УИХ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг өнгөрөгч сарын эхээр баталсан. Баталсан өдрөөс нь дагаж мөрдөж буй эл хууль санаачлагчдынх нь хэлж байсан үр дагаврыг авчрах болов уу. Хуульдаа “зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлал” хэмээн тодорхойлсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хувь заяа хэрхэх бол. Ямар ч байсан стратегийн ач холбогдол бүхий болон энгийн ашигт малтмалаас тусад нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын эрх зүйн тусгайлсан орчин бүрдлээ.

Одоогоос бараг дөрвөн жилийн өмнөөс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хэд хэдэн удаа хуулиар хугацаа зааж, адаг сүүлд нь Ашигт малтмалын тухай хууль (хуулийн төсөл нь УИХ-д орж ирээгүй байгаа)-ийг шинээр баталж, дагаж мөрдөх хүртэл гэсэн тодорхойгүй хориглолтод ороод байсан түгээмэл тархацтай ашигт малтмал хайгчид ийнхүү эрх чөлөөг нь мэдрэх нь. Ингэснээр хамгийн гол нь шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан зам, барилгын бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, улс эх орны бүтээн байгуулалтын цаашдын хувь заяа дэлгэрэн дэвжинэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, элс, хайргыг энэ хавраас илүү олон газарт олборлож эхлэх нь ээ. Угаасаа энэ нь дээрх хуулийг батлуулах хамгийн том шалтгаан байсан гэж хэлэхэд болно. Гэхдээ хүн амын төвлөрөл даган өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй Улсын бүтээн байгуулалт болсон Улаанбаатарын хэрэгцээний элс, хайрганы их эрэл Туул гол дагуу төвлөрдөг нь метрополис хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээний усан хангамж, байгаль экологид сөргөөр нөлөөлж буй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар үүнийг зогсоож, зохицуулж чадах уу.
Хэн дуртай нь харсан газраа ухаж сэндийчин хайрга, элс олборлодог байдал алга болох уу. Төрийн захиргааны төв байгууллагаас орон нутгийн удирдлагуудын гарт ирсэн тусгай зөвшөөрөл олгох эрх эрээ цээргүй аашилдаг байдлыг эмх журамд оруулж чадах уу. Юутай ч тун удахгүй “их засвар”-т орохоор зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд заасан зарим заалтыг бодвол хугацаа хийгээд давтамжийн хувьд харьцангуй нааштай зүйлүүд тусгалаа олсон байна. Тухайлбал, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар хоёр удаа сунгадаг байсныг хоёр жилээр нэг удаа сунгадаг болжээ. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд нөөцийн хэмжээнээс хамааран 20, 20 жилээр сунгадаг байсныг хоёр дахин бууруулжээ. Гэхдээ байгаль орчныг хамгаалах, хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө үүрүүлэх хариуцлага зэргийг нь сонжвол өмнөхтэйгөө ижил үг, өгүүлбэрүүд шинэхэн хуульд дурайж байна. Өөрөөр хэлбэл, Туул голыг тойрсон ээдрээт, эмгэнэлтэй дүр зураг бүдгэрэх нь бүү хэл улам тодрох болотой. Угаасаа барилга, бүтээн байгуулалтын их ажил саатлаа гэсэн бачим хүслийн эрхээр хүчинд автаж “мэндэлсэн” болохоор хамгийн чухал асуудал байгаль экологийн сүйрлийг тооцоолоогүй, тооцсон ч тоогоогүй нь тодорхой байна.
Анхнаасаа гал унтраах маягаар буюу хэзээ батлагдах нь тодорхойгүй хуулийн төслийг хүлээж суухаар гэсэндээ түгээмэл тархацтай ашигт малтмалыг тасдан авч ийнхүү хууль болгосон нь энэ. Тиймээс ч тасдаж авсан хайрга, дайргыг төрийн захиргааны төв байгууллагад хариуцуулж байхаар орон нутгийн удирдлагад шилжүүлчихье гэсэн бололтой. УИХаар хэлэлцэж байхад аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргад эрхийг шилжүүлж буйгаа орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой гэхээс өөрөөр хамгаалж чадахгүй байсан юм. “Түгээмэл” гэж тодорхойлуулснаасаа эхлээд тоомжиргүйхэн бодлого дор яваа хайрга, дайрга минь тун удахгүй нүдний гэм болох вий.
Б.НОМИН