“Төрийн бодлого, үйл ажиллагаанд шинэчлэлийн салхи сэвэлзүүлнэ” хэмээн амласан Засгийн газрын хийж бүтээхээр зорьсон ажлын нэг нь шинэ төмөр замын бүтээн байгуулалт. Яриа, хэлэлцээр өрнөж, цаасан дээр бууснаас хойш долоо дахь онтойгоо золгож буй хэвтээ тэнхлэгийн дагуу тавих 1800 км төмөр замын төсөл бодит ажил болохын цагт эдийн засагт тулгарч байгаа хүндрэл арилах болно. Нийгэмд ийм хүлээлт байгаа ч төсөлд ахиц гарав уу? Шинэ төмөр замын ажлыг урагшлуулах мэдээ өнгөрсөн онд сүр дуулиантай дэгдэж, салбарын яамнаас төслийн санхүү, хууль, техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниудыг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарласан. Өрсөлдөөнд гадаад, дотоодын 16 компани оролцож, техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр таван тивийн 135 оронд 3000 гаруй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай Японы “Nippon Koei” компани, хуулийн зөвлөх үйлчилгээг АНУ-ын “Sidley Austin”, Монголын “MDS & Associates” фирм, санхүүгийн зөвлөх үйлчилгээг Францын “BNP Paribas”, АНУ-ын “Guggenheim International” компани хариуцахаар болсон. Үүнээс өмнө бүтэл муутай төслийг урагшлуулах шахалтад өртсөн Засгийн газар 2013 онд шинэ төмөр замд “Чингис” бондын хөрөнгөөс 400 сая ам.доллар хуваарилсан. Гэвч Эдийн засгийн хөгжлийн яам энэ хөрөнгийн талыг нь буюу 200 сая ам.доллар олгоод байгаа.
Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч тодруулах тендерт “Samsung C&T” компанитай хамтран оролцож явсан БНХАУ-ын “Арвантавдугаар товчоо” нь тойргийн гадна үлдэж, Ухаахудаг дахь нүүрсний ордоос өмнөд хил рүү зүглэж, Монгол, Хятадын хил дээр нийлэх төмөр зам 20 орчим км-ээр зөрсөн. Эл зөрүүг хоёр улсын хилийн хамтарсан комисс шийдэх ёстой ч комисс энэ асуудлаар нэг ч удаа хуралдаагүй гэх мэдээлэл тараад байгаа юм. Шийдвэр гаргагчид Тавантолгойн орд газраас Гашуунсухайтын боомт хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтын ажил 40-60 хувьтай явж байна хэмээн бүтэн жилийн турш ярьснаас өөр олигтой зүйл дуулгасангүй. Энэ бүгдийн ард шинэ бүтээн байгуулалтын асуудлаар хоёр улстай хэрхэн хамтарч ажиллах, өмнөд хөрштэй тохиролцох учиртай төмөр замын огтлолцлыг хэзээ, хэрхэн тохирох, цариг нь нарийн байх уу, өргөн байх уу зэрэг мэдээлэл бүрхэг үлдэж, “нууц”- ын авдарт шургалжээ.
