Өвсөн толгой шарлаж, халиуран ганхах, моддын шарласан навчис хөлөөр хөглөрөх цаг хараахан болоогүй. Энэ уйт үзэгдлийг монголчууд “Намрын шар шуурга” хэмээнэ. Намрын шар шуурга шудран үелзэхээс өмнө Монголд нэгэн хий шуурга хуйларч байна. Энэ бол сонгууль болгоны дараа Төрийн ордон зүгээс ёс юм шиг босдог улс төрийн хуй билээ. Өнгөрсөн сонгуульд ард нийт маань АН-д арай түлхүү суудал оноов. Сонгуулийн үр дүн бол ямар нэгэн санамсаргүй үзэгдэл биш бөгөөд түмэн олны хүсэл зоригийн бодит илэрхийлэл мөн бөлгөө. Тиймээс сонгогчид АН-аас ямар нэгэн үр дүн хүлээж тэдэнд итгэл хүлээлгэсэн нь тодорхой. Итгэл найдвар ясан ягтаа тулж, аргаа барсан цаг дор АН-д нэг итгээд үзвэл яадаг бол гэсэн сонголт байхыг ч үгүйсгэхгүй. Юутай ч АН-аас хүмүүс эрс шинэчлэлийг хүлээж, тэднийг сонгосон нь маргашгүй үнэн. Түүнийг нь бас ч гэж мэдэрсэн хэрэг биз, шинээр байгуулагдсан Засгийн газраа “шинэчлэлийн” хэмээн нэрлэж, олбогт сууж тамга барих хишиг хүртсэн сайдууд, УИХ-ын дарга тэргүүтэн ам ангайх бүртээ “шинэчлэл” хэмээх үгээр гулгиж байна.
Намрын шар шуурганаас урьтаж, шинэчлэлийн салхи сэвэлзвэл аштай юу. Гэхдээ салхи буруу зүгээс үлээвэл бузгай хор хөнөөлтэй. Түүнээс сэрэмжлэх учиртай. Гэтэл мөнөөх засгийн эрх баригчдын салхины зүг чиг урины, хур шимийн биш, цасан, усан хуйн дүр төрхтэй болоод эхэлсэнд олон түмэн ундууцаж эхэллээ.
Арваннэг байсан яамыг 16 болгож, 13 байсан сайдыг 19 болгосныг чиглэлийн, бодлогын гэх мэтээр яаж ч тайлбарлаад өөрчлөлт шинэчлэлт болж харагдахгүй. Ердөө л хүртэх хувиа нэмж, суух суудлаа олшруулж, ангайсан арзайсан болгоны амыг таглах гэсэн оролдлого гэдгийг хүмүүс ойлгохтойгоо. Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэж байсан нь эрчим хүчний асуудлаа огт шийдээгүй, эсвэл эрдэс баялгийн бодлогыг завхруулсан гэж хэн ч хэлэхгүй. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хэтэрхий олон асуудалд дарагдаад алийг нь ч шийдэж чадаагүй гэвэл нүгэл болно. Харин ч хаа очиж, өнгөрсөн хэдэн жилд арай урагштай байсан гэсэн дүн энэ яамдад хамаарна.
Монгол орон дэлхий дахиныг өөртөө соронзон мэт татаж, уул уурхай, эрдэс баялгаа түшсэн хөгжлийн бодлого бүхэнд илэрхий болж, Азийн цээжнээс үсрэнгүй хөгжлийн дөл бадамлаж буйг далдах аргаг үй. Монгол Улс бүхэлдээ цахилгаан гэрэлтэй болов. Одоо Монголд харанхуй сум байхгүй.
Хот суурины замыг засварлаж шинэчлэх их ажил өрнөсөн. Хотыг хөдөөтэй холбон сунасаар байгаа засмалаар сүнгэнүүлж явахдаа монгол хүн бүхэн энэ ажлыг хийсэн хүмүүс, байгууллагад талархдаг. 100.000, 40.000 айлын орон сууцны хөтөлбөр бүрэн дүүрэн хэрэгжээг үй байж болох ч олон айл паартай байшинд амьдарч, паалантай жорлон дээр суух болсон нь дэвшил биш гэж үү?
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам байснаар соёлын бодлого орхигдоогүй. Нэгэн цагт зэлээ эвхсэн “ах лам”-ынх шиг эзгүйрч байсан урлаг соёлын байгууллагууд өндийн сэргэж, өөдлөн дэгжиж байгааг нуугаад хэрэггүй. Эрүүл мэндийн яаманд спортыг хариуцуулснаар энэ салбар эзэнгүйдээгүй. Харин ч сүүлийн хоёр олимпийн циклд манайхан 50 жил үзүүлж чадаагүй гайхалтай амжилтыг гаргаж байна.
