Манай улсад Дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам бий. Хамгийн сүүлд 2012 оны аравдугаар сард Монгол консерватив хэмээх намыг бүртгэсэн байна. 2004 онд байгуулагдсан атлаа нэг ч удаа сонгуульд оролцоогүй Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам нэртэй улс төрийн хүчин бий. Бусад нь дангаараа, эсвэл эвсэл болоод нэг удаа ч болов сонгуульд оролцож, нам байгуулсныхаа хэргийг гаргасан аж.
Дээд шүүхэд бүртгэлтэй дээрх намуудын 40 хувь нь л дангаараа болон эвсэл байгуулж УИХ-д суудал авч байжээ. Үлдсэн 60 хувь нь сонгууль дөхөхөөр нэг сэрчихээд, бусад үед нь “ичээндээ” орчихдог. Тэднийг иргэд бараг мэдэхгүй, мэдэгдэх, таниулах хэмжээнд ч ажиллаагүй учраас хууль тогтоох “виз” авч чадсангүй.
“АМЬД” НАМ ХЭД БАЙНА ВЭ
Эдүгээ УИХ-д суудалтай АН, МАН, ИЗНН, МАХН, МҮАН-аас бусад 17 намаас тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, хийж байгаа нь олон нийтэд мэдрэгддэг, харагддаг нь хэд байгааг сонирхъё. 2004-2008 оны УИХ-д гуравдагч хүчний олон намын төлөөлөл ажиллаж байв. Эвсэл задарч, АН-аас л гэхэд Ард түмний нам (АТН), Үндэсний шинэ нам (ҮШН) “төрсөн”. Тухайн үед УИХ-д суудалтай байсан намуудаас БНН-ыг хүмүүс Б.Жаргалсайханаар төлөөлүүлээд мэдээд байдаг. Үе үе эрх баригчдаа шүүмжилж, байр сууриа илэрхийлдэг дарга нь энэ нам амьд гэдгийг сануулдаг юм. Хоёр ч парламент дараалан УИХ-д суудал авч, Засгийн газарт багталцаж явсан Эх орон нам 2008 оны сонгуулиас хойш үндсэндээ “сөнөсөн”. Л.Гүндалайд “ашиглуулаад” хаягдсан АТН зөвхөн Дээд шүүхийн бүртгэлд л “амьдарч” байгаа. Учир нь энэ нам нэг ч удаа сонгуульд оролцож үзээгүй. ҮШН-ын тухайд нэрээ МҮАН болгон өөрчлөөд шинээр байгуулагдсан МАХНтай хамтарч “Шударга ёс” эвсэл байгуулан эдүгээ төр барьж буй.
Манай улс төрийн ууган хүчнүүдийн нэг, 1996 онд цор ганц удаа УИХ-д О.Дашбалбар агсныг төлөөлөл болгон суулгаж байсан МУНН-ыг иргэд мэдэх биз. Хаа нэг намуудын хэлэлцүүлэг болоход намын дарга нь харагдаад байдаг юм. Ж.Батзандан, О.Магнай нараар ахлуулан сүртэйхэн гарч ирсэн ИХН тэр хоёр АН-ыг сонгосноор уналтад орсон. 2012 оны сонгуулиар тус нам нэр дэвшигчдийнхээ 90 хувийг бүсгүйчүүдээр бүрдүүлээд хүч үзсэнээсээ хойш ичээндээ оржээ. Д.Энхбаттай “хэрүүл” хийсээр Монголын ногоон нам нэрээ баталгаажуулж авсан хэсэг нөхөд хаа нэг дуугарч харагддаг. Ингэсхийгээд л “амьд” намын жагсаалт дуусаж байна. Арав ч хүрэхгүй байгаа биз. Бусад нь сонгууль дөхөхөөр л амь ордог, шинэ тутам голдуу нам байна. Дээрээс нь томоохон намуудаас мөнгө нэхэж шантаажилдаг, “шавар хаах” замаар амьдардаг нь ч цөөнгүй гэнэ.
