Монголд сайхан амьдрах ганцхан арга байна. Энэ бол хэн нэгэн эрх мэдэлтний хөлд сөгдөн, аль нэг хамаатнаа дулдуйдан байж төрд шургалах явдал. Шургалсан цагт лаагаа зажилна уу, луувангаа залгих уу гэдэг нь дурын хэрэг. Мэдээж, болбол хазахдаа том хазахыг хичээнэ. Маргааш гэхэд хурган даргын сэтрээсээ ангижрах аюултай тул өнөө шөнийн дотор амжиж аль болох том халбагадаж аваад арилна. Энэ бол энгийн иргэний нүдэнд ил харагддаг жирийн л жишээ. Засаг яаж данхайхаараа ямар этгээдүүдийн үүр болдгийн эгэл баримт.
Дарга нарын татаасууд засагт эзэн суусан, түүнийг дагаад төр занхайсан энэ түүх өчигдөр бий болоод өнөөдөр үргэлжилсэн хэрэг биш ээ. Бүхэл бүтэн хоёр аравны турш энэхүү увайгүй үйлдэл, хазааргүй давхилыг монголчууд өдөр бүр харсаар, мэдэрсээр өдгөө энэ сэдвээр дуугарах ч тэнхээгээ барж, хэлэх ч хүсэлгүй болсон байна. Хэвлэл мэдээллийнхэн хашгичаад дийлээгүй, төрийн бус байгууллагынхан ч бархираад бараагүй. Харин ашгүй, энэ сэдвийг улстөрчид өөрсдөө хөндөж эхэллээ. Бүр Төрийн тэргүүний амнаас засаг төр, олон нийт, нийгэмд хаяглагдан цацагдав. Томчууд өөрсдөө дуугарч байгаа энэ цагт л бид амжиж дуугаа хүргэж, урьтаж үгээ дамжуулах нь чухал. Хэрвээ ингэж чадахгүй бол томорсон толгойтой төрийн сонорт дуу хоолойгоо хүргэх, зузаарсан духтай засгийн анхааралд байр сууриа толилуулах боломж дахиж олдоо ч үү, үгүй ч үү. Ялангуяа ачааны хүндийг үүрч байгаа иргэн таны, дарамтын ихэнхийг амсаж буй бизнесмэн таны дуугарах цаг яг одоо мөн.
Иргэдийг дуугаа нэгтгэхээс урьтаж улстөрчид үгээ ижилсүүлж эхлэв. Тэд “Төрийн толгой том байгааг өчнөөн жил анхааруулсан шүү” хэмээн өмчилцгөөж байна. Төрийн тэргүүн энэ сэдвээр нийгэмд том тэсрэлтийг нэгэнт хийчихсэн болохоор улстөрчид дуртай ч дургүй ч үүнд анхаарал хандуулав. Тэгэхдээ улс төр хийх нэг боломж, иргэдэд шударга гэж харагдах бас нэг гарц хэмээн олзуурхав. Хойш сууж харагдвал дараагийн сонгуульд уначих аюултайг тэд эрхбиш мэдрэхтэйгээ. Гэхдээ нэг л зүйл онцгой анхаарал татаж байна. Чухам яагаад төрийн толгойны тойргийг томруулахаасаа өмнө биш, томруулсан хойноо тэд дуугарч эхлэв? Уг нь нам, фракц гэлтгүй цугаараа нийлж засгийг данхайлгасан, төрийн өндөр албан тушаалтны эрх ямбыг өчнөөн жил хуйвалдаж эдэлсэн, эдэлж ч байгаа улс шүү дээ, өөрсдөө.
Ямар ч нам, аль ч бүлэглэл сөрөг хүчин байхдаа төрийн институтийн буруу тогтолцооны талаар шүүмжилж л байдаг. Харин Засгийн эрх авангуутаа бүлх залгисан мэт таг чиг болчихдогийг бид мэднэ. Том төрийн том бялуунаас өрсөлдөн халбагадах боломж олдож байгаа болохоор тэр биз. Харин шүүмжлэлд өртөөд эхлэнгүүт “Хийсэн ажлыг маань харлууллаа, хийх гэж байгаа үйлийг минь үгүйсгэлээ” гэсэн сөрөг дайралтыг хийнэ. Сөрөг хүчин нь үнэнийг ярихаас илүү улс төржихийг чухалчилна. Энэ бол уламжлал болсон араншин, жам болсон үйлдэл. Буруутныг хайх болохоороо “Би буруугүй, чи буруутай, бидний үед сайн байсан, танай үед муу боллоо” хэмээн буруугаа бусад руу жийнэ. Уг нь “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэдэг үлгэр л дээ.