Ерөнхий сайд саяхан “Энэ онд төмөр замаа урагшлуулна, хөрөнгө зарцуулна” гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч ямар ажилд, хэчнээн хэмжээний хөрөнгө зарахаа дуулгаагүй нь Шинэчлэлийн Засгийн газар шийдлээ олоогүйг харуулж байна уу гэлтэй. Түүгээр ч зогсохгүй анх 5.2 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн тооцсон төслийн нийт өртөг ам.долларын өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн савлагааг даган нэмэгдэж, өнөөдөр хэдий хэрийн зардал хэрэгтэйг тооцсон нарийн баримт алга. Тэгвэл мэргэжлийн хүмүүс “Төмөр зам тавих технологийн онцлог болон байгаль орчинд нөлөөлөх хүчин зүйл, өргөн царигаас нарийн цариг руу шилжүүлэн ачих горим, транзит тээврийн ач холбогдол уг төсөлд тусгагдаагүй” хэмээн шүүмжилж байна. Харин олон нийт “Өмнөд хөрш рүү чиглэсэн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай төмөр зам нарийн царигтай байх нь эдийн засагт ашигтай” гэдэгт санал нэгдээд байгаа. Бага зардлаар их хэмжээний нүүрс тээвэрлэнэ гэж зорьсон төсөл мөрөөдөл хэвээр байгаатай зэрэгцэн дэлхийн зах зээлд хар алт үнэгүйдэж, эдийн засагт чамлахааргүй байр суурь эзэлж байсан нүүрсний экспортоос мөддөө бид сайн мэдээ дуулахгүй нь бололтой.
Удахгүй эхлэх бүтээн байгуулалтын улирлыг энэ янзаар угтвал төслийн хувь заяа өмнөх жилүүдийн нэгэн адил “дампуурлын зам”-аас хазайхгүй. Сураг сонсвол “Шинэчлэлийн Засгийн газар төмөр замын төслийг урагшлуулах гарцаа сэм хайж эхэлсэн. Юуны өмнө төслийг урагшлуулахад саад болж буй нууцлагдсан хэлэлцээрийн алдааг засах оролдлого хийж байгаа” гэж эх сурвалжууд мэдээлж байна. Үүнээс гадна төмөр замын төслийн хувь заяанд УИХ дахь олонхийн бүлэг сэтгэлээ чилээж буй гэнэ. Өнгөрсөн намар Засгийн газрын тэргүүнд АН-ын бүлэг төмөр замын царигийн асуудлыг УИХ дахь намын бүлгээр хэлэлцүүлэх даалгавар өгсөн гэх. Ерөнхий сайд энэ саналаас татгалзаагүй бөгөөд “Засгийн газар царигийн асуудлыг арваннэгдүгээр сард багтаан боловсруулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж УИХ дахь бүлгийн дарга Б.Эрдэнэбатад амласан.
Өдгөө УИХ дахь АН-ын гишүүдийн дунд “Шинэ төмөр замын төсөл гацаж, улс орны эдийн засаг царцаж байгаа нь АН доторх бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой. Төр төмөр замын төслөөс хувийн хэвшлийг шахан гаргаж, бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, хэвтээ тэнхлэг, геополитик гэх үгээр өөрсдийгөө далдалсан бизнесийн бүлэглэлийн гарт төмөр замын төслийг өгч, татвар төлөгчдийн хөрөнгийг үрэн таран хийж болохгүй” гэх хандлага давамгайлах болсон сурагтай. Юутай ч УИХ-ын гишүүн Г.Батхүү “Дамжин өнгөрүүлэх тээвэр, ложистикийн бодлого боловсруулах” Ажлын хэсэг байгуулж, уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулж, транзит худалдаа, тээврийг хөнгөвчилсөн холимог тээвэр, ложистикийн үйлчилгээг төрөөс бодлогоор дэмжин зохицуулах цаг ирсэн гэдгийг УИХ-ын гишүүдэд дуулгаж явна. Түүний ард Төмөр замын мэргэшсэн инженерүүдийн холбоо ажиллаж байгаа бол парламентад УИХ-ын дарга тэргүүтэй нөхөд дэмжиж буй сураг байна. Эл Ажлын хэсэг зорилгоо “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжин нэмэгдэж буй энэ үед Монгол Улс хоёр хөрш, тухайлбал, байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн бүсүүдтэй холбох эдийн засгийн харилцааны гол гүүр болох бодлогыг тууштай баримтлах замаар тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбооны болон эрчим хүчний сүлжээний томоохон төслийг хэрэгжүүлнэ” гэж тодорхойлж байгаа. Түүнчлэн тээвэр, худалдааны салбарт гол үүрэг гүйцэтгэх ложистикийг төрөөс бодлогоор дэмжих ёстой гэж үзсэн Г.Батхүү тэргүүтэй гишүүд Ложистикийн тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Тэд ложистикийн нэгдсэн сүлжээ байгуулах, экспортын бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай төмөр замыг нарийн царигаар тавих, өмнөд хөрш рүү гаргах нүүрсний экспортыг шилжүүлэн ачихгүй, илүү зардал гаргахгүй байхад чиглэж буй аж.
