Тойргийн хэлбэрээр хөгжүүлж буй нэг аймаг манайд бий нь Сүхбаатар. Тэд дөрвөн тойргийн системээр аймгийн хөгжлөө төлөвлөж, бүтээн байгуулалтаа эрчимжүүлж буй. Хөгжүүлж, дэлгэрүүлж болох ямар л шинэ туршлага байна, бүгдийг туршиж үзээд болж буйг нь үргэлжлүүлдгээ Засаг дарга Ж.Батсуурь хэлээд өөрсдийгөө “лабораторийн хулгана шиг” хэмээн тодорхойлов. Канад хаус хороолол, орон сууц, цэгцтэй гэр хороолол, малчид суурьших бүс гээд иргэд нь амьдрах хэд хэдэн сонголт тэнд бий. Эрчимтэй хөгжиж буй учраас аймгийн хүн ам сүүлийн хэдэн жилд нэлээд нэмэгджээ. Хөдөө аж ахуйн салбараасаа сүхбаатарчууд жилд 300 тэрбум төгрөг олдог байна. Мөн малын тоо толгой 2008 онд 1.5 сая байсан бол одоо 2.5 сая болж өсчээ.
Монгол Улсын далайд хамгийн дөт гарц нь Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт. Боомтоо түшиглэсэн аж үйлдвэрийн парк байгуулах, Баруун-Уртаас Бичигт хүртэл 270 км авто замаар Ази-Европыг холбосон транзит тээврийн гарц нээх, “Моннис” хэмээх харандаан загвар бүхий өндөр барилга, зочид буудал барихаас эхлээд тэдний төлөвлөгөө том, олон улсын хэмжээтэй. Засаг дарга нь “Том мөрөөдөж байж амжилтад хүрнэ. Анх хүмүүс итгэдэггүй ч хийснийх нь дараа үнэмшдэг” гэж байлаа. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Тойргийн системээр аймгаа хөгжүүлж, эхний гурван тойргийн авто замаа тавьчихсан юм байна. Зам тавихын тулд олон айлын газрыг чөлөөлсөн гэсэн. Ер нь газар чөлөөлөх асуудлыг яаж хялбархан, хэл ам багатай шийдэв?
-Гурван тойргоо дуусчихаад дөрөв дэх тойргийн замын далангийн ажлын 50 хувийг хийгээд байна. Манай Баруун-Урт хот 18 мянган хүн амтай. Бид төлөвлөлтөө 30 мянган хүн амын багтаамжтайгаар бодож хийж байгаа. Өмнө нь 14 жилд нэг км зам тавьж байсан бол сүүлийн зургаан жилд бид 50 км зам тавьсан. Бид эхлээд зураг төсвөө хөдөлгөөнгүй хийчихээд, дараа нь газар чөлөөлөхөөс аргагүй болсныг иргэддээ танилцуулдаг. Зам тавихын тулд 607 айлын болон байгууллагын объект буулгасан. Үүний нөхөн олговорт хоёр тэрбум төгрөг зарцууллаа. Зөвхөн 2013 онд 300 гаруй айлын газрыг чөлөөлсөн. Сүхбаатарынхан нэг хөгтэй, нэг зорилготой. Газар чөлөөлөхөд төрийн албан хаагчид идэвхтэй оролцсон. Иргэддээ газраа чөлөөлбөл мөнгийг нь өгөх, эсвэл хаус, орон сууц, усны нэгдсэн систем, үйлчилгээний цогцолбортой гэр хороололд орох гэх мэтээр сонголт өгдөг. Иргэд хувийн эрх ашгаасаа нийтийнхийг эрхэмлээд нүүдэг болсон. Албадан газар чөлөөлнө гэж байхгүй.
-Богино хугацаанд авто зам тавьж буй нь сайн ч нөгөө талдаа чанарын тухай ярих ёстой. Замын чанарт хэрхэн анхаарч байна вэ?
-Эхний ээлжинд хөгжлийн коридоруудаа гаргахаар зорьж байгаа. Өндөр барилга барихын өмнө хэтийн төлөвлөлттэй холбоотойгоор замаа барих нь чухал. Нөгөө талаар аймгийн төвд зам барихад зориулж улсаас хангалттай мөнгө өгч чаддаггүй. Усны байгууламжтай, чанартай зам нэлээд өндөр өртгөөр босдог. Бид ийм нэг км зам тавих уу, 10 км замын коридороо гаргаж, стратеги бодлогын төлөвлөлтөө хийх үү гэдгээс сонголт хийсэн. Учир нь усны байгууламжтай зам хийх төсөв бидэнд алга. Тиймээс орон нутгийн түвшинд дараагийн тэр замыг тавих бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Монголд барьж буй замын дундаж өртгөөс доогуур үнээр, орон нутгийнхаа материалыг ашиглаад илүү олон км зам тавьж байгаа. Мэдээж үүнийгээ тодорхой хэмжээнд чанартай байлгахын төлөө ажилласан.
-Бичигтийн боомтыг хөгжүүлэх, олон улсын транзит тээврийн бүс болгохоор зорьж буй гэсэн.
-БНХАУ талаас манай хил хүртэл авто зам байгаагүй учраас өмнө нь энэ тухай ярьж байгаагүй. Манай улсаас далайд гарах хамгийн дөт зам нь Бичигтийн боомт. Ази, Европыг холбодог авто замын тээвэр Алтанбулагаар, далайн тээвэр нь Тяньжинээр дамждаг. Энэ төвлөрлийг сааруулж, хоёр дахь гарцыг нээхгүйгээр Монгол Улсын эдийн засаг тэжээгдэхгүй. Тавантолгой, Оюутолгой гээд хошуураад байгаа ч зүүн бүсийн аймгуудад хоёр тэрбум тоннын нөөцтэй хүрэн нүүрсний орд бий. Байгалийн хий, шингэн түлшийг үүгээр үйлдвэрлэдэг. Тиймээс Сүхбаатараар дамжин өнгөрөх төмөр болон авто замын тээврийг нээснээр зүүн бүс, цаашлаад улсын эдийн засаг хөгжих боломжтой. БНХАУ-ын үйлдвэрлэл дэлхийд ноёлж байна. Тэнд хийж буй бүтээгдэхүүнийг АНУ, Европ руу хязгаартай гаргадаг. Хэрэв Бичигтийн боомтыг нээвэл “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүн бий болох юм. Оёдлын үйлдвэрүүд цаанаасаа түүхий эдээ аваад бүтээгдэхүүн хийгээд төмөр замаар гаргавал дэлхийн аль ч оронд аваачих боломжтой. Баруун Европын зах зээлд бүтээгдэхүүн гаргахын тулд далайгаар 45 хоног тээвэрлэдэг бол манайх төмөр замтай холбогдсоноор энэ хугацааг 14 хоног болгоно.
С.УУЛ