Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, энэ салбарыг хямралаас гаргах гарц нь бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гэсэн мэргэн шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргалаа. Цахилгаан, дулааны үнийг нэмэх тухай байнга ярьдаг ч суурь үнийг дуртай цагтаа хөдөлгөх нь халгаатай. Салбараа дампуурлаас аварна гээд үнийг хүссэнээрээ нэмээд эхэлбэл ард иргэдийн амьдралд дарамт учруулахаас гадна инфляц өсөх сөрөг үр дагавартай. Тиймээс асуудалд болгоомжтой, хүлээцтэй хандахаас аргагүй. Гэвч тэсвэр алдрав бололтой. Ирэх сараас иргэд нэмэгдсэн тарифаар цахилгаанаа худалдан авахаар боллоо.
Гэхдээ жирийн хэрэглэгч ард иргэдийн дунд цахилгааны төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг тодорхой мэдэж, судалсан нь одоохондоо цөөн байгаа. Төрөөс цахилгааны төлбөрийг ард иргэд, үйлдвэрлэгчдэд аль болох дарамт багатай байлгах бодлого барьдаг ч хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг төлөх чадваргүй иргэн захаас аваад олон байна. Өнөөдөр иргэдийн цахилгаанд төлж байгаа мөнгө нь бага биш. Эдийн засаг сэргэж, ард иргэдийн амьдрал дээшилж байна гэдэг ч үнэндээ жирийн иргэдийн амьдрал хүндхэн байгаа. Айл өрхийн цахилгааны төлбөрийг тооцохдоо эхний 150 кВт-ыг хөнгөлөлттэй үнээр, түүнээс дээших зарцуулалтыг тансаг хэрэглээ хэмээн үзэж зах зээлийн үнэд дөхсөн тарифаар тооцож байгаа. Цахилгааны эхний 150 кВт-ыг хуучин үнэ буюу 74 төгрөгөөр тооцдог байсан бол одоо 79 төгрөг болгожээ. Үнэ нэмэх тухай яриа өнгөрсөн өвлөөс л гарсан. Эрчим хүчний салбарын бодлого тодорхойлогчдын нэг, УИХ-ын гишүүн А.Тлейхан тухайн үед “Эхний 150 кВт цахилгаан хэрэглэсэн төлбөрийг хуучин үнэд нь барьж, түүнээс дээш хэрэглээг нэмэх болов уу” гэж ярьж байв. Гэтэл энэ яриа талаар болж, иргэд нэмэгдсэн тарифаар цахилгааныхаа төлбөрийг хийхээр болж байна. Жишээ нь, Улаанбаатар хотын гэр хорооллын болон бусад аймаг, сумын айл өрх нэг кВт/цаг цахилгааныг 71 төгрөгөөр хэрэглэдэг байсан. Ингээд бодоход цахилгааны төлбөрт сард дунджаар 10 мянган төгрөг төлөхөөр байна. Тэгвэл одоо энэ тариф найман төгрөгөөр нэмэгдлээ. Нийт эрчим хүч хэрэглэгчдийн 64 хувь нь 150 кВт-аас бага цахилгаан хэрэглэдэг гэсэн судалгаанд үндэслэн энэ тоог гаргасан гэх ч үнэндээ бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Хуучны дөрвөн өрөө орон сууцанд амьдардаг хоёр ам бүлтэй өрх өнгөрсөн зургадугаар сард 292 кВт цахилгаан хэрэглэж, нийт 28 мянган төгрөг төлжээ. Тэгвэл гэр хороололд цэцэрлэгийн насны охины хамт амьдардаг залуу гэр бүл сард дунджаар 15 мянган төгрөг төлдөг гэнэ. Орон сууц болон гэр хороололд амьдардаг цөөн ам бүлтэй өрхийн тухайд цахилгааны хэрэглээ ийм байна. Тэгэхээр төрөөс тогтоосон хөнгөлөлтөд хамрагдах өрхийн тоо өчүүхэн бага гэдэгт эргэлзэх юм алга. Хэрэглээгээ хязгаарлаж хэмнэлт гаргаж болох боловч зурагт, индүүнээс эхлээд цахилгаан зуух, хөргөгч, угаалгын машингүй айл өрх байхгүй.
