.jpg)
Байр сав, байшин барилгатай холбоотой асуудал Монголд мөн ч олон юм. Төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэл нь удааширсан 270 гаруй барилга, байгууламжид улсын төсвөөс ирэх хөрөнгө оруулалтыг нь түр зогсоон шалгалт хийж, шалтаг шалтгааныг тодруулсан нь дээрхийн тод бөгөөд тун ойрын жишээ. Мөн саяхан УИХын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Парламентын ордон барих ажлыг энэ хавраас эхлүүлэх талаар Засгийн газарт албан бичиг явуулснаа дуулгав. Энэ мэдээ шинэ мэт сонсогдовч уг ордны асуудал нь урьд эртнийх юм. Тодруулбал, 2007 онд Кувейт улс Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх баримт бичигт гарын үсэг зурснаас хойш өнөөдрийг хүрсэн нь энэ. Тиймээс “юу л бол” гэж тээнэгэлзлээ. Тээнэгэлзсэн учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны албан бичгийн араас Засгийн газрын холбогдох хүмүүс бодитой юу хийж байгааг нь “мөрдлөө”. “Мордохын хазгай” гэдэг шиг өөнтөгч нүдээр өөлөх хүмүүс нь цөөдөөгүй учраас хөрөнгө мөнгө, санхүүжилтийн хувьд асуудалгүй байсан ч эл төсөл өдгөө долоо, найман жил гацсан байж ч мэдэх юм.
Юуны өмнө Монголд Парламентын ордон барих бодит шаардлага бий эсэхийг нягталъя. Учир нь шинэ ордны сураг дуулдахтай хамт “76 гишүүн тусдаа ордонд тухлах хэрэг ер нь юу байна аа” гэсэн өөнтөгч байр суурь бага биш байсан нь нууц биш. Ийн байр сууриа илэрхийлэх хүмүүс өнөөдөр ч байсаар л байна. Төрийн ордныг 1951 онд ашиглалтад оруулж, 1961, 1981, 2006 онд нэмж өргөтгөсөн. 1961 онд зүүн, баруун урд талын жигүүр, урд, хойд талын багана, их танхим, 1981 онд УИХ-ын хууль тогтоох тасралтгүй үйл ажиллагааг хангах гол орчин болсон туслах танхимууд, 2006 онд Чингисийн хөшөөт цогцолбор тус тус нэмэгдсэн байдаг. Одоо Төрийн ордонд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын харьяа 1000 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж буй. Барилга, хот байгуулалтын яамнаас 2010 онд гаргасан дүгнэлтэд Төрийн ордны 1951, 1961 онд ашиглалтад орсон хэсгийн барилгыг буулгаж, шинэ төлөвлөлт хийх тухай дурджээ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас мөн л 50-60 жилийн настай барилгыг газар хөдлөлтөд тэсэхгүй гэж удаа дараа анхааруулсан байдаг юм билээ. Гэтэл 1951, 1961 онд ашиглалтад орсон хэсгүүд нь бидний харж, төсөөлж буй Төрийн ордны үндсэн, цөм хэсгийг бүрдүүлдэг. Тэгэхээр Парламентын ордон байтугай байшин барилга нэмж шаардагдах дүр зураг харагдаж байгаа юм. Ер нь дэлхийн жишгээс харахад Төрийн тэргүүн, Парламент, Засгийн газар нь тус тусдаа ордонтой байдаг юм билээ.