Энэ бол Соёл, спортын яам байгуулах, эсвэл ЭБЭХ, ЗТБХБын яамыг тэг дундуур нь хуваах зайлшгүй шаардлага байгаагүйн баталгаа.
Яамдыг олон болгосон ч агентлагийг цөөлөх замаар балансыг барина. Орон тоо, цалин хөлс нэмэгдэхгүй хэмээсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн арга ядсан тайлбар ердөө л нүглийн нүдийг гурилаар хуурсан үлгэр байсан нь даваа гаригт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр батлагдав.
Дөчин гурван агентлагийг 28 болгож, 15-аар бууруулсан гэдэг нь агентлагийг цөөрүүлсэн хэрэг огт биш ажээ. Ердөө л “агентлаг” гэсэн статус, оноосон нэрийг нь өөрчилж, яамных нь харьяанд өгснөөс өөр ямар ч өөрчлөлт гарсангүй. Орон тоо, цалингийн ямар ч хэмнэлт гарахгүй юм байна. Үүнийгээ “Татан буугдсан агентлагийн албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт тухайн асуудлыг хариуцсан яамны мэдэлд шилж үүлж, шилжиж ирсэн ажилтнуудыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуул” гэсэн лүндэнгээрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг баталгаажуулав.
Дөчин гурван яам 28 болж цөөрөөгүй, Худалдан авах ажиллагааны газар гэсэн нэгэн шинэ агентлаг байгуулагдсанаар бүр 44 болж нэмэгдлээ. Татан буугдсан гээд байгаа Усны газар, Ойн газар, Эрчим хүчний газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар гэх мэт нэр бүхий агентлагууд агентлаг гэсэн хаягаа хуучин буурин дээрээ орхиод яамныхаа бүтцэд газар, хэлтэс болж очих нь. Юу ч өөрчлөгдөлгүй, үндсэндээ хуучин хэвээрээ үлдсэнийг “шинэчилчихлээ” гэж хэлж болохгүй байлгүй дээ.
Засгийн газрын сүүлийн хуралдааны нэгэн шийдвэр давхар анхаарал татав. УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилсан гэх нэгэн хуулийн төслийг Засгийн газрын гишүүд уухайн тас 100 хувь дэмжжээ. Хуульд “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж чөлөөлнө” гэж байсныг “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр уг хуульд тусгасан байна.
Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг ил зарлаж, дүнг нь гаргадаг, гаргасан дүнгээ үндэслэн ялагчийг уг албан тушаалд санал болгодог байсныг өөрчилж, ийм хүнийг бид томилох гэж байна хэмээн ТАЗ-д ёс төдий мэдээлээд л дураар шийддэг хувилбар луу шилжүүлэх юм байна л даа.
С.Одонтуяагийн нэрээр мэндэлж буй АН-ын хууль өнөөдөр эхлэх ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхний эгнээнд байгаа. Энэ бол одоо ажиллаж байгаа Төрийн нарийн бичгийн дарга нарыг хуулиа баталж авангуут хуйгаар нь ажлаас нь хусаж, оронд нь АН-МАХНМ ҮАН-ын гуравдугаар ээлжийнхэн хоолоо халбагадаж эхэлнэ гэсэн үг. Ямар ч хоёрдмол утгагүй ийм “ажиллагаа” ар араасаа өрнөх нь нэгэнт тодорхой болов.
Мөнөөхөн агентлагийг илбээр тохинуулсан шийдвэр дотроос энэ байдал нэвт шувт үнэртэж байна. Татан буулгасан гэсэн жагсаалтад байгаа Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын нэрээс ердөө “барилга” гэсэн үгийг нь хасаж, Хүүхдийн төлөө газрын нэр дээр “үндэсний” хэмээх үг нэмж, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар хэмээн үг үсгийн ялимгүй өөрчлөлт оруулаад агентлаг хэвээр нь үлдээжээ. Агентлаг цөөр өх эсэх нь огт падлийгүй, “татан буулгах” гэсэн шийдвэр гаргах нь л чухал байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой болов. Учир нь “татан буугдсан” бол тэр байгууллага ажилтан, албан хаагч, юутай хээтэйгээ алга болсон гэсэн үг. Дараа нь нэг үг нэмээд, эсвэл нэрийг нь өөрчлөөд дахин байгуулна. “Шинээр байгуулсан” агентлагт хуучин хүмүүсийг бүгдийг авах шаардлагагүй, шинэ хүмүүс нэмж авч болно. Ажилдаа үлдэж чадаагүй азгүйчүүдийг “ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан тул” гэсэн үндэслэлээр ажилгүйчүүдийн армид шилжүүлэхэд ямар ч хуулийг зөрчихгүй. Эцсийн зорилго нь хүний хүмүүсийг цөөлж, өөрийн хүмүүсийг аль болох олноор шахахад оршиж байна.