Нийтээрээ цахилгааны хэрэглээ ийм өндөр түвшинд хүрээд байхад яаж ч хэмнэсэн сард 200 кВт-аас дотогш цахилгаан зарцуулах боломж алга гэж бухимдангуй хэлэх гэрийн эзэгтэйн үг үнэний хувьтай. Хүн амын 10 хүрэхгүй хувийг эзэлдэг чинээлэг өрхөд үнийн өсөлт падгүй. Сарын цалингаараа амьдарч буй дундаж давхаргынхан, эмзэг бүлгийнхэнд том дарамт болж байна. Нөгөө талаас иргэд цахилгааныхаа хэрэглээг хянах боломжгүй байдаг тухай гомдол байнга гаргадаг. Хэдэн жилийн өмнө амьдрал ядуугаас иргэд цахилгааны төлбөрийг цаг тухайд нь хийлгүй нэхэл дагал болдог байв. Энэ нь салбарын уналтад нөлөө үзүүлсэн гэдэг байлаа. Харин өнөөдөр өөр болсон. Хэрэглэгчидтэй гэрээ хийж, гэрээнд тусгасан хугацаандаа төлбөрөө хийгээгүй бол цахилгааныг автоматаар тасалдаг зарчимд шилжсэн нь төлбөр татан төвлөрүүлэлтэд том дэвшил авчирсан. Ингэснээр иргэдийн ухамсар, сахилга бат сайжирсныг ч дурдах хэрэгтэй. Эрчим хүч ашигласны төлбөрийг үүний өмнө 2011 онд нэмж байв.
Цахилгааны үнийн өсөлтийг дагаж гарах олон сөрөг үр дагаврыг тоо-цохоосоо өмнө энэ салбарын бодлого тодорхойлогчид 2014 онд эрчим хүчний салбарыг чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлнэ хэмээн ам уралдан ярих боллоо. Өнөөдөр нэг кВт цаг цахилгааны бодит өртөг 115 төгрөг байгаа бөгөөд нэмэгдсэн тарифаар тооцвол иргэд дунджаар 90 төгрөгийн үнэтэй цахилгаан хэрэг лэхээр болж байна. 25 төгрөгийн зөрүүг одоогоор төрөөс дааж байгаа. Эрчим хүчний салбарыг бие даалган, зах зээлийн жамаар нь хөгжүүлэх төрийн бодлого тодорхой болсон. Тэр зорилгодоо хүрэхийн тулд шат шатаар ахиж буй нь энэ. Төрөөс татаас авч өртөг зардлаа нөхөж байсан энэ салбарын ачааг удахгүй хэрэглэгчид өөрсдөө үүрдэг болно. Ингэснээр суурь үнийн өсөлтийг даган гарч ирэх сөрөг үр дагаврыг бодолцон, уран нүүдэл хийх хэрэгтэй. Эрчим хүчний салбарт авах арга хэмжээний талаар 2010 онд УИХ-ын 72 дугаар тогтоол гарсныг санаж байна. Төрөөс үнэ өртгийг нь барьсаар энэ салбар эдийн засгийн хувьд туйлдлаа. Хямралаас гарахын тулд хэрхэх тухай уг тогтоолд тусгажээ. Юуны өмнө төрөөс татаас өгөх замаар гал унтраах эхний алхмыг хийж байгаа. Ийн үе шаттай явсаар 2014 онд эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчимд шилжүүлэх даалгаврыг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Ачааны хүндийг хэрэглэгчид, ард иргэдийн нуруунд үүрүүлээд амжилтад хүрэхгүй нь тодорхой байна. Тэгвэл энэ салбар үнэ тарифын хувьд өөрийгөө дааж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах гарц нь юу вэ.
“Арав гаруй жил хөнгөлөлттэй үнийн тариф мөрдөн, алдагдал хүлээж ирсэн эрчим хүчний салбарыг өөд татахын тулд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд, уул уурхай, архины үйлдвэр, баар, ресторан зочид буудал зэрэг тансаг хэрэглээний газруудын эрчим хүчний тарифыг зах зээлийн жишигт нийцүүлж бол но. Мөн бизнесийн чиглэлийн үйлд вэр, үйл чил гээний газруудын цахил гааны хэрэг лээг тодорхой хэмжээ гээр нэмэг-дүүлэхэд тэдэнд төдий лэн нөлөөлөхгүй” гэж Эрчим хүчний инжене-рүүдийн холбооны ерөнхийлөгч Р.Ган жуур санал дэвшүүлжээ. Энэ мэт нүдээ олсон шийдэл гаргаж эрчим хүч ний салбарыг сэхээн амьдруулах хэрэгтэй байна. Ачааллыг ард иргэдэд үүрүүлснээр асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Ард иргэдийг үнийн өсөлтийн дарамтад оруулахгүй гээд стратегийн чухал ач холбогдолтой салбараа унагаачихаж бас болохгүй. Бид гэрэл цахилгаантай байх нь чухал. Манай улсын 329 сумын 309 нь төвийн эрчим хүчний системд холбогдоод байгаа. Ес нь сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхинаас эрчим хүчний эх үүсвэрээ авч байна. Харин 11 сум Орос, Хятадын хил орчмын төвлөрсөн цахилгаан хангамжаас эрчим хүч авдаг тухай Эрчим хүчний яамнаас мэдээлсэн. Үнийг нэмэхгүй гэж туйлшраад энэ салбарыг уналтад оруулбал үнэ нэмснээс илүү хохирол амсана. Эрчим хүчний салбарыг хямралаас гаргах алсын хараатай бодлого чухам юу байж болох вэ.
