Аливаа чуулган завсарлахаасаа өмнө дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталдаг. Үүний дагуу хуралдааны бэлтгэлийг хангадаг учиртай. Гэтэл энэ уламжлал сая хэрэгжсэнгүй. Хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай тогтоолын төслийг түүхэндээ анх удаа “унагаж” орхив. МАН болон “Шударга ёс” эвслийн бүлгээс санаачилсан хууль, тогтоолын төслийг жагсаалтад багтаагаагүй нь үүний шалтгаан. Сөрөг хүчний шүүмжилдгээр АН-ынхан дарангуйллын аргаа хэрэглэж, зөвхөн өөрийн намынхнаас санаачилсан төслөө оруулаад бусдыг нь хав дарчихав уу, эсвэл “но”-той төсөл байсан учраас хойшлуулсан уу. УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван субъект хууль санаачлах эрх эдэлдэг. Хэлэлцэх асуудлын дараалалд тусгуулахаар тэднээс 279 санал ирүүлсэн аж. Үүний 47 нь АН-ын, 46 нь МАН-ын, 35 нь “Шударга ёс” эвслийн бүлгийн санал юм. Бие даагч гишүүдийн тухайд С.Ганбаатар ганцаараа 10 хуулийн төслийг хэлэлцүүлэх санал оруулсан байна. Тогтоолын төслийг боловсруулахдаа эдгээрээс цаг хугацаа заасан, салбарын Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон 18 асуудлыг жагсаалтад тусгажээ.
Н.ЭНХБАЯРЫН ТӨЛӨӨ УРАГШАА
Энэ бол МАХН-ын бичигдээгүй уриа. Тус намаас УИХ-д сонгогдсон гишүүд өөрсдөд нь итгэл үзүүлсэн сонгогчдын гэхээс илүү намын дарга Н.Энхбаярын нэрийг цэвэрлэхийн төлөө ажилладаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярт Төрийн тэргүүн уучлал үзүүлж, оноосон ялаас нь чөлөөлсөн. Гэхдээ зөвхөн ялаас чөлөөлсөн болохоос буруугүй гэж өршөөсөн хэрэг биш. Тиймээс БНСУ-д эмчлүүлж буй даргынхаа нэрийг цэвэрлэж авахаар МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүд зүтгэж байгаа юм. Ц.Оюунбаатар гишүүний санаачилсан Өршөөлийн тухай хуулийн төслийг “Шударга ёс” эвслээс зүтгүүлсэн ч хэлэлцэх асуудлын дараалалд багтсангүй. Үнэн хэрэг дээрээ ганц л хүнд зориулсан уг асуудал МАХН-ынхны хувьд чухал болохоос олон нийтэд хүртээлгүй. Дээрээс нь АН-ын болон эвслийн бүлэг хооронд “Эхлээд Гэмт хэргийн тухай хуулиа хэлэлцэн баталсны дараа Өршөөлийн тухай хуулийг ярилцана” гэсэн тохиролцоо хийсэн байжээ. Гэвч цагаа тулахад тэд тохиролцсоноо “мартсан” аж. МАНынхантай нэгдэж, хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай төслийг “унагах” болсон шалтгаан нь энэ.
200 САЯ УУ, 50 САЯ УУ
МАН-ын бүлгээс санал болгосон 46 асуудлаас Газрын тосны, Малын индексжүүлсэн даатгалын, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн гурван төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр багтаасан юм. Малчдын тэтгэвэрт гарах насыг богиносгох, Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 200 сая төгрөг болгох гэх мэтээр тэдний санаачилсан асуудал жагсаалтад ороогүй. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ малчдын тэтгэврийн насыг богиносгохтой холбоотой асуултад “Олон улсад тэтгэвэрт гаргах насны босгыг нэмнэ үү гэхээс хасдаггүй. Манайд ч хасахгүй. Ингэлээ гээд малчдад ашиг байхгүй” гэсэн хариулт өгч байсан. НӨАТ-ын тухайд Засгийн газраас 50 сая төгрөгийн босго тогтоох төсөл өргөн барьсан бол МАН-ынхан үүнийг дөрөв дахин нэмэх “сөрсөн базааны” санал оруулсан билээ. Босгыг ингэж өндөрсгөөд улсын эдийн засагт ашиг байхгүйг эдийн засагчид ч хэлж буй. Энэ мэтээр тэдний санаачилсан зарим асуудал популизмын чанартай, АН-ын эсрэг сөрөхийн тулд сөрж, зөрүүдэлсэн байдалтай хуулийн төсөл байна гэж олонх үзсэн аж. Байнгын хороодын шүүлтүүрээр ийм улстөржсөн төслүүд гарч чадсангүй.
Ач холбогдлынх нь дарааллаар хэлэлцэх асуудлын дарааллыг боловсруулахдаа аль аль Бүлгийн саналаас тэнцүүхэн оруулахаар хичээсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүдийн асуултад хариулахдаа Дэд дарга Р.Гончигдорж онцолж байсан билээ. Нөгөө талаар ач холбогдлынх нь дарааллаар асуудлаа төлөвлөөд хаврын чуулганы өмнө өөрчлөлт оруулах, цаг үеийн хууль, тогтоолын төслийг Даргын зөвлөлөөр яриад тухай бүрт нь оруулах боломж бий.
Санаачилсан төсөл бүрийг УИХ хэлэлцэх боломжгүй, хэлэлцлээ ч дэмжих албагүй. Намрын чуулганыг хаахдаа УИХ-ын дарга З.Энхболд “Хууль санаачлагчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу олон хууль боловсруулж өргөн барьж байна. Энэ нь сайн ч нийгмийн бодит хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий судалгаа, тооцоо сайтай хуулийг чанартай боловсруулж өргөн барих шаардлагатай байна” хэмээн онцолсныг ч энд бодууштай мэт санагдана. УИХ бол ард түмний амьдрал, нийгмийн харилцааг зохицуулах хөрсөн дээр буусан хууль баталдаг газар болохоос хэн нэгний санаанд орсон бүхнийг хууль болгодог байгууллага биш. Юутай ч хаврын чуулганаар юу хэлэлцэхийг ээлжит бус чуулганаар шийдэхээр болж байна.
С.ТУУЛ