Уг нь төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгож, улс төрийн шалтгаанаар төрийн албан хаагчдыг халж солихгүй, сонгууль болгоны дараа бужигнуулахгүй хэмээж, улс төрөөс хараат бус төрийн мэргэшсэн албыг бүрдүүлэх зорилтыг Монголын төр тунхагласан юмсан. Энэ чиглэлээр бас ч гэж урагшаа алхсан. Гэвч энэ намраас эхлэн ухарч эхлэв. Зөвөөс ухрахыг, болж байснаа болохгүй болгохыг “шинэчлэл” гэхгүй нь мэдээж билээ.
Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг төрийн захиргааны албан тушаалтан болгож, зургаан жилийн хугацаагаар томилдог, сайд, дэд сайд нарыг улс төрийн албан тушаалтан хэмээж, засгийн эрх барьж байгаа нам, хүчний шийдвэрээр томилдог, чөлөөлдөг болсон нь төрийн алба улс төрөөс жаахан ч бол зайтай оршиж буйн бэлгэ тэмдэг болж байв.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар хөдөө орон нутагт ажиллах үеэрээ заавал намынхантайгаа сэм уулзаж, нам хуйвалддаг, оройхон болдог тэр нууц уулзалтаас дарга нарыг дагалдагчдаас Төрийн нарийн бичгийн дарга л үлддэг, тэгээд сэтгүүлч бидэнтэй буу халж зогсдог байсан гэгээтэй дурсамж Шинэчлэлийн Засгийн газраас шуурч буй салхинд үлдэн хөөгдөж буйд харамсам.
Төрийн албаны зөвлөлийг татан буулгана, Төрийн албаны тухай хуулийг өөрчилнө гэсэн сэлэм эргүүлэлт төрийн албыг цэвэр тунгалаг байлгах, мэргэшсэн төрийн албыг төлөвш үүлэх, улс төрөөс ангид байлгах зорилгын аль нь ч биш ажээ. Энэ “шинэчлэлт” намынхнаа буюу эвсэлд нэгдсэн замын ханийнхаа хүмүүсийг аль болох олноор төрийн албанд шургуулж, дураар дургихад л оршиж байгаа нь илт болов. Монгол төрийн албанд улстөржилтийн хорт өвс ургуулах биш, зэрлэгийг нь түүж цэвэрлэхийг эрмэлзвэл тэр жинхэнэ ёсоор шинэчлэлт болох ёстой.
Төрийн албанд хогийн ургамал, зэрлэг өвс ургасан уу гэвэл ургасан. Төрийн албаны төв байгууллагын үйл ажиллагаанд буруу хазгай, саад тотгор байгаа юу гэвэл байгаа. Харин үүний жинхэнэ буруутан нь хэн бэ гэвэл луужингийн зүү улстөрчид, улс төрийн намууд руу, шулуухан хэлбэл МАН, АН руу, засаг төрийн эрх баригчид руу ямар ч хазайлтгүй заах нь тодорхой. Монголын улс төрийн гол багана гэгдэж байгаа намууд бурууг засах үйлдэл хийхийн оронд үйрүүлж нунтаглах, өөрт үйлчлүүлэх муйхар бодлого баримталж байгаа бол дэндсэн гэхэд дэндсэн хэрэг болох биз ээ.
Шинэ төр, засгийн эхний алхмыг ажиглахад шинэчлэх салхи буруу зүгээс үлээгээд байх шиг. Шинэчлэлийн салхи зайлшгүй. Гэхдээ салхи зөв зүгээсээ үлээж, буруу буртгийг үлдэн хөөх учиртай. Намрын шар шуурга шиг гунигтай дурсамж үлдээх ёсгүй. Эрх баригч улс төрийн хүчний нүцгэрэн хагдрах, хожмын өдөр харуусах шалтгаан болж бүр ч болохгүй билээ.