Бишкек хотын өнгө төрх зэвхий саарал. Яг л уйд автсан хүн бөгтийн суух шиг сэтгэгдэл төрүүлнэ. “Азийн Нью-Йорк” гэж арай хэтрүүлэн өргөмжилсөн нэрийг хилийн цаадах буриадуудаас сонсох болсон шил, толь шиг гялалзаж, өнгөжиж байгаа Улаанбаатарын хүнд ийм сэтгэгдэл төрөх нь зүй. Ганц ч өргөгч цамхаг харагдахгүй нь эднийхэн идэх, уухаасаа илүү гаргаж чадахгүй байгааг лавтайяа илтгэнэ. Хотын хөгжлийн хурдыг өргөгч цамхгийн тоогоор хэмжиж болно гэдэг дээ.
Дараагийн нислэг хүлээх зуураа Бишкектэй цухасхан танилцахаар хөлсөлсөн таксины жолооч, хижээл насны эр баахан яриасаг. Замаа харж, жолоогоо мушгихаас асууж, шалгаах нь илүү. Баахан байцаагдаж явтал адуу өргөсөн эрийг дүрсэлсэн хөшөөний дэргэдүүр өнгөрөв. Мөнөөх жолооч “Манай Киргизстаны адуу өргөсөн бяртай эрийн дурсгал” гээд тачигнатал инээгээд хэн ч гэнэв нэр хэллээ. Тэгээд монгол хүн ингэж чадах уу гэх аятай харц чулуудав. “Манайд тэмээ өргөсөн хэд хэдэн бяртай хүн бий” гэвэл дуугарсангүй. Цаашлуулмаар санагдаад “Тэмээ, адуу хоёрын аль нь илүү жинтэй бол” гэвэл “Тэмээ” гэж хариулаад таг. Хэсэг бодолхийснээ одоо Манас баатрын хөшөөг үзүүлнэ гээд “Манас баатар бол агуу эр зоригтон” байсан гээд “дэвэрч” гарлаа.
Дотроос хоржоон хатгаад “Манас, Чингис хоёрын аль нь том бэ” гэж асуув. “Чингис байлгүй яах вэ. Чингисийн үр сад бидний өвөг дээдсийг 300 жил эзлэн түрэмгийлсэн” гээд муухан мушийв. Тэгснээ гэнэт харц нь ширүүсээд “Та нар өнөөдөр тохиролцож байна. Танай дээдэс тэгдэггүй байсан шүү” гээд ямар нэг үг хурдан хэл гэх аятай ам руу харах нь тэр. Үнэндээ юу гэж хариулахаа мэдсэнгүй. “Хохь чинь” гэж хэлэлтэй нь биш. Харин хариулт хайхын оронд бодлын далай руу шумбалаа. ...Тийм ээ, бидний өвөг дээдэс тохиролцож яваагүй, үгийг нь дагаагүйг тэрэгний бултай тэнцүүлэн цавчиж явсан. Тэр их уур хилэн, эр зориг, сүр хүч дэлхийн тэн хагасыг нэгэн үед захирсан Монгол туургатны түүхийг бичсэн юм. XIII-XVI зуунд дэлхийн талд дэг журам тогтоож явсан үндэстний үр сад бид өнөөдөр л үнс нурам дундаас өндийж байна.
Бидний өвөг дээдэс ч бас 300 жил Манж, Оросоор утсан хүүхэлдэй мэт удирдуулж, хоцрогдол доройтлын үнс нурам дунд унасан... Жолооч эр дуут дохиогоо хангинуулахтай зэрэгцэн бодол минь сарнилаа. Түүний харц монголчуудад 300 жил дарлуулсан дээдсийнхээ өшийг авч, зам дээр буулгаж хаячихаад давхичаж мэдэхээр ширүүн хэвээр. Гэвч тэр 40 ам.долларыг зам дээр шидчихээд явчихаж яахан зүрхлээ аж. Ай, тохиролцдоггүй байгаад тохуурхуулж, тоглоом болж өрнөсөн түүх минь, дээдэс минь.
Т.ЭНХБАТ