УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн онд шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажил болон энэ жилийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Монголдоо үйлдвэрлэх зорилтод хүрэхийн тулд 2014 онд нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөөд буйгаа Засгийн газрын тэргүүн онцолсон. “Чингис” бондоос 270 тэрбум төгрөгийг сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулаад байгаа бол мөн бондоос хуваарилагдаагүй үлдсэн 360 тэрбум төгрөгийг үйлдвэрлэлд зориулна гэлээ. Үүний зэрэгцээ Японд борлуулсан бондын 450 тэрбум төгрөгийг мөн энэ чиглэлд зарцуулах юм байна. Мөн “Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 15 уулзварыг шинэчилж, хурдны замын ажлыг эхлүүлэн, шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулна гэж тэрбээр мэдээлсэн. Амгалангийн дулааны станц, III ба IV ДЦС-ын өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулах аж.
.jpg)
Аймаг бүрт 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, 12 аймагт байгуулах оношлогооны төвийг энэ хавар ашиглалтад өгнө гэв. 40-өөс дээш насныхан ажил эрхлэхэд зориулж 3.2, залуу малчдыг дэмжихэд 3.5 тэрбум төгрөг зарцуулж, 50 мянган ажлын байр шинээр бий болгож, 24-өөс дээш насны 7000 мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ гэдгийг ч дуулгав. ТҮЦ машины үйлчилгээг нэмэгдүүлэхээс гадна төрийн гуч орчим үйлчилгээг гар утас, компьютероос авах боломжийг бүрдүүлэх гэнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн жорыг цахим болгож, “шилэн” данс, “шилэн” тендерийг бий болгоно гэж Ерөнхий сайд хэлсэн. Ерөнхий сайдын мэдээллийн дараа УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга С.Бямбацогт бүлгийн дүгнэлтээ танилцуулсан. МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотойгоор ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажил гэж болсон, болоогүй ажлыг хамж шимж хэллээ хэмээгээд цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулсан, инфляцын өсөлт, ханшийн үнэгүйдлийг барьж чадсан тухай бодит тоо баримтыг “нэхсэн”.
Харин авлига, хүнд суртлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн, олон нийтэд хүрч байгаа сайшаалтай зарим нэг санал, санаачилга байна гэж Ардын намынхан хэлэхээ мартсангүй. “Шинэчилж шийдье”, “Ерөнхий сайдын 30 минут”, “Бүтээн байгуулалтын цаг”, “Шинэ санаа” гэхчилэн иргэддээ нээлттэй тусгайлан мэдээлэл өгч, ил тод байх арга хэмжээ нь зөв ч гэлээ Засгийн газар хийж буй ажлынхаа хэлбэрт нь хэт анхаарч, агуулгыг нь орхигдуулж байна гэж байлаа. Эцэст нь тэрбээр “Бүтээн байгуулалтын чиглэлээр иргэдийн талархалд нийцэхүйц цөөнгүй ажил хийсэн ч гэлээ орчин үеийн хүнд аж үйлдвэр буюу төмөр-гангийн, зэс хайлуулах, хими-нүүрс боловсруулах салбаруудыг шинээр бий болгож, хөнгөн аж үйлдвэрээ орчин үеийн технологи бүхий салбар болгож экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг эрс сайжруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх гэх мэт томоохон хөрөнгө оруулалт, бодлогын алхмуудыг хийх шаардлагатай байна” гэж санууллаа. Ингээд мэдээлэлтэй холбогдуулан асуулт тавьж, саналаа хэлэх болоход УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Ийм бага хугацаанд Ерөнхий сайдын мэдээллийг хэлэлцэхэд учир дутагдалтай байна” гэж байсан ч гар өргөх хүн байсангүй.
Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн. Түүнчлэн Малын индексжүүлсэн даатгалын тухай болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг тойрч нэлээд ярилцсан. Тухайлбал, УИХын гишүүн Су.Батболд “Эмзэг салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор энэ төслийг оруулж ирсэн нь чухал. Гэхдээ төсөлд байгууллагын дүрэм, бүтцийн талаар илүү их тусгажээ. Өөрөөр хэлбэл, малаа яаж даатгах, хэрхэн зохицуулах вэ гэдгийг бага тусгасан байна. Энэ нь ганц энэ хууль төдийгүй бусад хуулиас ч ажиглаж болохоор байна. Зуд бол гамшиг. Орон даяар зуд нүүрлэж, гамшиг болоход эрсдэлийг даах чадвар байна уу” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Баярцогт “Төслийн үндсэн үзэл санааг дэмжиж байна. Гэхдээ давхар даатгалын компани төрийн оролцоотой байх нь энэхүү даатгалыг төрийнх болгож байна. Тиймээс зах зээлийн тогтолцоонд уялдуулан зохицуулж болоогүй юм уу.
Малын даатгалыг хувийн компаниуд хийж, давхар даатгалыг төр даах маягаар хийх хэрэгтэй юм биш үү” гэсэн санал нэмэрлэж байлаа. Энэ тухайд Ажлын хэсгийнхний зүгээс “Одоохондоо давхар даатгалыг авч явах байгууллага байхгүй байгаа юм. Олон улсад багцалсан байдлаар гаргаж, байнгын үйл ажиллагааг хангах чадвартай нэгж байх ёстой. Тиймээс давхар даатгалын компани заавал байх шаардлагатай. Энэ компанийг байгуулахад төрийн оролцоо хэрэгтэй. Яваандаа малын давхар даатгалын компанийг хувийн хэвшилд шилжүүлэх бололцоотой” гэсэн хариулт өгч байсан юм.
Б.НОМИН