Улстөрч гэсэн нэрийн дор эрх мэдэлд хүрсэн УИХ-ын үе үеийн гишүүд, төрийн албан хаагч гэх далбааны ард засгийг атгалцсан цаг цагийн түшмэд Та бүхэн өөрсдөө л энэ бусармаг үйлдэлд буруутай гэдгийг монголчууд баттай сайн мэдэж байгаа гэдгийг сануулчихад илүүдэх юун. Толгой гэх намууд, олгой гэгдэх улстөрчид бүгдээрээ л төр барилцсан, төрийг самууруулсан нь гарцаагүй үнэн билээ. Тиймээс төр занхайж, занхайсныхаа хэрээр замбараагаа алдсан үзэгдэл өнөөдөр үүссэн биш, өчигдөр ч үүсээгүй, бүр уржигдраас угшилтай. Даанч манай улстөрчид үүнийгээ хэлэх, дутагдлаа хүлээх дургүй л дээ. Нэгэнт өөрсдөө гардан хийлцчихсэн болохоор яаж ийгээд мартагнуулахыг, өчигдрийг биш өнөөдөрт олны анхаарлыг хандуулах тактикт илүү сэтгэл чилээдэг. Уг нь сэтгүүлч бид л мартагдсаныг сануулж, орхигдсоныг олж өгдөг билээ л.
Одоогоос арван жилийн өмнө, 2004 онд УИХ-ын ээлжит сонгууль болсон. Сонгуулийн дүнгээр Эвслийн засгийн газар байгуулагдав. 2008 онд ээлж ирж, дахиад сонгуульдсан. Дахиад Хамтарсан засаг бий болов. Эвсэнэ, хамтарна гэдэг үг угтаа эв нэгдлийг илэрхийлдэг боловч манай шинэ улс төрийн хэллэгт эвтэйхэн тохиролцоод албан тушаалаа хуваая гэсэн санааг агуулдаг. Хэр олуулаа эвсэнэ, бас хамтарна, тэр хэрээр сайд, дэд сайдын сэнтийг олшруулна, хурган даргын суудлыг нэмэгдүүлнэ. Хамаатан садан, хамсаа дагуулуудыг нь шингээхийн тулд орон тоо олширч, засаг дахь ажлын байр элбэгшдэг. Энэ бол монгол хөрсөнд үндэслэж, монгол шороонд ургасан монгол улс төрийн хэв маяг. Гэхдээ энэ хэв маягт нэг дархлаа бий. Ямар ч орны, аль ч нам үүнийг хуулбарлаж чадахгүй. Яагаад гэвэл монгол улстөрч биш учраас.
2000-2004 оны Засгийн газрын үед төр голийтлоо таргалж, гөлийтлөө цулцайсан бүтэцтэй байв. Яамдын тоо 11, агентлаг 40-үүлээ. Дээр нь баахан дэд сайдтай. Дэд сайд хэмээх бялууны хэрчим чухамхүү энэ үед л мэндэлсэн билээ. Тэднийг оролцуулаад тоолбол нийт гучаад сайдыг тухайн үеийн Засгийн газар тэжээж, бордож байв. Эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй байсан он жилүүдийнхтэй адил тооны агентлагтай байсан гэхээр тэр жилүүдийн монгол төр бяцхан төсөвтөө хэт ахадсан л бүтэцтэй байж. Харин 2004 онд байгуулагдсан Засгийн газар агентлагийн тоог 30 болгож буулгасан ч яамаа 13 болгож олшруулав. “Агентлагийн тоог багасгах замаар яамдыг байгуулсан” гэж Засгийн газар малийтал инээж байгаад мэдэгдсэн ч нидэр дээрээ төр данхайх үйл явцад өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан нь энэ. 2004- 2008 оны хооронд Засгийн газрын тэргүүн гурван удаа өөрчлөгдөхөд нүглийн нүдийг гурилаар хуурсан үзэгдлүүд хавтгайрсан. Ард түмэнд ямар нэг байдлаар таалагдахын тулд яамдын тоог ганц, хоёроор цөөрүүлэх шийдвэр гаргасан ч татан буулгасан өнөөх яамдынхаа зүсийг хувиргаад агентлаг болгон авч үлдсэн. Нэгийг хорогдуулсан нэр зүүгээд нөгөөг олшруулдаг энэ үзэгдэл үе үеийн Засгийн газрын гардан хийдэг гол “төсөл” тул Монголын төрд уламжлал мэт заншиж, ёс мэт тогтжээ. Энэ Шинэ бүтээл оновчтой саналыг (ШБОС) дараа дараагийн Засгийн газрууд бүтээлчээр хөгжүүлсээр ирсэн билээ. ШБОС ямар хэмжээнд хүрснийг өнөөгийн Засгийн газрын бүтцээс ч харж болно.