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар буюу засаглалын дээд түвшний хүмүүс нь манайх шиг ингэж нэг байшинд төвлөрөх нь улс орны аюулгүй байдалтай ямар нэг байдлаар холбоотой байдаг гэнэ. Парламентын ордны барилга баригдалгүй, гацсан ганц шалтгааныг газрын асуудалтай холбон тайлбарладаг. Түрүүчийн УИХ-ын үед Парламентын ордныг Төрийн ордны арын цэцэрлэгт барихаар Ажлын хэсэг болон холбогдох Байнгын хорооноос шийдвэрлэж, олон улсын сонгон шалгаруулалтын дүнд Монгол-Кувейтын хамтарсан зөвлөх үйлчилгээний компани барилгын зургийг бэлэн болгоод буй. Гэвч УИХ2ын нэр бүхий гишүүд, төрийн бус байгууллага, олон нийт цэцэрлэгт ордон барихыг эсэргүүцэж, байршлыг нь өөрчлөхийг шаардсаны дээр мэргэжлийн байгууллагын зүгээс тухайн цэцэрлэгт барилга барьсан тохиолдолд 3.9 тэрбум төгрөгийн хохирлын акт тогтоохоор байсан нь барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй болгосон юм. Төрийн ордны баруун, зүүн талаар нэмж цэцэрлэгжүүлэхээр төлөвлөсөн зураг, төслөө эсэргүүцээд байсан гишүүдэд ойлгуулах замаар нэгдсэн ойлголцолд хүрсний үр дүнд өнгөрөгч оны аравдугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөөд байгаа нь энэ.
УИХ-ын түвшинд УИХ-ын дэд дарга, Засгийн газарт Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд явж ирсэн эл асуудал одоо шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагвын ширээн дээр байна. Арваад жилийн өмнөх 12 сая ам.доллар нь өнөөдөр аманд ч үгүй, хамарт ч үгүй болсон тул нэмж шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог Д.Тэрбишдагва сайд танилцуулах үүрэгтэй ч төд гэж тоо хэлэх цаг хараахан болоогүй бололтой.
Учир нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, тэндээс хэлэх үнийн дүнг Засгийн газар шийдвэрлэх учиртай. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн хэлснээр 100 сая орчим ам.доллар шаардагдах юм билээ. Хэдийгээр Кувейтийн талаас нэмж санхүүжүүлэх боломжтой гэж байгаа ч Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд шийдвэрлэгдэх эл асуудал тийм ч хурдан бүтэх нь юу л бол. Юутай ч Шадар сайд бичиг цаастай танилцаж, тусгайлсан Ажлын хэсэг гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Барилгын алба, Парламентын ордны зургийг гаргасан Монгол-Кувейтын хамтарсан зөвлөх үйлчилгээний компани болон холбогдох байгууллага, албан тушаалтанд Засгийн газрын хуралдаанд оруулах танилцуулга ойрын хугацаанд бэлтгэхийг үүрэгдсэн байна лээ. Парламентын ордон шинээр барьж, хууль тогтоогчид туурга тусгаарлалаа ч Төрийн ордонд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албатуудтайгаа үлдэнэ. Тэд тэндээ байсаар л байх уу. Энэ оны эхэнд Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгын хүрээнд зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн.
Тодруулбал, төр хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх нөхцөлийг хангасан, олон нийтийн хяналт, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх боломжийг бүрдүүлсэн, төр түрээслэх нөхцөл бүхий хувийн өмчийн барилгыг Төрийн ордны зүүн талд хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр бариулж, Гадаад харилцаа болон Батлан хамгаалах яамнаас бусад бүх яамыг багтаах чиглэл өгөөд буй. Зарлигыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд захирамж гарган, Ажлын хэсэг байгуулаад буй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг нэлээд ажил хийж байгаа ч мэдээлэл өгөх хараахан болоогүй байна гэж учирласан. Ямар ч байсан тэд хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр сүндэрлэх яамдын нэгдсэн байрны барилгын зургийн “уралдаан” зарлаж, маргааш сүүлийн бүтээлүүдийг хүлээн авах юм гэсэн. Харин Ерөнхийлөгч Төрийн ордондоо үлдэх үү. Төрийн ордны “өвгөрч”, хуучирсан хэсэгт гар хүрч, шинэчлэх үү. Аль эсвэл Төрийн ордныг түүх өгүүлсэн чигээр нь үлдээх үү. Аль алинд нь тодорхой хариулт алга.
Б.НОМИН