.jpg)
Сэтгэл хэмээх эрхтэн ёроолгүй гүн ангал, давчдамаар өчүүхэн орон зай бөлгөө. Заримдаа бүслүүрээ сэт татах дөхөн оргилон дэвэрч, зарим үед ханхайж эзгүйрэн гэгэлзэнэ. Хэнд ч үл анзаарагдах сэтгэлийн энэ ербусын хөг айзмыг нулимс хэмээх болор дуслууд “илчилж” дөнгөдөг. Баярлаж, гомдож, хайрлан уярч, үзэн ядаж, басхүү өрөвдөн шаналж. Нулимсанд шалтгаан мундахгүй. Алгын чинээхэн охин маань том том үрлэн нулимс өдрийн хэд бөмбөрүүлдэг.
Нойтон аньсагатай бяцханд минь энэ нь төдийлэн том асуудал биш билээ. Бүдэрч унахдаа уйлдаг үнэ цэнэгүй бэлэн дуслууд харин ухаан орох цагт ихээ том шалтаг шалтгаан агуулна. Хэн нэгэнд гомдож, алдаж, хаширч, гашуун амтыг нь мэдрэх тоолонгоор ухаан сууна. Амьдралын олон нугачаа даваанд бэдрэхдээ бусдад нулимсаа үзүүлэхгүй гэж хатуужна. Хорвоогийн жаргалыг мэдэрч, баярын нулимс унагахдаа хугасхан энэ амьдралд илүү шунан дурлана. Заримдаа сэтгэлийн энэ мэдрэмж алсарсан ч юм шиг санагдах нь бий. Уйлах шалтгаан олдохгүйдээ биш юм аа.
Нэг л мэдэхэд бид жирийнээс жирийн өдөр хоногуудын ард зогсож байдаг. Тэгсэн атлаа нулимсаар “хачирласан” жаргалтай бас зовлонтой өдрүүдээ мартдаггүй. Тийм ч болоод сэтгэлд асгардаг “бороо” яах аргагүй жир биш дурсамжийг бичдэг билээ. Саяхны нэлээн хэдэн өдөр аньсага чийгтэй явлаа. Туулсан өдрүүдийн минь хамгийн гашуун нь гэж хэлнэ. Хамгийн хайртай хүнийг минь хорвоо надаас булаачих вий гэж шаналж, амжиж баярлуулж чадаагүй байхад аваад явчих вий гэж сэтгэлдээ хүйтэн бороо шаагиулсан муухай өдрүүд байлаа. Аюул холдсон ч айдас өнөө хэр нь салаагүй явна.
Амьдралын хатуу үнэнийг мэдрүүлсэн энэ хоногуудад би ганц л зүйлийг ухаарсан. Хойш тавилгүй яг өнөөдрөөс эхлээд л хайртай бүх хүмүүсээ хажууд байгаа дээр нь, амьдад нь, эрүүлд нь баяруулж байх хэрэгтэй юм байна. “Сэтгэлийн ертөнц”-д аж төрдөг хүний орчлонд биедээ зав гаргаж, зориулж бэлэг авч, сэтгэлийн дээдийг харамгүй өгч гэмээ нь хожим харамсахааргүй амьдарч чадах нь.
Г.ГЭРЭЛ