УИХ-ын намрын чуулганаар нийт 100 хууль, 52 тогтоолын төсөл баталсан. Үүний 12 нь бие даасан, 81 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль байжээ. Баталсан гол хуулиуд нь голдуу эдийн засагтай холбоотой байв. Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай учраас ихэнх зохицуулалт энэ салбарт чиглэсэн гэсэн үг. Намрын чуулганаар баталсан гол хууль, тогтоолын онцлогийг хүргэж байна.
Ашигт малтмалын хууль: -Энэ бол хамгийн их шүүмжлэл, хардлага дагуулсан хууль. Эдийн засагт үүссэн таагүй нөхцөлийг сайжруулах зорилгоор Засгийн газраас өргөн барьсан дөрвөн ч хуулийн нэг нь Алтны худалдаанд ил тод байдлыг хангах нэртэй байсан. Гэвч сөрөг хүчний зүгээс уг хуулийг “Оюутолгойн лообий” хэмээн хардсанаас улбаалан төслийг чуулган дээр “унагасан” юм. Засгийн газар шантралгүйгээр уг санаагаа Ашигт малтмалын тухай хуульд тусган оруулж ирснээр батлуулж дөнгөсөн. Алт олборлогч компаниуд нөөцийн болон нэмэлт төлбөрийн татварыг улсад төлдөг. Гагцхүү Оюутолгойн хөрөнгө оруулагчид нэмэлт төлбөрөөс гэрээний дагуу чөлөөлөгддөг юм. Нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монголбанк болон түүний эрх олгосон банкинд алтаа тушаасан компанийг нэмэлт төлбөрөөс бүрэн чөлөөлж, нөөцийн татвар буюу роялтигаас 50 хувь хөнгөлж, 2.5 хувиар төлөх эрх олгосон.
Өөрчлөн баталсан хууль Оюутолгойд ч мөн үйлчилнэ. Тэд одоо эдэлдэг хөнгөлөлт дээрээ нэмээд роялтигаас 50 хувь чөлөөлөгдөнө. Энэ нь л сөрөг хүчнийг хардахад хүргэсэн аж. Харин Засгийн газар уг ордын 1.8 сая тонн алтны нөөцийг зүгээр харж байгаад алдахыг хүссэнгүй. Оюутолгой бусад компанийн олборлодог нийт алтнаас даруй 2-3 дахин их хэмжээний алт олборлодог байна. Өнгөрсөн оноос тэд жилд 20 гаруй тонн алт олборлож эхэлжээ. Тиймээс дээрх замаар зохицуулж, алтаа эх орондоо авч үлдэх, улмаар валютын нөөцөө нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулахаар төлөвлөжээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 3-4 дахин нэмэгдсэн гэх мэдээлэл ч байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль: -Элс, шавар, хайрга, дайрга, хүрмэн, боржин хайх, олборлохыг өмнө нь Ашигт малтмалын хуулиар зохицуулдаг байв. Харин одоо эдгээрийг салгаж, тусад нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль баталсан. Ингэснээр 2009 оноос хойш зогсоогоод байсан хайгуулын лицензийг эдгээр ашигт малтмал дээр үргэлжлүүлэн олгож эхэлжээ. Мөн зөвшөөрлийг нь аймаг, нийслэлийн Засаг дарга олгох аж. Бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгж үүлж буй энэ үед ийм хууль баталснаар ажил саадгүй урагшлах боломжтой болсон байна.
Хөрөнгө оруулалтын хууль: -Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ эхлээд хүчингүй болгосон. Өмнөх УИХ-аар баталсан уг хуулийг тэд “алдаа” хэмээн үзсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буурсны нэг гол буруутан нь энэ хууль аж. Ингээд оронд нь хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаварладаггүй, тэгш эрх, нөхцөл олгосон дээрх хуулийг батлав. Аливаа хөрөнгө оруулагчийн төлөх татварын хэмжээг тогтворжуулж, үүнийгээ гэрчилгээ олгон баталгаажуулсан нь уг хуулийн онцлог. Гэхдээ тогтворжуулалт зөвхөн дөрвөн төрлийн буюу аж ахуйн нэгжийн орлогын, НӨАТ, гааль, нөөцийн татварт л үйлчилнэ. Мөн орон нутагт хөрөнгө оруулах юм бол татвар тогтворжуулах хугацааг нийслэлийн бүсийнхээс илүү тогтоож урамшуулахаар болжээ. Тэгэхээр татвар тогтворжуулах хугацаа бус, оруулах хөрөнгийн хэмжээнээс хамаараад өөр байна гэсэн үг. Тухайлбал, хөрөнгийн хэмжээ 30-100 тэрбум төгрөг байвал Улаанбаатарын бүсэд татвар тогтворжуулах хугацаа тав, төвийн болон хангайн бүсэд зургаа, зүүн бүсэд долоо, баруунд найман жил байна. 300-500 тэрбум төгрөгөөр хөр өнгө оруулбал нийслэлд 10, төв, хангайн бүсэд 11, зүүн бүсэд 12, баруун бүсэд 13 жилээр татвар тогтворжуулах нь.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль: -Ийм хуультай болсноор дотоодын хөрөнгө оруулалтаа ашиглах, санх үүгийн зах зээлээ хөгжүүлэх боломжтой болжээ. Манай улсын санх үүгийн зах зээлийн 98 хувь нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалаас хамаардаг бол ердөө хоёрхон хувийг нь хөрөнгийн бирж, үнэт цааснаас босгодог аж. Гэтэл олон улсад энэ харьцаа 40:60 байдаг. Тиймээс үүнийг ойртуулахад шинэ хууль дөхөм болно гэж УИХ үзжээ. Хөрөнгө оруулалтын сан байгуулна, түүний хөрөнгийг кастодион банкинд хадгална. Тус сан заавал менежментийн компаниар удирдуулж, мэргэжлийн хүмүүс ажиллуулахаар хуульчилсан учраас хадгаламж зээлийн хоршоо шиг дампуурал нүүрлэхгүй гэнэ. Төр уг санд хяналт тавих учраас иргэд мөнгөө итгэлтэйгээр хадгалуулах юм байна. Мөн тус сан зөвхөн хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлж, бүх мэдээлэл нээлттэй байх юм.
Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого: -Уул уурхайн салбарт хамааралтай бас нэг баримт бичгийг намрын чуулганаар баталсан нь энэ. Уг салбарт төрийн бодлоготой болсноор олон асуудлыг цэгцэлнэ гэж үзжээ. Өмнө нь хүссэн газраа хайгуул хийдэг байсан бол одоо зөвхөн зөвшөөрөгдсөн газар л энэ эрхийг олгох аж. Үүнээс гадна Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журам, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах төслийг намрын чуулганаар баталсан билээ. Ингэснээр үнэт цаасны зах зээлийн болон дотоодын мэдээллийг урвуулан ашиглах гэсэн хоёр шинэ гэмт хэргийг зохицуулах эрх зүйн орчинтой болсон байна. Мөн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагаас манайхыг цагаан жагсаалтад оруулжээ. Хилийн боомтын тухай хуулийг баталснаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны нэрийг Шилжилт, хөдөлгөөний байгууллага болгон өөрчилж, боомт дээр ажилладаг байгууллагуудыг нэг захиргаатай болгосон байна.
С.ТУУЛ