НАМУУДЫГ ИЧЭЭНЭЭС НЬ ГАРГАВ
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн найруулах үүрэг хүлээсэн Ажлын хэсгийг өнгөрсөн хаврын чуулганаар байгуулсан юм. Дэд ажлын хэсэгт нь улс төрийн намуудаас төлөөлөл оролцуулсан. Хэдийгээр намуудаас санал авч байгаа ч Ажлын хэсэг уг хуулийн төслийг тийм амархан бэлэн болгочихож чадахгүй байгаа бололтой. Одоо болтол цаасан дээр буусан төсөл алга. Санал, санаа л хөврөөд байдаг. Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт өнгөрсөн долоо хоногт Бүлгийнхээ хуралд анхны мэдээллээ хийсэн. Энэ үеэр АН-ын гишүүдийн зүгээс “УИХ-д суудал авч чадаагүй намуудыг татан буулгах нь зөв” гэсэн санал гарсныг Бүлгийн дарга нь сэтгүүлчдэд уламжилснаар ичээндээ байсан олон намыг хэсэгтээ сэрээв. Уг асуудлаар ойрын өдрүүдэд хэлэлцүүлэг өрнөж байна. Үндсэн хуулиар олгосон эвлэлдэн нэгдэх эрхийг эрх баригч АН нухчин дарж, ардчиллаас ухарлаа хэмээн түрүүчээсээ мэдэгдэв.
МУНН-ын тухайд “Албан ёсны шийдвэр гараагүй байхад сандраад юу хийнэ” хэмээн тайван хандсан байна лээ. Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан “УИХ-д сууж, чихэртэй цай гүзээлэхийг л улс орны амьдралд оролцлоо гэдэггүй юм. Бид нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог” гээд АН-ынханд ардчилалдаа болгоомжтой хандахыг сануулсан байв. Мөн тэд “Улс төрийн намын нэр хүндийг ээлжлэн төр барьснаараа АН, МАН хоёр л унагасан. Бидэнд буруу байхгүй. Энэ хоёр нам төлөвшөөгүй байна” гэжээ. Энэ мэтээр намууд эсэргүүцлээ илэрхийлж эхэлмэгц АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “тайллаа” хийсэн. Тэрбээр “Намуудыг татан буулгая гээгүй, сэрээх гэсэн юм. Ажлын хэсэгт олон намын төлөөлөл багтаж байгаа ч идэвхтэй ажилладаг нь цөөхөн. Ганцхан АН шийдвэр гаргаж, монопольчилно гэж байхгүй. Одоо сэрсэн бол хамтраад ажиллая” гэв. Уг хуулийн төсөлд бусад намын анхаарлыг хандуулах түүний “заль” байжээ.
Иймэрхүү сенсаац дэгдээхгүй л бол өөрсдөд нь, төрийн тогтолцоонд ч хамаатай энэ чухал хуулийн хэлэлцүүлэгт дээрх маягаар сэрүүлэг тавьж байж л анхаарал хандуулах хүртэл байдал хэцүүдсэн бололтой. Юутай ч Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг олны анхааралд оруулаад авсан дээрх санал “амьгүй” олон намын талаар ярилцах асуудал бий гэдгийг давхар сануулсан. Гэрчилгээ авснаасаа хойш ядаж сонгуулиар ч амь орохгүй нам байж болох уу. 2-3 сонгууль дараалан оролцоод парламентад суудал аваагүй, эсвэл бүх шатны сонгуульд өрсөлдөөд ч амжилт гаргаагүй намуудыг татан буулгадаг хуулийн зохицуулалт зарим оронд байдаг аж. Үндсэн хуулиа өөрчлөөгүй байж намуудыг шууд татан буулгахгүй нь мэдээж ч цэгцлэх, хариуцлагын механизм бий болгох талаар анхаарах учиртай.
ТӨР НАМУУДЫГ 100 ХУВЬ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮҮ
Улс төрийн намын тухай хуулийн төсөл бол зөвхөн шуугиан дэгдээсэн дээрх санал биш. Үүгээр намуудын санхүүжилт, өмч, гишүүнчлэлтэй байх эсэх, төлөвшил, хариуцлага гээд олон том асуудлыг зохицуулах учиртай. Ажлын хэсгээс Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон намын төлөөллүүд бүх намыг ижил гараанаас гаргахын тулд төр санхүүжилтийг 100 хувь даах ёстой хэмээн санал нэгдсэн. Мөн нам өмчтэй байх учиргүй, бүх намыг нэг байранд оруулах нь зөв гэсэн санал ч гарсан. Ажлын хэсэг дээр төр 100 хувь санхүүжүүлээд иргэд, байгууллагаас хандив авахыг хориглох, эсвэл огт оролцохгүй байх гэх мэтээр хувилбар ярьж буй гэнэ. Гишүүнчлэл байх эсэх, өмч хэрэгтэй юү гэдэг дээр одоо болтол нэгдсэн саналд хүрээгүй байна. Нэг ёсондоо Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх ажил далан задгай байгаа учир ирэх хаврын чуулганд өргөн баривал том амжилт болох нь.
С.ТУУЛ