УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногийн лхагва гаригт эхэлнэ. Хэлэлцэх эхний асуудал нь Орон нут гийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрч лөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Уг төслийг Р.Бурмаа, А.Бакей нарын хэсэг гишүүн өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Одоо нийслэлийн дүүргүүд болон аймаг, сум, багуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг холимог тогтол цоо бүхий Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар сонгох учиртай. Төслийн гол зорилго нь орон нутгийн сонгуулийг явуулах эрх зүйн орчныг УИХ-ын сонгуулийн нэгэн адил пропорциональ, мажоритар системийн холимог тогтолцоонд шилжүүлэх явдал юм. Өмнө нь аравдугаар сард болдог байсан сонгуулийг арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар төсөлд тусгасан байна. Мөн орон нутгийн сонгуульд саналаа өгөөгүй сонгогчийн төрийн албанд томилогдох, сонгуулийн дүнтэй холбоотой гомдол мэдүүлэх зэрэг эрхийг нь хориглох заалтыг шинээр оруулжээ.
СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨӨГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЭРХЭЭ ХАСУУЛНА
Орон нутгийн сонгуулийн системийн өөрчл өлтөөр хамгийн гол ямар шинэ зүйл орох талаар хуулийн төслийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн тайлбарласныг дор сийрүүлье. Орон нутгийн ИТХ-ын төлөө- лөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь нам, эвслийн нэрийн жагсаалтаар, гуравны хоёр нь засаг захиргааны нэгжийн төлөөллөөс сонгогдох юм байна. Өмнө нь орон нутгийн сонгуульд тусгайлан тойрог байгуулдаг байсныг больж, хүн амын тооноос үл хамаарах иргэдийн хуралтай байхаар төсөлд заажээ. Жишээ нь, аймаг, сумын ИТХ-д баг болгоноос төлөөлөл оролцох болж байна. Хэрвээ энэ төлөөллийн тоо аймагт 41-ээс илүү, суманд 31-ээс илүү байвал нам, эвслийн нэрийн жагсаалтаар сонгогдох квотоос хасагдах аж. Ийнхүү зарим ИТХ-ын 30 хувь нь нам эвслээс сонгогдож байхад зарим нь 20 хувь, 15 хувь гэхчлэн харилцан адилгүй байх жишээтэй. Сонгогч аймагт амьдарч байгаа бол санал хураалтын хуудсан дээр сумын болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөө давхар сонгох юм байна. Сонгуульд оролцоогүй хүний төрийн албанд томилогдох, ажиллах эрхийг хязгаарласан хууль урьд өмнө манай улсад байгаагүй учраас энэ төслийн бас нэгэн онцлог нь энэ болж байна. Хэрэв Та энэ удаагийн орон нутгийн сонгуульд саналаа өгөөгүйгээс болж төрийн албанд ажиллах эрхээ хасуулсан бол Ерөнхийлөгчийн 2013 оны, эсвэл түүний дараа 2016 онд болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцсоноор алдаагаа засах боломжтой бөгөөд үүний дараа төрийн албанд томилогдох эрх тань нээгдэнэ. Бусад улс оронд санал хураалтад оролцоогүй сонгогчдод мөнгөн торгууль ногдуулах хууль байдаг аж. Харин Монголын сонгогчдыг эдийн засгийн хөшүүргээр бус, төрийн албанд ажиллах эрхээр нь “торгох” зохицуулалтыг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд цоо шинээр тусгажээ. Түүнчлэн сонгуульд өөрийн биеэр саналаа өгөөгүй бол гарсан үр дүнгийн талаар эрх бүхий байгууллагад гомдол мэдүүлэх, шалгуулах эрхгүй болж байна.
ИРГЭД ЗАСАГ ДАРГАА ШУУД СОНГОХ ТУХАЙ ЗААЛТ ОРСОНГҮЙ
УИХ дахь АН-ын бүлэг орон нутгийн Засаг даргыг иргэдээс шууд сонгох зохицуулалтыг тусгана хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл энэ нь Үндсэн хуульд “гар хүрэхгүйгээр” шийдэгдэх хэрэг биш юм. Сая өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засаг даргын сонгуулийн талаар шинэ зүйл алга. Төсөл санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн А.Бакейгийн хэлж байгаагаар бол, иргэд нь Засаг даргаа шууд сонгохыг зохицуулсан хуулийн төслийг ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр зарим гишүүн ажиллаж байгаа юм байна. “Засаг дарга нь нэг талаараа бүх шатанд намын даргын ажил хийдэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн албан тушаалтан гэсэн үг. Тийм учраас төрийн үйлчилгээ, захиргааны ажлыг хийхээс илүү намынхаа ажлыг гүйцэтгэдэг. Нөгөө талаараа Засаг дарга гэдэг бол бүх шатандаа тухайн аймгийн, эсвэл сумын ИТХ-ын барьцаанд байдаг. ИТХ-ын төлөөлөгчид хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд дарамт үзүүлэхэд Засаг дарга тэдний шаардлагыг биелүүлж байж өөрөө оршин тогтнох хууль одоо үйлчилж байна. Ингэснээр Засаг дарга нийтийн эрх ашгийн төлөө үйлчилж чаддаггүй. Тийм учраас энэ байдлыг зайлшгүй засах шаардлагатай. Хамгийн чухал нь улс төрийн намууд, намын бүлгүүд, улстөрчид нэн даруй зөвшилцөлд хүрч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Засаг даргыг иргэд шууд сонгох асуудлыг ойрын үед шийдэх нь чухал байна” гэж А.Бакей ярилаа. Засаг даргыг ИТХ-аас сонгодог явдлыг амьдралд нийцэхгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд амтай болгон ярьсан. Улс төрийн хүчнүүд ч хүлээн зөвшөөрдөг. Энэ удаа УИХ-д суудалтай намууд зөвшилцөлд хүрэх эсэх эргэлзээтэй. Хамгийн гол нь тэдэнд хангалттай хугацаа үлдсэнгүй. Хуулийн төсөлд зааснаар, орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулах бөгөөд тэр хүртэл Үндсэн хуулийг өөрчилж амжихгүй л болов уу. Орон нутгийн сонгуулийн саналыг цахим машинаар тоолно. Иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэх, тарааж дуусах ажил аравдугаар сард багтана гэж хуулийн төсөл боловсруулагчид үзэж байна. Орон нутагт цахим үнэмлэх тараагдаж дуусангуут буюу арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт багтааж сонгууль явуулъя гэж төлөвлөжээ. УИХ-ын сонгуулийн санал хураалтыг 20.00 цагт дуусган, хаалга барьж байсан бол орон нутгийн сонгуулийн санал хураалтыг 22.00 цагт дуусгахаар хуулийн төсөлд заагаад байгаа. Хуулийн төслийн дагуу сонгуулийн хороодыг аль нэг нам, эвслийн төлөөлөл олонх болохг үйгээр адил тэгш тоогоор хянана. Бие даагчийн төлөөлөл сонгуулийн хороо, хэсэгт орж ажиллаж бас болно.