Говь-Алтай аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 17-г нь дахин тодруулах сонгууль энэ ням гаригт болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй хүмүүс “19-нд Говь-Алтайд сонгууль биш Алтайгаа аврах ард түмний тэмцэл өрнөх болно” гэж өчигдөр мэдэгдлээ. Араас нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Ардын намынхныг “шоудлаа” гэв. Эдгээр нь Говь-Алтайн сонгуультай холбоотой шүлс үсчүүлсэн мэдэгдлүүдийн анхных ч, бас сүүлчийнх нь ч биш.
Тус аймагт 2012 оны орон нутгийн сонгуулийн маргааныг тасалж дахин сонгууль явуулахаар болсноос хойших хэдхэн сарын хугацаанд сонгуультай холбоотой хэчнээн ч хэрэг, явдал болж өнгөрөв дөө. Заримыг нь ч бүр мартаж орхиж. Санаж буйгаасаа цухас дурдвал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын гарын үсэгтэй харилцан адилгүй агуулга бүхий албан бичгээс болж тодорхойгүй байдал үүслээ гэж хэсэг шуугисан. Хажуугаар нь 2008-2012 оны ИТХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгч нар өдгөө аймгийг удирдаж буй нь ер нь зөв юм уу гэж төрийн эрх барих дээд байгууллагын түвшинд баахан мэтгэлцлээ.
Алс баруун хязгаарт аймгийн Хурлын хэдэн төлөөлөгчийг сонгохоос болж улсын нийслэлд улс төрийн намуудын удирдлагууд нь ингэж ч “уралцах” гэж, чааваас. Улаанбаатарт ингэж байгаа юм чинь уул газраа улайм цайм улстөржиж байгаа нь ойлгомжтой, уур хүрмээр юм. Дэгс яривал одоо тэнд Их Хурлын ихэнх гишүүн ажиллаж байна. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй баг 10 гаруй хоног ажиллаад байгаа бол МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн, Д.Хаянхярваа нараар ахлуулсан баг ээлж дараалан Говь-Алтайг зорьж буй. Маргаан дэгдээж, сонгууль дахиулсан МАХН-ынхан ч мөн тийшээ УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ нарыг дайчилжээ.
Энэ бол ердөө ганцхан жишээ. 2012 оноос хойш энэ мэт баримт тоочиж барамгүй олон болж, улам бүр нэмэгдэж байгаа учир дөнгөж өчигдрийн үйл явдалд дөрөөлж хэлсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагаас эхлээд баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл гээд энэ орны өнцөг булан бүрт ийм асуудал иргэдийг бараг л өдөр тутам ээрдэг болчихож.
Энэ янзаараа монголчууд 2016 он хүртэл сонгуульдах бололтой. Уг нь бид яаж ч сонгуульдлаа гэсэн ээлжит дөрвөн жилийн хоёрт нь л улстөрждөг байлаа. Сонгууль болсон гэж, эсвэл болох гэж байна гэж дөрвөн жилийн эхэнд, бас төгсгөлд хүссэнээрээ ярьж, “шоуддаг” байсан цаг ард хоцорсон юм шиг ээ. Хэдийгээр сонгуулиас сонгуулийн хоорондох хугацааны тал шахамд нь улстөрждөг байсан ч бас ч гэж сүүлийн хоёр жилд нь ажил хийдэг байсан юм. ГовьАлтайн сонгууль юу болж дуусахыг бүү мэд. Идэр есийн хүйтэнд, өнөө маргаашгүй Цагаан сар болох гэж байхад хөдөөний хүмүүс сонгуульд идэвхтэй оролцох нь юу л бол. Тэртэй тэргүй бид “Сонгууль болж л байдаг юм” гэсэн ойлголтод дөжирч, энгийн л нэг үйл явц шиг үзэгдэж, ойлгогдох болсон юм чинь. Ирц нь хүрлээ гэхэд хэн нь маргаан дэгдээж, хэдэн шатны шүүх дамжиж заваарахыг хэн ч таашгүй.
Говь-Алтайгаас гадна Говьсүмбэрт ч дахин сонгууль хүлээгдэж буй. Парламентад ч сонгуулийн маргаан нь нэг тийш болоогүй асуудлууд байж л байна. Баг, хорооны асуудлыг мэдэх юм бүр ч алга. Тоо дурдаж, тодорхой хэлэх боломжгүй болтлоо замбараагаа алдсан болохоор тэр. Гэхдээ энэ нь орон нутгийнхан өөрсдөө тэгтлээ хутган үймүүлээд байгаа хэрэг биш л болов уу. Үндсэндээ улс төрийн нам, хүчний удирдлага, төв байгууллагаас улбаатай увайгүй улстөржилт л яваад байгаа юм. Улстөржилт хаа сайгүй байгаа учраас хуулиа хэрэгжүүлж хүчирдэггүй гүйцэтгэгчид холион бантан хутгаад байгаа хэрэг. Тэдний улстөржилтийн золиос нь тэнд амьдардаг иргэд байдаг. Тэд улайм цайм улстөржихдөө тэнд хүн амьдардгийг умартдаг. Тэр баг, хороо, сум, дүүрэг, аймгийн аж амьдрал, улс орны хөгжлийн хурд саарч, бүдгэрч буйг анзаардаггүй. Жишээ нь, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамгийн олон хүн амтай Дорнод аймаг “эзэнгүйдэж”, цас зуданд зутарч буйг мэдсээр байж Засаг даргад хэдэнтээ нэр дэвшсэн М.Бадамсүрэнг төрийн албаны туршлагагүй гэдэг шалтгаанаар батламжлалгүй жил тойрсон. Дорнодод Ардын нам олонх болсон ч Засаг дарга нь АН-ынх байх ёстой гэдэг ганцхан шалтгаан Ерөнхий сайдад үйлчилсэн гэж би харддаг. Яагаад гэвэл, өнөөдөр М.Бадамсүрэнгийн гомдол, зарга яван явсаар Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэцэд дуудангуут М.Бадамсүрэнгийн эсрэг буюу Н.Алтанхуягийн талд шийдвэр гаргасан Дээд шүүх “шинэ нөхцөл байдал үүслээ” гээд дахин хуралдах тухай яриад эхэллээ. Тэгэхээр энэ байдал 2016 оноор дуусгавар болох уу гэдэг нь хамгийн том асуудал.
Магадгүй 2016 оны УИХ-ын сонгууль зарлагдахад 2012 оных нь дуусаагүй байж мэднэ. 2016 онд гарцаагүй ужгирах энэ мэт маргаан 2020 он хүртэл үргэлжилнэ. Уршиг энэ. Энэ нь Монголын улс төрд нөлөө бүхий хоёр том нам болох АН, МАН-ын давамгайлал ойрын 2-3 сонгуулийн хугацаанд хадгалагдана гэсэн таамаглалтай холбоотой. Аль аль нь тэгтлээ илүүрхэж, үнэмлэхүй олонх болж чадахгүйд хамаг учир бий. Өнгөрөгч сонгуулиар АН 34, МАН 26 суудал авснаас тэгтлээ хол зөрөлгүй, өөр хоорондоо хэдэн суудал шилжүүлэх байдлаар цааш явах биз. Магадгүй 2016 онд МАН цөөн хэдэн суудлаар илүүрхлээ гэхэд өнгөрснийг бодож, “өс санах” байдлаар шинэ тоглолт эхэлнэ гэсэн үг. Дуусдаггүй сонгуультай Монголын дутуу маргааш ийм буюу.
Б.НОМИН