Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ерөнхий “араг яс” үндсэндээ бэлэн болсныг Ажлын хэсгийнхэн дуулгаж буй. Одоо СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээр ахлуулсан техникийн Ажлын хэсэг төслөө бичиж байгаа аж. Төсөлд УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах процесс, зарчим нэг байхаар тусгаж буй юм.
УИХ-д суудалтай бүх намаас төлөөлөл орсон Ажлын хэсэг жил гаруйн турш ажиллахдаа гол зарчмуудаа тохирч чадсан байна. Улс төрийн намуудыг жижиг, томоор нь ялгахгүйгээр тэнцүү өрсөлдөх боломж бүрдүүлсэн, сонгуулийн дараа үүсдэг аливаа маргааныг сунжруулалгүйгээр шийдэх зохицуулалттай гэх мэтээр амьдралд ойр хууль батлаасай гэсэн хүлээлт нийгэмд байна. Төслийн үндсэн суурь ямархуу болж байгааг сонирхъё.
НЭГ ТОЙРОГ-НЭГ МАНДАТ
Сонгуулийн тогтолцоог хэрхэн өөрчлөхийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. 2012 онд ашигласан холимог тогтолцоог энэ удаа ч үргэлжлүүлэх нь тодорхой болсон. Харин мажоритар, пропорциональ системийн харьцааны тухайд 38:38, одоогийнх шиг 48:28 гэсэн хоёр хувилбар ярьж байна. Ажлын хэсэг аль аль хувилбараар нь төсөл бичиж эхэлсэн. УИХ дахь АН-ын бүлгийн тухайд хоёр тогтолцооны харьцаа тэнцүү буюу 38:38 байх саналыг дэмжиж буй гэнэ. Тооны харьцаа хэд ч байсан мажоритар тогтолцоо нь дотроо нэг тойрог-нэг мандаттай байх зарчмыг баримтлахаар тохирчээ. Аливаа сонгуулийн тойргийг байгуулахдаа хүн амын тоог харгалздаг. 2012 онд Архангай аймаг хоёр мандаттай нэг тойрог байсан. Шинэ зарчмын дагуу тус аймагт хоёр тойрогт хуваагдах бололтой. Хүн ам олонтой аймаг, дүүргийг 2012 оны мандатын тоогоор тойрог болгон хуваах аж.
МАРГААНЫГ 60 ХОНОГТ ШИЙДНЭ
Сонгуулийн хуулиар зохицуулж “хүчрэхгүй” байгаа нэг асуудал нь маргаан. Ялагдлаа хэл үггүй хүлээн зөвшөөрчих нам, нэр дэвшигч улс төрд ховор. Том намууд нь заавал ч үгүй нэг “но” оруулдаг гэсэн сэтгэлгээ бүр төлөвшчихсөн. Эсвэл ээлжлэн эрх барьдаг АН, МАН нь ч нэгнийгээ хардаж, хамтарч баталсан хуульдаа эргэлзэх нь зуршил болчихсон. Тэр эргэлзээ, тээнэгэлзээгээ алга болгох, хэн нэгэн “ажиллах” боломжг үй сайн хууль хийгээд энэ асуудлыг шийдчихэж бас чаддаггүй, эргүүлгэнд орчихдог. Гэхдээ энэ удаагийн хуулиар уг асуудлаа шийдэх гэж хичээж буй. Сонгуулийн дараах маргаан түүхэнд хараар бичигдэх “Долдугаар сарын 1-ний” хэргийг өдүүлж, олныг хамарсан үймээн дэгдээж байсныг уншигчид мартаагүй. Мөн хууль зөрчсөн, үгүй тухай гомдол хөвөрсөөр энэ УИХын 76 дахь гишүүн жил гаруйн дараа л сая нэг бүрэн эрхээ баталгаажуулж байсан юм. 2012 оны сонгуультай холбоотой маргаан одоо ч дуусаагүй, шүүхийн шатанд үргэлжилж байгаа. Нэг иймэрхүү “бантан” шиг явдлыг давтуулахгүйн тулд Ажлын хэсгийнхэн “Сонгуулийн маргааныг 60 хоногт багтаан шийднэ” гэсэн заалт оруулахаар болжээ. Сонгуулийн маргааныг тусгай байгууллага шийднэ. Энэ “тусгай байгууллага” нь СЕХ байх магадлал өндөр. СЕХ-г илүү чадавхижуулж, эрх үүргийг нь нэмэгдүүлэх төлөвлөгөө байгаа юм билээ. Тэдний энэ санаа бүтвэл шинэ УИХ намрын чуулганыг нээхдээ л элэг бүтэн байдаг сайхан жишиг тогтох биз.
ЗАРДАЛ БА УЛСТӨРЖИЛТ
УИХ-ын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлэх нь хууль. Харин орон нутгийн, тэр дундаа сум, дүүргийн ИТХ-д улс төрийн нам оролцох хэрэггүй гэсэн саналыг Ажлын хэсэг ярьж буй юм. Учир нь иргэдтэйгээ хамгийн ойр байж, тулж ажилладаг засаг захиргааны нэг нь энэ. Тэнд намчирхал, улстөржилтийн хор илүү тусдаг. 2012 оны орон нутгийн сонгуулийн маргаан, хэл ам одоо ч үргэлжилж буйгаас үүнийг харж болно. Тиймээс тэр нэгжийн сонгуульд намууд оролцохгүй, зөвхөн иргэд өөрсдөө төлөөллөө сонгодог байх нь шударга гэж үзэж буй аж. Өөр нэг чухал асуудал нь сонгуулийн зардал. Улс төрийн намын нийт зардлын 70 хувь нь сонгуульд зориулагддаг гэсэн судалгааг УИХаас хийсэн. Тухайн намын олдог орлого, нэр хүнд, тэр хэрээр цуглуулсан хандивын хэмжээ ялгаатай учраас сонгуульд зориулах мөнгө нь ч өөр өөр. Гэхдээ зардлын дээд хэмжээ сонгуулиас сонгуулийн жилд огцом өссөөр буй. Энэ байдлыг хязгаарлахаар авах хандив, зарцуулах мөнг өний дээд хэмжээг зохицуулахаар Ажлын хэсэг ажиллаж байна. Ингэхдээ аж ахуйн нэгж, компаниас хандив авдгийг хориглохоор шийджээ. Ингэснээр хандив авсан компаниас хараат болж, тэдний захиалгаар хууль үйлдвэрлэхээс сэргийлэх боломжтой гэж үзсэн байна. Р.Бурмаа гишүүний ахалж буй Ажлын хэсэг хаврын чуулган эхлэхээр том Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг бэлэн болгож, өргөн барихаар төлөвлөж буй юм билээ.
С.ТУУЛ