"ӨНӨӨДӨР"-ИЙН АСУУЛТ Цахилгааны үнийг нэмсэн нь зөв үү?
.png)
-Ө.Ундрах (Баянзүрх дүүргийн иргэн) -Буруу. Цалин нэмэгдээгүй байхад цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхээр ард иргэдийн амьдрал доройтно биз дээ. Энэ тухай өчигдөр орой зурагтаар сонссон. “Үнийг нэмэхгүй бол болохгүй, алдагдалд орсон” гэж байна. Манайх цахилгаандаа сард 20-30 мянган төгрөг зарцуулдаг. Одоо бараг 50 орчим мянган төгрөг төлөх байх. Ногоо, мах, будааны үнэ өссөн энэ үед цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхэд цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүст хүндээр тусна. Тэгээд ч хэдэн кВт цахилгаан ашиглаад байгаагаа мэдэх боломжгүй байдаг шүү дээ. Гар утсанд мессежээр ирсэн төлбөрийг л төлдөг. Төлбөр их гарсан үед асуухад “Таны хэрэглээ ийм байна” гэж ам тагладаг.
-Б.Чинбат (Сүхбаатар дүүргийн иргэн) -Цахилгаан, дулааны үнэ жил бүр нэмэгддэг нь амьдралд хүндээр тусдаг. Үнэ нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өснө шүү дээ. Манай хашааны хоёр айлд 13 хүн амьдардаг. Цахилгааны төлбөрт сард 200 гаруй мянган төгрөг төлдөг. Төлбөр их гардаг нь тоолууртай холбоотой байх. Цахилгаанаа хэмнээд байхад л өндөр гараад байдгийг ойлгодоггүй.
-Ц.Эрдэнэшиш (Чингэлтэй дүүргийн иргэн) -Миний бодлоор энэ бол буруу. Наймдугаар сарын 4-нөөс үнийг нэмнэ гэж мэдээлсэн ч өнгөрсөн сарын цахил гааны төлбөрөө төлөхөд нэмчихсэн юм шиг санагдсан. Ер нь нэг л учрыг нь олохгүй юм. Манайх ам бүл дөрвүүл. Өглөө ажилдаа яваад орой ирдэг болохоор цахилгаан бараг хэрэглэдэггүй. Зөвхөн өглөө цай, орой хоол л хийдэг. Утаагүй зуух авбал цахилгааны хөнгөлөлт үзүүлнэ гэсэн. Манайх зуух аваад жил гаруй болж байна. Хөнгөлсөн зүйл мэдэгдэхгүй байна.
-У.Ирээдүй (Дархан-Уул аймгийн иргэн) -Зөв. Учир нь улс, орны эдийн за сагт хэрэг тэй. Үнэ хямд бай хад хү мүүс зам бараагүй хэрэглэж, эрчим хүчний ачаалал, хомс- долд оруулна. Ер нь Засгийн газраас үнийг хатуу барих хэрэггүй, чөлөөлөх нь зөв. Би Дархан-Уул аймгийнх. Манай айм гийнхан цахилгааны урьдчилсан төлбөрт тоолуур ашигладаг. Өөрөөр хэлбэл, тоолуураа картаар цэнэглэж, хэрэглэсэн цахилгаанаа хянах боломжтой байдаг.
-Г.Түвшинжаргал (Сүхбаатар дүүргийн иргэн) -Энэ талаар сайн мэдээлэлгүй байгаа ч буруу гэж бодож байна. Цалин хөлс нэмэгдээгүй байхад хэрэглэгчдийн нуруунд л ачаа болж ирнэ шүү дээ. Би цахилгаан хэдэн кВт гарсныг мэддэггүй, СӨХ-ноос ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу төлбөрөө төлдөг. Нэгэнт л үнэ нэмж байгаа бол иргэдийг хэрэглээндээ хяналт тавих бололцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Э.ЭНХМАА