Салбараа гадарладаг биш “доторлодог” хүмүүсийн хэлж буйгаар лав л энэ жил манай улс нүүрсний орлогоос тэгтлээ горьдох хэрэггүй бололтой. Дан ганц уул уурхайн орлогоос хэт хамааралтай манай орны хувьд энэ нь тун таагүй таамаглал. Гэхдээ ая данг нь тааруулж чадвал алтнаас олох орлого нааштай төлөв байдал бий болгож мэдэх зураглал бас бий. Харамсалтай нь алт тойрсон асуудал үнэхээр ойлгомжгүй байгаа. Олборлосон алтаа Монголдоо тушаавал татварын хөнгөлөлт эдлүүлэх зорилготой Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль УИХ-ын босго давж чадалгүй “унасан”.
Гэсэн ч Засгийн газар “унасан” төслийн агуулгыг бараг бүхэлд нь шингээсэн төслийг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах нэрээр УИХ-д оруулж ирснийг хэлэлцэж эхлээд буй. Тодруулбал, Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгон бууруулж, өсөн нэмэгдэх роялти авахаа зогсоохоор эл төсөлд тусгаад байгаа юм. Хууль батлагдвал Оюутолгойгоос гэхэд л 2015 онд 2.3 ам.доллар олох боломжтой гэж илт “балиашиглах” нэгэн байхад үүн шиг хэрэггүй зүйл байхгүй гэж хүчтэй эсэргүүцэх байр суурьтай гишүүд ч байна. Ингээд алт тойрсон асуудлаарх харилцан адилгүй байр суурьтай байгаа гишүүдийн товч ярилцлагыг хүргэж байна.
Д.ГАНХУЯГ: ТАТВАРЫН ОРЛОГО БУУРАХ Ч БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 1.5-2.0 ТЭРБУМААР ӨСНӨ
-Ашигт малтмалын тухай хуульд оруулахаар хэлэлцэж буй нэмэлт, өөрчл өлтийн үр дагавар, ач холбогдол нь юу юм бэ?
-Хуулийн гол зорилго нь ердөө л алтны салбарын татварын орчны өрсөлдөх чадварыг сайжруулах юм. Алтны хууль бус, далд худалдааг ил болгох, Монголбанк болон арилжааны банкуудад төгрөгөөр тушааж буй алтны хэмжээг өсгөх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад төрлийн татвараар алт олборлогч компаниас улсын төсөвт оруулах орлогыг бүрэн төвлөрүүлэх зорилгоор анх Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барьсан.
Манай улс 2005 онд нийт 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд зургаан тонн болж Монголбанкинд тушаасан алтны хэмжээ буурсан. Гэтэл энэ хугацаанд зах зээл дээр алтны үнэ тогтвортой өсөж ирсэн. Үнээ дагаад олборлолт нэмэгдэх нь эдийн засгийн хууль шүү дээ. Хачирхалтай нь манайд эсрэгээрээ алтны олборлолтын хэмжээ буураад байгаа юм. 2011 онд ашигт малтмалын боловсруулалтын түвшингээс хамааруулан өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр роялтийн суурийг таван хувь, үнийн өсөлтөөс хамаарч нэмэх нь таван хувь буюу нийтдээ 10 хувь байхаар хуульчилсан. Энэ хувь хэмжээг татвар төлөхийн өмнөх ашгаас тооцвол 20-30 хувийн ашгийн татвартай тэнцэх юм. Энэ нь алтны салбарын татвар болон хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байна.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд роялтийг хоёр дахин бууруулахаар тусгасан. Энэ нь улсын төсөвт орох орлого энэ хэмжээгээр буурна гэсэн үг юм биш үү?
-Хөрөнгө оруулалтыг татах ямар боломж байж болох хийгээд алт олборлогч бусад орнуудын роялтийн талаар судалгаа хийсэн. Улс орнуудын роялти харилцан адилгүй байна. Тухайлбал, АНУ гурав, Чили тав, Бразил хоёр, Индонез дөрөв, Энэтхэг 2.5 хувь байхад манай улс суурь таван хувь, үүн дээр нэмээд өсөн нэмэгдэх татварын таван хувь нийлээд 10 хувьтай байна. Аливаа үйлдвэрлэл эрхлэгчид татварын таатай орчныг л хүсдэг. Тэгтэл манай өмнөд хөрш Байгалийн нөөцийн тухай хуульдаа заасны дагуу алтны уурхайн хүчин чадал болон ордын уул техникийн нөхцөл, газар зүйн байршил зэргээс хамааран үндсэн орд дээр 2-7, шороон орд дээр 1.2-2 хувийн роялти төлж байна. Алт тушаахад л хоёр хувийн роялтитай байна. Энэ их зөв зохицуулалт юм билээ. Тиймээс Монголбанк, арилжааны банкинд алтаа худалдсан тохиолдолд нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь байхаар, бусад этгээдэд худалдсан тохиолдолд таван хувьтай тэнцүү байхаар хуулийн төсөлд тусгасан. Хууль батлагдвал татварын орлого жилд 40-50 сая ам.доллараар буурах боловч алтны борлуулалтын орлого 1.5-2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Хөгжилтэй орнуудын гадаад валютын нөөц ДНБ-ий 40-өөс дээш хувьтай байдаг бол эл хууль батлагдсанаар таван жилийн хугацаанд Монголбанкин дахь алтны болон валютын нөөц жилд 8.5-10 тэрбум ам.доллараар өснө.
-Хуулийн төсөлтэй холбоотойгоор “Оюутолгой”-г дагасан хардлага нэлээд байна. Энэ тухайд юу хэлэх вэ?
