Ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 22 жилийн ойг хоёр долоо хоногийн өмнө бид ёслол төгөлдөр тэмдэглэв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 2000 оны төрийн тогтолцоог завхруулахад хүргэсэн алдааг засах тухай энэ үеэр дээр, доргүй л ярьсан. Энэ бол байнгын сэдэв. Ийм яриа гарах тоолонд 1992 оны Үндсэн хууль төгс төгөлдөр байсан тухай тодотгол дагалддаг юм. Мэдээж уг хуульд дэвшилт олон зохицуулалт оруулсан. Үүний үр шимийг бид эдүгээ амсаж яваа. Гэхдээ АИХ-ын 400 гаруй төлөөлөгч 1992 онд 2000 оны өөрчлөлтөөс дутуугүй, улсын хөгжлийг хойш татсан нэгэн алдаа хийжээ. Үндсэн хуулиас “хот” гэдэг үгийг хасаж, засаг захиргааны нэгжийг аймаг, нийслэл, сум, баг, дүүрэгт хувааснаар хөгжлийн “гацаа” үүссэн гэхэд болно. Үндсэн хуульд өөрчл өлт оруулах тухай ярихдаа энэ талаар дурддаг хүн ховор, дуугарсан ч газар авдаггүй. Үе үеийн УИХ-аар аймгийн төвүүдийн, ядаж Дархан, Эрдэнэтийн хотын статусыг сэргээх талаар хүч багатайхан яриа өрнөөд намжчихдаг. УИХ-ын намрын чуулганаар 30 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний 29 дүгээрт Зарим хотыг улсын зэрэглэлтэй болгох тухай тогтоолын төсөл багтжээ. Чуулган хоёрдугаар сарын 10-нд завсарлах гэж байхад тогтоолын төслийг УИХ-д өргөн бариа ч үгүй байна. УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газарт уг төслийг яаралтай өргөн барих чиглэл өгсөн, тэд нь удахгүй оруулж ирнэ гэх сураг л бий.

“ХӨДӨӨЖҮҮЛЭХ” ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГОР
Тосгон, хот үүсгэж соёл иргэншлийг төвлөрүүлдэг дүрмээр олон улс хөгжсөн атал манай улс зөрүүдэлж үлдсэн байна. 1992 оны Үндсэн хуульд дээрх заалт орсноор зөвхөн Улаанбаатарыг л хотын статустай үлдээснээр 100 гаруй мянган хүнтэй Дархан, 90 гаруй мянган оршин суугчтай Баян-Өндөр (хуучнаар Эрдэнэт хот) сум бий болов. Хот байх бүх л шалгуурыг хангаж, тэр хэрээрээ цэцэглэн хөгжиж байсан газрыг шууд л “аймагжуулж” орхисон нь энэ. Хот байхдаа Дархан нийтийн тээврийн автобустай, хоггүй цэмцгэр байв. Харин хотын статусыг аймгаар сольсон даруйд хөгжилд тэмүүлэх алхаа нь нийтээр удааширсан гээд хэлчихэд болно. Аймгийн төвөө зорих сумын иргэдийн хөлд дарагдсан, хогтой, утаатай, дүнсгэр газар л болжээ. Хотжуулах, хөгжүүлэх биш, хөдөөжүүлэх, “балгасжуулах” заалтын горыг хүртсэн газар нь зөвхөн дээрх хоёр хот биш. Хайлуур жоншны уулын баяжуулах болон махны үйлдвэртэй, төмөр зам, төвийн цахилгаан сүлжээнд холбогдсон байсан Хэнтий аймгийн Бор-Өндөр хот бүр багийн статустай болж “унасан” юм. Ингээд үйлдвэрүүд нь ч хаагдаж, одоо уурхай нь үлгэн салган шахам ажилладаг болсон. Гэвч үйлдвэржилтээ дагасан хотын амин сүнс байсаар, эдүгээ 10 мянга гаруй хүн амтай. Тиймээс ч аймгаас нь сонгогдсон гишүүд хэдэн УИХ дамжин хэл ам хийж байж сум болгож нэг шат ахиулсан билээ. Хөвсгөлийн Хатгал эдүгээ АлагЭрдэнэ сумын харьяа баг. Цагтаа Хатгал хот аймгийн төв Мөрөнгөөс ч том, цэцэглэж байсан гэх. Гэтэл Үндсэн хуулийн засаг захиргааны нэгж завхруулсан заалтаас болж баг болтол жижгэрч, тэр хэрээр хөгжлийн хүрээ нь хумигдаад мартагдсан тосгон болж хувирсан. Багануур хэмээх хамгийн сүүлчийн, шинэхэн хот, дүүрэг нэрээр дүнсийсээр удав. Сум, баг, дүүрэг болгоод хөгжсөн жишээ олдохгүй нь. Харин мартагдсан, иргэд нь амьдрал хайн хот бараадсан, эзгүйрсэн, балгас болсон жишээ олон олдоно.