УИХ дахь АН-ын гишүүдийн дунд өрнөж буй ийм хатуу байр суурь Засгийн газрын тэргүүнийг алмайруулж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН дотор үүссэн зөрчлийг эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй эв зүйгээр шийдэхийн тулд тэвдэж байгаа гэх. Харин Ерөнхий сайд улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэх энэ шийдвэрт бөөрөнхий хандалгүй, зөв гарц олж чадвал төслийн гацаа бага ч болтугай арилж, хөгжлийн гараа дөтөлнө гэсэн байр суурьтай гишүүдийн дунд биш болоод байгаа сурагтай. Хэрвээ Засгийн газар олны хүлээлтэд хариу барьж, төслийн хувь заяаг шийдэж эс чадвал энэхүү гацааг тайлж, нийгэм, эдийн засгаа алхам урагшлуулах, бодлого боловсруулах, өөрчлөх, шинэчлэх эрх УИХ-д бий. Тиймээс парламент 2010 оны хавар УИХ дээр дуулиан шуугиан дэгдээн байж батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг сөхөн харж, батлагдсан цагаасаа хойш дөрвөн жил хэрэгжилгүй цаасан дээр хэвтэж, хэрүүлийн алим болж буй энэ баримтад салхи оруулж магадгүй болжээ.
Дөрвөн жилийн өмнө УИХ энэхүү баримтыг батлахдаа “...Монгол Улсад барих шинэ төмөр замыг төрийн өмчид байлгах, төмөр замын дэд бүтцийн шинээр барих чиглэлийг тогтоохдоо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг түшиглэх, орд газруудын ачаа тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, ашигт малтмалыг эрэлт ихтэй зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамааралгүй байх нөхцөлийг хангахыг зорих, ойролцоогоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийн нэгд үгээр үе шатанд Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаянгийн 400, Сайншанд-Баруун-Уртын 350, Баруун-Урт-Хөөтийн 140, Хөөт-Чойбалсангийн 150 км төмөр зам барьж байгуулна” хэмээн заасан. Тэгвэл цаг хугацаа биднээс уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох замаа яаралтай тавихыг шаардаж, гарцаагүй шахалтад өртсөн Засгийн газар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоын баримт бичигт “...шинэ төмөр замын тодорхой үе шаттай хийгдэх ажлын хугацааг эдийн засаг, нийгмийн хөгжил, хөрөнгө санхүүгийн эх үүсвэртэй уялдуулан Засгийн газар тухай бүр шийднэ” гэж заасны дагуу Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн 267 км замаа эхлүүлээд байгаа.
Дээрх бодлогын баримт бичигт монголчуудыг долоон жил хэрэлд үүлсэн нэг биш нэлээд заалт бий. Тухайлбал “...Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” гэх заалтын дагуу шинэ төмөр замыг өргөн царигаар тавихаар тооцож, монголчууд өмнөд хил дээр уул уурхайн түүхий эд шилжүүлэн ачих төв байгуулах чиглэлтэй явж байгаа. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг мөн бодлогын баримтад “...Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнд царигийн асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлэх шахалт үзүүлж буй сурагтай. Тэд үүнийг өнөөдөр үүссэн эдийн засгийн хүндрэл саадыг давах гарц мөн гэж харж байгаа ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шийдвэр хэрхэн гаргах нь тодорхойгүй байна.