-“Оюутолгой” ХХК-ийн алт баяжмал дотроо экспортод гарч байгаа учир Монголбанкинд алтаа биетээр, төгрөгөөр худалдах боломжгүй. Тэгэхээр хардах шаардлагагүй байх. Харин биет бусаар буюу санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглаж, Монголбанк төгрөгөөр худалдан авах боломж байх талтай. Тэгээд ч гэрээгээр “Оюутолгой” ХХКиас таван хувиас илүү роялти авах боломжгүй. Энэ хууль таван жилийн хугацаанд үйлчилнэ. Зэс хайлуулах үйлдвэрээ энэ хугацаанд барьчихвал Монголбанк энэ алтыг төгрөгөөр худалдан авах боломжтой болно. Гэхдээ үндсэн орд дээр шороон ордоос арай илүү роялти авах боломж бий. Энэ бүхнийг шийдэх эрх нь УИХ-д байгаа.
Х.БОЛОРЧУЛУУН: БАГА ТАТВАРАА БҮР БАГАСГАЖ БОЛОХГҮЙ
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та дэмжиж байгаа юу. Байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг санаачлах болсон гол шалтгаан нь алтыг Монголбанкинд тушаалгүй нууцаар хил гаргаж байна гэсэн таамаглал төдий зүйл. Үнэндээ нууцаар хил давуулж буй алт нь кг-аар ярихаас биш, тонн тонноор яригдах хэмжээнийх биш. Монголбанкинд алтаа тушаах нь багасаж байгаа нь шороон ордуудын нөөц дууссантай холбоотой. Энэ жилийн хувьд Монголбанкинд найман тонн алт тушаасан нь олон жилийн дунджаас харахад хэвийн үзүүлэлт. Харин алтны үндсэн ордын дийлэнхийг гаднын компаниуд эзэмшиж байна.
Гаднын компаниуд алтны үндсэн ордыг эзэмшиж байгаа тохиолдолд Монголбанкинд алт тушаасан ч манай валютын урсгалыг гадагшаа шилжүүлэх л болно. Цаашид үндсэн ордоос жилд 30 тонн алт олборлоно гэж байна. Монголбанк уг алтыг худалдаж авах боломжгүй. Алт нэмүү өртөг бий болгодоггүй хэрнээ байгаль орчинд нэлээд сөрөг үр дагавартайг хүн бүхэн мэдэж байгаа. Цаасан мөнгө үйлдвэрлэж өнөөх алтыг нь худалдаж авлаа гэхэд инфляц хөөргөдөх түлхүүр болно. Хэлэлцэх дарааллаа хүлээсэн олон төсөл байхад нэг төслийг ойр ойрхон өөр нэрээр оруулж ирээд байгаа нь үүний цаана ямар нэг ашиг сонирхол нуугдаж байгаагийн илрэл.
Шулуухан хэлэхэд хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхдээ хуульд захирагдана гэж бодохоос илүүтэй өөрт ашигтай байдлаар хууль, дүрмийг нь өөрчлөх санаа өвөртөлдөг болсон нь нууц биш шүү дээ. Энэ нь монгол төрийг эмзэг болгож байна. Хоёрдугаарт, өнөөдөр манай алтны татвар хоёр хөршийн алтанд ногдох татвараас харьцангуй бага байгаа. Бид татварыг бага дээр нь бүр бага болгож болохгүй. Монгол Улс хөгжмөөр байна. Ард түмэн хангалуун амьдармаар байна. Эх орноо өнгөтэй өөдтэй авч явъя гэсэн чин хүсэл байдаг бол үүнийгээ эргэж харах л хэрэгтэй. Аль нэг бүлэглэлийн төлөө бид эх орноо мартаж болохгүй. Миний эх оронд алт элбэг ч гэлээ ингэж бага татвар аваад байвал бидэнд юу үлдэх юм бэ. Үр хүүхдүүддээ юу үлдээх юм. Уг хуульд олигархиудын нөлөөлөл орчихоод байна гэж хардахаар байна.
-Төсөл санаачлагчдын зүгээс харин ч манай татварын хэмжээ өндөр байна гээд байгаа юм биш үү?
-Хятадууд алтны шороон орд дээрээ хоёр хувийн татвар авдаг хэрнээ үндсэн ордоос долоон хувийн роялти авдаг. Мөн ашгийн 40 хувийн татвар авдаг. Гэтэл манайх 25 хувийн татвар авдаг юм. Нэмүү өртөг манайд 10 хувь байхад урд хөршийнхөн 17 хувь байх жишээтэй. Манайд алтны татвар үнэхээр бага.
-Та хардаад байгаа шалтгаанаа жаахан тодорхой хэлэхгүй юү. Тухайлбал, яг хэний нөлөөнд автсан гэж. Та Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “АН-ынхан “Сентерра гоулд”-ынхантай уулзаж, сүжрээд байна” гэж мэдэгдэж байсан.
-“Сентерра гоулд” Дорнодын Цагаан-Овоод 29 тонн, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад 31 тонн, нийт 60 тонн алтны үндсэн ордыг авахад бэлэн болчихоод байна. “Сентьерра гоулд” “Бороо гоулд”-тай 10 жилийн гэрээ хийхдээ эхний таван жилд нь нэг ч төгрөгийн татваргүй алтаа авч, сүүлийн таван жилд нь татвараас 50 хувь чөлөөлөх гэрээ хийсэн. “Сентерра гоулд” татвар төлөхгүй эхний таван жилдээ бүх алтыг нь ухаад дуусгачихсан. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр дахин лообийгоо оруулж ирэх гэж байна.
Б.НОМИН