ОРОЛДЛОГО
2008-2012 оны УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Үүний дараа Орхон, Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүд хамтраад хотын статусаа сэргээх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах төсөл өргөн барьсан. Үүнд 50 мянгаас дээш хүн амтай суурин газрыг хотын статустай болгох, 20 мянгаас дээш иргэнтэй Хархорин, Говьсүмбэр, Зүүнхараа, Замын- Үүдийг бүсийн болон орон нутгийн чанартай хот болгохоор тусгасан аж. Гэвч УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бусад төсөлтэй нэгтгэн хэлэлцэхээр болж, удалгүй парламентын бүрэн эрх дуусахтай зэрэгцээд уг асуудал мартагдчихсан юмдаг. Энэ талаар овоо дуугарч, хөөцөлдсөн Д.ДамбаОчир ч улирч сонгогдсонгүй. 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө бүх аймгийн төвүүдийг 15000-аас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох зорилт тусгасан. Үүний дагуу одоо Зарим хотыг улсын зэрэглэлтэй болгох тухай тогтоолын төсөл боловсруулж буй. “Давхар дээл”-ийг дан болгох асуудлыг Үндсэн хуульд хүрэлгүйгээр шийдэж болно хэмээн УИХ үзэж буйтай адилаар хотын тоог нэмэх боломжтой гэж үзсэн бололтой.
ХУУЛЬ БАТЛАХААС ӨМНӨ ХОТЖИЖ БОЛНО
Хот байснаа аймаг, эсвэл сум, баг болж хувираад, тэр хэрээр иргэдийнх нь сэтгэл гундаж, хөгжил нь доройтсон газрууд байхад эсрэгээр санаачлаад зүтгэвэл амжилтад хүрч болохыг харуулсан газар бас бий. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөгжлөөс үүнийг харж болно. Жилээс жилд бүтээн байгуулалт, хөгжил нүдэнд илт харагдахаар өрнөсөн байх нь бахархмаар. Тэндхийн аймгаа хөгжүүлэх зарчим энгийн.
Зөв төлөвлө, зөв бодлого явуул. Өөрөөр хэлбэл, иргэдээ нутагт нь сайхан амьдруулахын тулд улсын төсвийг хараад мөрөөдөж суухын оронд байгаа боломжоо ашиглаж, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад байж болох зөв бүхнийг туршиж, хэрэгж үүлж буй аж. Сүхбаатарын зарчмаар хөгжихийн тулд бусад аймгийнхан тэднээс суралцаж эхэлсэн. 2008-1013 онд аймгийн хэмжээнд 3235 хүн, Баруун-Урт суманд 1523 хүн бусад аймаг, сумаас шилжин ирж, суурьшсан байна. Сүхбаатар аймгийн хамгийн цөөн хүн амтай Наран сум 1537 хүнтэй. Тэгэхээр нэг сумын иргэдтэй тэнцэх хүн төв рүүгээ нүүж ирсэн гэсэн үг. Улаанбаатар утаандаа баригдаж, хүн амын ачааллаа дийлэхээ байсан. Тэгвэл хотыг зорьсон нүүдлийг сааруулах нэг арга нь орон нутгаа хөгж үүлэх. Энэ гарц нь хотжуулах төлөвлөгөө. Бүх аймгийн төвийг хот болгох зорилтоо шинэчлэлт, өөрчл өлтөд уриалдаг энэ Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Хотыг нь сум, баг, дүүрэг болгоход орон нутгийн иргэд дуртай байгаагүй нь лавтай. Иргэдээ сонсолгүйгээр, олон улсын хөгжлийн чиг хандлагаас зөрж баталсан хуулийн заалтыг засах ухаан энэ УИХ-д бий гэж итгэе. Уул уурхайгаа дагаад хот болон өргөжих олон сумын, тэнд амьдрах өрхүүдийн хувь заяа энэ шийдвэрээс хамаарна.
Үндсэн хууль
Дөрөвдүгээр бүлэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага
Тавин долдугаар зүйл.
1. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.
С.ТУУЛ