Монголчууд ингэж яамдаараа гайхуулж, агентлагуудаараа бялхаж байхад манайхаас хэд дахин их төсөвтэй, хэдэн арван саяар илүү хүн амтай орнуудын төр цомхон бүтэцтэй тэсээд, болоод байдаг нь гайхмаар. Скандинавын хойгийн Швед улс л гэхэд 2007 оны үед ердөө арван яамтай байжээ. Энэ бүгдээс жишээ авч Үндэсний аудитын газар судалгаа хийгээд Монгол Улсад хамгийн сайн тохирох хувилбар нь есөн яам болохыг удаа дараа анхааруулсан байдаг. Гэвч хэн нь ч авч хэлэлцээгүй, тоож ч хараагүй. Ганц нэг улстөрч дуугарч л байсан байх. Гэхдээ өнөөдрийнх шиг бүгдээрээ дэмжиж, намаараа балиашиглаагүй л байхгүй юу.
Ингэхэд, томчууд төрийг яах гэж данхайлгадаг вэ? Ердөө ганц л шалтгаан бий. Хэн нэгэн лообийтой улстөрчид, аль нэг нөлөөтэй бүлэглэлд олуулаа толгой хоргодох оромж олгохын тулд л бүтцийн өөрчлөлтийг хийдэг, яам агентлагийн тоог нэмдэг. Яамдыг олшруулахын тулд аль нэг яамыг задалж, өндөглүүлэх хэрэг гарах нь мэдээж. Өндөглүүлэх арга ч амжилттай хэрэгжсээр ирсэн. Өндөглүүлэх мэс засалд хамгийн олон удаа өртөж, хамгийн ихээр “зовсон” яам бол Дэд бүтцийн яам. Нэгэн цагт тус яам бүхэл бүтэн 12 салбарыг өөртөө нэгтгэн зангидаж байсан учир бялуу хуваагчдын мөлжиж болох хамгийн мөлжүүртэй яс болсон түүхтэй. Дэд бүтцийн яам хэмээх ганц яам манай улстөрчид, намуудын эх барьсан “клоуны” аргаар ихэрлэхдээ эхлээд Түлш, эрчим хүчний яам, Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам гэж гурав хуваагдсан байдаг. Цаашлаад Эрчим хүчний, Зам тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлалын, Барилга, хот байгуулалтын, Эрдэс баялгийн, Уул уурхайн гэх мэтээр элдэв дээдийн өнгө зүстэй болж, салж нийлжээ. Үндэсний аудитын газрын 2007 онд гаргасан баримтаас харахад, Дэд бүтцийн яам гурав хуваагдсанаас болж орон тоо 2.6 дахин өсч, ажил үүргийн давхардал замбараагаа алджээ. “Зуун гарын үсэг цуглуулах” загвар чухамхүү эндээс л эхтэй билээ.
Гэхдээ үүнээс ч аюултай асуудал, түүнээс ч уршигтай хүндрэл үүссэнийг хүмүүс мартаагүй байгаа. Тэр бол хүнд суртал төрүүлэгчдийн хүрээ улам тэлсэн, авлига нэхэгчдийн тоо даамжирсан явдал юм. Төрийн бүх шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоо алдагдсанаар тушаал шийдвэрийн гүйцэтгэл үгүй болж, хариуцлага үүргийн тогтолцоо доголдсон. Дунд болон анхан шатны байгууллагууд хуулийг сахиулж байна уу, хуудуутай зүйл үйлдэж явна уу гэдгийг дээдчүүл нь мэдэхээ байсан. Мэдсэн ч тоодоггүй. Зузаан духтай засаг гэж энэ л дээ. Ийм духтанууд дээр нь сууж байгаа болохоор дунд шатны хурган дарга нар, анхан шатны байгууллагын байцаагч, мэргэжилтнүүд дураараа дургина, дунд чөмгөөрөө жиргэнэ. Энэ буруу замын улбаагаар төрийн нэр барьсан дээрэмчид төлжин идээшиж, хөгжин цэцэглэсээр өнөөг хүргэв.
