Тайландын иргэд засаг төрөө эсэргүүцэн гудамжинд гараад хэдэн сар болж байна. Азийн чинээлэг энэ орны иргэд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх гэж жагсаал цуглаан хийгээгүй. Эрх баригч намынхаа санаачилсан Өршөөлийн хуулийг эсэргүүцсэн нь тэр. Энэ хууль батлагдвал өнөөгийн Ерөнхий сайдынх нь ах, авлигын хэргээр эх орондоо очих нүүргүй болж, гадаадад толгой хоргодож буй Таксин Чинават өршөөгдөж, улс төрд эргэн ирэх боломжтой болно. Тайландын иргэд Таксин Чинаватад зориулсан хууль гаргах гэлээ хэмээн эсэргүүцээд байгаа. Эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, төрийн яам, тамгын газруудыг эзэллээ. Ард олныхоо уур хилэнг зогсоох гэж Ерөнхий сайд нь янз бүрээр оролдсон ч тусыг эс олж, өөрөө нуугдахдаа тулаад байгаа талаар хэвлэлд мэдээлжээ. Өршөөлийн хууль батлахтай холбоотойгоор алс холын Тайландад ард олон нь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд буй энэ үйл явдалтай давхцан манайд ч ийм хуулийг тойрсон асуудал үүсээд байгаа. УИХ ээлжит чуулганаараа хэлэлцэх асуудлаа батлалгүй завсарласан нь анхны тохиолдол болов.
.jpg)

Төрийн эрхийг АН-тай хамтран барьж буй “Шударга ёс” эвслийнхэн өөрсдийнхөө санаачилсан Өршөөлийн хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсангүй гэж УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулсан. Тэр хуулийг нь ирэх чуулганаараа хэлэлцэнэ хэмээн УИХ-ын дарга хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа ярьсан байна лээ. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, хэлэлцэх асуудлаа батлах юм гэсэн. Ямар ч гэсэн манай УИХ Өршөөлийн хуулийг хэлэлцэх нь тодорхой боллоо. Ямар хэмжээний хууль гаргах нь тэдний хэрэг. Энэ асуудалтай холбоотойгоор нийгэмд хүлээлт, эгдүүцэл үүсээд байна. Хүлээж буй хүмүүс нь мэдээж ял эдэлж буй хоригдлууд, тэдний ар гэрийнхэн, хууль хяналтын байгууллагад шалгуулж буй сэжигтэн, яллагдагч нар. УИХ-ын гишүүн, дээрх хуулийг санаачлагч Ц.Оюунбаатарын өгүүлснээр хууль батлагдвал 3000 шахам хүн өршөөгдөх бололтой юм билээ. Гэмт хэрэгт анх удаа холбогдсон, улс, иргэдэд учруулсан хохирлоо барагдуулсан, хүүхэд, эмэгтэйчүүд гээд ялгавартай хандан Өршөөлийн хуульд хамруулах байх. Тийм хүмүүсийг төр өршөөж, наранд гаргах нь энэрэнгүй байгаагаа ард олондоо харуулж буй хэрэг. Нөгөө талаар Өршөөлийн хуулийн сургаар хууль хяналтын байгууллагуудын ажил цалгардаж, ял завших гэсэн хүмүүс нэмэгддэг гэж байгаа. Өмнө нь ийм байдал гарч байсан гэдэг.
УИХ дахь МАХН-ынхан энэ бүгдийг тооцсон, эсэхийг мэдэхгүй. Төрийн ордон, олон нийтийн дунд яваа яриагаар бол тэд эмчлүүлэх нэрээр харьд суугаа намын даргынхаа холбогдсон хэргийг цайруулж, улс төрд буцаан авчрах зорилготой юм биш үү. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хэмжээнд МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлсэн. Хэдийгээр түүний үлдсэн ялыг Ерөнхийлөгч уучилж, шоронгоос суллагдсан ч гэмт хэрэгт холбогдсон гэдэг нь хэвээрээ байгаа. Шүүхээр шийтгүүлсэн нь хэвээрээ байгаа тохиолдолд УИХ-д орох эрх Н.Энхбаярт хаалттай. Тиймээс Өршөөлийн хуулиар ялаа цайруулж, гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тамга даруулж авах нь түүнд юу юунаас чухал. Энэ ажилд УИХ дахь намынх нь гишүүд голчлон оролцож, хуулийн төсөл өргөн барьж, УИХ-ын даргаа шахаж сууна. Нөгөөтэйг үүр хууль хяналтын байгууллагад шалгуулах учиртай нэг биш хүн УИХ-д бий. Тэд ч асуудлаа энэ далимаар нэг тийш нь шийдүүлж, улс төрд нэр цэвэр үлдэх гэх байх.
