон Засгийн газраас өргөн барьсан хоёр ч хуулийн төсөл бий. Намрын чуулганаар хэсэг хэлэлцээд энэ асуудлыг “мартсан” юм. Хаврын чуулганаар “бусад” гэсэн ангиллаар хэлэлцэх байх гэж хүлээсэн ч “тоосонгүй”. Үүнээс гадна уг чуулганы үеэр гишүүн Н.Батбаяраас өргөн барьсан УИХын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дараагийн УИХ-д үлдээлээ. Цөөнхийн бүлэг хугацаагүй завсарлага авах замаар төрийн ажлыг гацааж байна гэсэн шүүмжлэл байдаг. Тиймээс цөөнхийн бүлгийн гишүүн тэрбээр энэ “алдаагаа” засчихаад явахаар төсөл өргөн барьсан аж. Үүнд түр завсарлагын хугацааг ажлын тав хоногоос хэтрэхгүй байхаар тусгасан юм билээ. Гэвч УИХ энэ төслийг хэлэлцэх гэж яарсангүй.
Хаврын чуулган завсарласан энэ сарын 23-нд эрхэм гишүүн “Энэ төслийг баталчих хэрэгтэй” хэмээн шавдуулсан ч олны дэмжлэг авааг үй юм. Харин ч Ерөнхий сайд С.Батболд түүнд “Дөрвөн жил завсарлага авсан намын гишүүн ингэж хэлж буйд харамсаж байна. Хэдүүлээ энэ төслийг дараагийн УИХ-ын хамгийн эхэнд хэлэлцэе” гэсэн юм. Р.Гончигдорж Н.Батбаярыг “өмөөрч”, “Таны хэлсэн үгээс МАН ирэх сонгуульд цөөнх болно, тиймээс завсарлагад хугацаа тавиад яах вэ гэсэн санаа цухалзаад байна” гээд бөөн маргаан болсон. Шинээр бүрдэх УИХ-ын шийдэх учиртай бас нэг чухал асуудал бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл.
2008- 2012 оны УИХ-ын амжуулсан нэг том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан явдал. “Эцэг” хуульд дурын нэг нь өөрчлөлт оруулаад байж болохгүй учир нэлээд өндөр босго тогтоож өгсөн. Ингээд өөрчлөх журмын тухай хууль бэлэн болсон тул Д.Энхбат тэргүүтэй 10 гаруй, Д.Дамба-Очир тэргүүтэй хэсэг гишүүн тус тусдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан билээ. УИХ-аас Ажлын хэсэг томилон эдгээр төслийг нэгтгэсэн. Гэвч уг хуулийг нэг удаа өөрчилвөл дахин найман жилийн турш хөндөх боломжгүй болно. Журмын тухай хуульд ингэж зохицуулсан юм. Бас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурь гарч, үүнийг Сонгуулийн хуультай зэрэг явуулахаар АН зүтгүүлсэн.
Сонгуулийн хууль дээр анхаарч байтал Үндсэн хууль ард нь үлдчихжээ. Сонгууль дөхсөн үед яаран сандран Үндсэн хуулиар “оролдоод” яах вэ, шинээр сонгогдон гарч ирэх гиш үүд эр зоригтой, ид ажиллах хорхойтой байгаа дээрээ яриг гээд хойшлуулав. Тиймээс 2012-2016 оны УИХ энэ хуулийн хийг шахаж, цаг үед нийцүүлэн өөрчлөх том үүрэг хүлээж байна. Сонгуулийн синдром дуусаж, төрийн ажилд санаа тавих зав гардаг эхний хоёр жилд уг хуулийг батална гэж найдъя.
С.ТУУЛ