Одоогоос дөрвөн жилийн өмнө, түрүүчийн Засгийн газар, УИХ-ын үед Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсны дараа тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд “Төсвийн зарлагад шинэчлэл хийлээ” хэмээн алга хавсрах нь холгүй талархал илэрхийлж, гишүүд ч алга нижигнүүлж байсныг тодхон санаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос шууд хамаарал бүхий эдийн засагтай манай улсын хувьд голлох ашигт малтмалын үнэд суурилсан таамаглалын хүрээнд төсвөө зохиож, түүнээс давсан орлогыг Тогтворжуулалтын санд төвлөрүүлэн хуримтлуулахаар болсныг шинэчлэл гэхээс яахав. Төсөөлсөн орлого буурч, төсөв тасрахгүй л бол Тогтворжуулалтын санд хэн ч гар хүрэх эрхгүй. Таамагласнаас илүү гарлаа гээд тарааж цацахыг ч зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, болзошгүй эрсдэл, эдийн засгийн өсөлтийн үеийн хэт тэлэлтээс хамгаалах хэрэгсэл гэж тодорхойлж буй. Гэхдээ энэ нь ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэсэн анхны сан биш.
Хувь, хишиг хүртээх нэрээр сар бүр олгодог байсан 21 мянган төгрөгийн “авдар” болсон “Хүний хөгжил” сан нь дээрхтэй нэгэн адил баялгийн сангийн нэгэн хувилбар юм. Дээрх хоёр сангийн үйл ажиллагаа, менежменттэй холбоотой нэгэн шүүмжлэл “аялдаг” нь эдгээр санд төвлөрч буй мөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулж үр өгөөжийг нь дээшлүүлэхийн оронд хав дарчихдагтай холбоотой. Тэгвэл энэ мэт сангуудад хөдлөлгүй “хэвтэх” хөрөнгөө хэрэгтэй цагт нь эргэлдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нь өсгөх эрх зүйн орчныг бүрдүүлэх Баялгийн сан буюу ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлаад буй. Өөрөөр хэлбэл, сангийн хөрөнгийг нь хэрхэн арвижуулах, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлагын ямар зарчмыг үндэс болгохыг тусгаж, хөрөнгийн үйл ажиллагаа явуулах, үнэт цаас, хувьцааны арилжаанд оролцох, үндсэн хөрөнгө худалдан авах зэргээр сангийн хөрөнгийг арвижуулах боломж бий болгох нь.
Цаашлаад энэ төрлийн үйл ажиллагааны орлогоос тодорхой хэсгийг нь улсын төсөвт нэмэрлэнэ гэж байгаа. Норвегийн хувьд сан нь ингэж бий болгосон орлогынхоо дөрвөн хувийг төсөвтөө өгөх жишээтэй. Харин манай нөхцөлд 20 эсвэл 40 хувь байж болох юм гэж төсөлд тусгажээ. Мэдээж уул уурхайн салбараас төсөвт орох тодорхой эх үүсвэрүүдээс сангийн хөрөнгө бүрдэнэ. Гэхдээ 2025 он буюу 10 жилийн дараачаас эхлэн сангийн хөрөнгөөс тодорхой хэсгийг нь боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжих зориулалтаар хуваарилалт хийж болох гэнэ. Өөрөөр хэлбэл, 2050 он хүртэл өөр бусад зориулалтаар сан болон сангийн хөрөнгийн өгөөжөөс төсвийн зориулалтаар ямар нэгэн хэлбэрээр зарлага, санхүүжилт хийхгүй гэжээ. Төсөл санаачлагчид энэхүү хуулийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлснээр жилд 500 орчим сая ам.доллар хуримтлууллаа гэж үзэхэд 2050 он гэхэд нийт 230 гаруй тэрбум ам.доллар болно гэж тооцоолжээ. Үүнийг одоогийн хүн амын тоо, ханшаар тооцвол хүн бүрт 130 гаруй сая төгрөгийн хуримтлал буюу хадгаламж бүрдсэн байх гэнэ.
Ирээдүйн өв сан нь Монгол Улсын бүх ард түмний өмч байх бөгөөд сангийн өмчлөгчийн эрхийг нийт ард түмний нэрийн өмнөөс Монгол Улсын төр хэрэгжүүлнэ. Тодруулбал, сангийн хөрөнгийн удирдлага, менежментийг төрийн оролцоотой, бие даасан хөр өнгийн компани буюу корпорац хийнэ. Корпорацыг үүсгэн байгуулагч нь Засгийн газар бөгөөд гол хувьцаа эзэмшигч нь Сангийн яам байж, нэгдсэн бодлого, хяналттай байлгахаар тусгажээ. Корпорацын гүйцэтгэх удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу сонгох юм байна. Сангийн тухай хууль баталснаар Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг хүчинг үй болгож, “Хүний хөгжил”санг татан буулгах аж.
Баялгийн сан буюу ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслөөс
4.1. Сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
4.1.1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого;
4.1.2. Ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь;
4.1.3. цэвэр өгөөжөөс энэ хуулийн 5.2 (2025 оноос эхлэн тухайн жилийн цэвэр өгөөжийн 20 хүртэл хувийг Монгол Улсын иргэдийг гадаад улс оронд нарийн мэргэжлийн болон боловсрол, эрдмийн зэрэг эзэмших сургалтад суралцуулах үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан улсын төсөвт орлого болгон хуваарилж болно)-т заасан зориулалтаар төсөвт шилж үүлсний дараа санд үлдэх хэсэг;
4.1.4. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйл (Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь ДНБ-ий таван хувиас доошгүй байна)-д заасан Төсвийн тогтворжуулалтын сангийн өмнөх оны хуримтлалын ДНБ-ий 10 хувиас давсан хэсэг;
4.1.5. Монгол Улсын татварын хууль тогтоомжид өөрчлөлт оруулан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг нэмэгд үүлсэн тохиолдолд уул уурхайн салбараас энэхүү нэмэгдсэн хувь хэмжээгээр улсын төсөвт орох нэмэлт орлогын 50 хувь
Б.НОМИН