Манай Үндсэн хуульд гэмт хэрэгт холбогдсон иргэдээ төр өршөөх тухай зааж, тэр эрхийг УИХ-д олгосон. Энэ дагуу 1990 оноос хойш Өршөөлийн хоёр ч хууль батлагдаж, олон хүн эрх чөлөөтэй болсон. УИХ Өршөөлийн хууль батлах эрхээ хэрэгжүүлж ирсэн ч ийм хуулийг батлах хуулийг өнөө хүртэл гаргаагүй байна. Хууль байхгүйгээс хэн хүссэн нь төсөл санаачлан, УИХ-аар хэлэлцүүлэх гэж шахаж, шаардах болов. Төр нь ял эдэлж буй иргэдээ өршөөх нь аль ч улсад байдаг асуудал. Тодорхой үйл явдлыг тохиолдуулан энэ эрхээ хэрэгжүүлдэг юм байна. Манай улс тэр дагуу Өршөөлийн хууль гаргаж, ялтнуудаа өршөөж иржээ. Эмэгтэйчүүдийг дэмжих жилийн хүрээнд ял эдэлж байсан эмэгтэйчүүдээс олныг сулласан гэдэг. Хүүхдийн хорих анги дөрөвхөн ялтантай үлдэж байсан тохиолдол ч бий гэсэн. Монгол Улс долоон мянга гаруй хоригдолтой гэдэг. Одоогоос 20 гаруй жилийн өмнө энэ тоо 2500-гаас хэтэрдэггүй байжээ. Хүн амтайгаа харьцуулах юм бол долоон мянган хоригдол гэдэг их тоо. Эрүүгийн болоод бусад хуульд ял эдлүүлэх заалт олон орсон байдаг талаар судлаачид өгүүлдэг. Шоронжсон улс болох нь байна шүү гэдгийг ч анхааруулж байсан. Олон хоригдол, олон хорих анги байгаа нь өршөөл үзүүлэх үндэслэл болдоггүй юм билээ.
Улс орны хэмжээнд тэмдэглэж буй онцгой үйл явдал, шинэ төр засаг, тэмдэглэлт ой зэргийг тохиолдуулан Өршөөлийн хууль гаргаж ирсэн байдаг. Гэтэл ямар гээч үйл явдлыг тохиолдуулан Өршөөлийн хууль гаргах гэж байгаа нь энэ удаа тодорхойгүй. Тэгээд хуулийн төслөө хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсангүй гэж уньж туньж, УИХын үйл ажиллагааг тасалдуулсныг юу гэж ойлговол зохилтой вэ. Төр, засаг солигдох бүрт хэн дуртай нь Өршөөлийн хууль өргөн барьдаг, тэр нь олон нийтэд гэхээсээ намын дарга, найз нөхдөдөө зориулагдсан байдаг жишиг тогтох вий. Тиймээс Өршөөлийн хууль гаргах хуулийг УИХ батлах шаардлагатай болов. Энэ хуулиараа Өршөөлийн хуулийг ямар үед гаргах, ямар хэмжээнд өршөөх, ямар хэрэгтн үүдийг хамруулах гэх мэт асуудлаа зохицуулж өгөхгүй бол УИХ-ын сонгуульд ялсан нь ялалтаа, ялагдсан нь ялагдлаа нөхөх байдлаар хууль гаргадаг болчих вий. УИХын нэр бүхий 24 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Дээд шүүх, УЕПГ-ынхан санал өгсөн гэсэн. Өршөөлийн хууль батлагдвал хэрэгжүүлэх гол газар нь шүүх, прокурорынхон. Тиймээс нэлээд бодитой санал өгсөн нь лав. Хууль гаргахыг эсэргүүцээд байгаа юм биш. Гагцхүү төрийн нэгдсэн бодлого, хууль журам үгүйлэгдээд байна бус уу. Ерөнхийлөгч уучлал үзүүлэхдээ заасан журмын хүрээнд энэ эрхээ хэрэгжүүлдэг. Харин УИХ Өршөөлийн хууль батлах хуультай болохгүй бол нам эвслүүд, гишүүд нь тодорхой хүнд зориулсан хуулийн төсөл өргөн барьж, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг саатуулан УИХ-ын даргыг шахаад сууж байж болохгүй биз ээ.
Д.ДАГВА