1990-ээд оны дундуур амьдралаа өөд татах гэсэн монгол наймаачид буу шийдэм барьсан орос дээрэмчдэд хуу тонуулдаг байлаа. Тэгвэл энэ аргыг арай өөр аргаар, том толгойтой төрийн дарангуйллаар монголчууд монголчууддаа хэрэглэсээр өчн өөн жилийг ардаа орхижээ. Тэд дээрмээ боловсон аргаар хийнэ. Монгол дээрэмчдийн гол зэвсэг бол буу шийдэм биш, харин төрийн нүүр, хуулийн заалт. Гарыг нь хүндрүүлэхгүй бол тэд ямар ч жижиг зөрчлийг том хэрэг болгон дэвэргэж чадна, зөрчилгүй байлаа ч зөрчилтэй болгож харагдуулж дөнгөнө. Харамсалтай нь, дээрэмчдийн хуудуутай үйлдийн талаар ил шулуун хэлэх иргэн, илэн далангүй шүүмжлэх бизнесмэн тун цөөн байдаг. Арга ч үгүй биз. Хэрвээ шударга байвал төлөөсөнд нь зузаан духтнууд болон ичгүүргүй дээрэмчдийн хорхойтой араанд яс тас зуулгуулдаг. Гэхдээ энэ байдал улстөрчидтэй сүжирсэн том гарын бизнесмэн, их гарын баячууд, төрөөс төрсөн тэрбумтнуудад огт хамаагүй. Тиймээс дээр суугаа ах нарын төрөл садан, найз нөхөд болохын төлөө байгаагаа барьж гүйлддэг бас нэгэн гаж үзэгдэл бий болсон.
Төр томрохын хэрээр дарамт ихсэж, засаг занхайх тоолонд тэр нь нэмэгдэнэ. Хуульд захирагдаж, дүрэм журмыг баримталж, шулуун шударгаар хөдөлмөрлөж, болгож бүтээхийн төлөө яваа жирийн иргэд, аж ахуй эрхлэгчид л энэ зовлонг ойлгохоос ордонд тухлаастай сайд, яаманд суугаа дарга, тэдний хамсаатнуудын хэн нь ч мэдэхгүй. Мэдсэн ч үл тооно. Том төрийн үнэн дүр энэ.
Энэхүү нийтлэлээр бүхнийг харлуулахыг хүссэн юм биш ээ. Саарын хажуугаар нүүр тэнийлгэх сайн бага боловч бий. Ийм нэг жишээ байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс дуудав. Яваад очтол “Та илүү мөнгө төлсөн байна” гээд 40 мянган төгрөгийг маань буцаагаад өгч байна, өнгөрсөн зун. Яаж байгаа юм гэхэд “Манайх авлигагүй орчин, хариуцлагатай байгууллага” гэв. Ийм газар олон болоосой. Харамсалтай нь монгол дарга нарын хийж чаддаггүй, хийхийг тэгтлээ хүсдэггүй нэг ажил нь энэ байгаа юм. Хэн нэгнийхээ хийсэн, эхлүүлсэн сайн ажлыг дараагийн дарга нь нураадаг, өөрөө хийж чадахгүй хэрнээ өрөөлийн хийсэнд хорсдог энэ заваан араншин яагаад Монголд идээшчихэв ээ.
Том төр, зузаан дух, түүнээс үүдсэн гамшигт үр дагаврыг яаж арилгаж, хэрхэн зөв гольдролд нь оруулах талаар янз бүрийн байр суурь гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гэсэн өөрийн саналыг дэвшүүлсэн. Сөрөг хүчнийхэн өөрсдийн санааг хэлж байна. Засгийн газар өөрсдөө ухаалаг төр болох ёстой учир бас нэг юм хэлж таараа. Гэхдээ хэн нь ямар санал хэлэв, аль нь яаж шийдэв гэдэг нь иргэнд тийм ч чухал биш. Гагцхүү төрөөс үүрүүлсэн ачаа, засгаас үзүүлж буй дарамтаас үтэр түргэн гарах нь л энгийн иргэн бидний, эгэл бизнесмэн тэдний мөрөөдөл юм. Тиймээс дээр суугаа сайд танд, өндөрт тухлаастай гишүүн чамд ард түмнээ амар амгалан байлгах, аз жаргалтай болгох чин хүсэл байгаа эсэхээс л бүх юм хамаарна. Бүгдээрээ нийлж байгаад нурааж чадсанаа санаж гэмшиж, бултаараа хамтарч нийлээд засаж сайжруулж чадвал Монгол төрийн, Монголын түүхэнд мөн ч том буян болно доо.
Хорь гаруй жил хорин хэдэн тийшээ харж суусан нам, улстөрчдийн байр суурь өнөөдөр нэгэн зүг чигт, нэг үйл хэрэгт чиглэж байгаа нь алдаатай, адармаатай явж ирсэн Монгол төрд тун чиг цөөхөн тохиосон ололт юм. Энэ бол ховор боломж. Энэ түүхэн боломжийг ашиглан, эвсэж аваад босгодгоо, хамтарч байгаад цэгцэлдгээ харуулж өгөөч, улстөрчид өө.
Жалсрайн БАЯРЖАРГАЛ