.jpg)
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг энэ сарын 20-ноос эхлэх ээлжит бус чуулганаар батлахаар болсон. Нэр зааж 18 асуудал тусгасан тогтоолын төслийг намрын чуулганаар “унагаж” орхисон юм. “Манайхаас оруулсан төслийг багтаасангүй, олонх дарангуйллаа” хэмээн сөрөг хүчин гомдоллож, эсрэг товчлуур дарсан нь тэр. Тэдний санал болгосон 46 асуудлаас Газрын тосны, Малын индексжүүлсэн даатгалын, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн гурван төслийг дээрх жагсаалтад оруулсан аж. Намын даргаа ялаас чөлөөлөх гол “зэвсэг” болох учиртай Өршөөлийн тухай хуулийн төслийг нь өнөөх жагсаалтад багтаагаагүй учраас МАХН-ынхан МАН-ынхантай санал нэгдсэн билээ. МАН-ын шүүмжлэлд УИХ-ын дарга З.Энхболд “Сөрөг хүчний өргөн барьж буй хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд их наядаар тоологдох санхүүжилт хэрэгтэй, манай улсын эдийн засагт ийм боломж байхгүй. Санхүүгийн баталгаагүй хуулийг хэлэлцэхгүй, дараалалд оруулаад ярилаа ч батлахгүйг тэд мэдэж байгаа атал улс төр хийж байна” гэсэн тайлбар өгсөн. Ингээд хаврын чуулган “зүг чиггүй” болж орхисон юм. Ээлжит бус чуулганаар уг тогтоолыг анх ямар байсан, яг тэр хэвээр оруулж ирж хэлэлцэнэ хэмээн УИХ-ын дарга “зөрүүдэлж” буй юм.
Өнөөдрийг хүртэл аливаа чуулган завсарлахаасаа өмнө дараагийн чуулганаар юу хэлэлцэхээ баталдаг байв. Энэ удаа л түүх жаахан хазайчихсан хэрэг. Ингэхэд хэлэлцэх асуудлын дараалал батлах нь үнэхээр чухал ажил уу. Чуулганаас чуулганы хооронд хэдэн төслийн нэр жагсааж үлдээдэг ч бүгдийг нь хэлэлцэж, батлаад 100 хувийн гүйцэтгэл үзүүлээд байсан түүх алга. УИХ-ын дарга “Тэр жагсаалтад орсон төсөл бүрийг батлах зорилго тавьдаггүй. Энэ бол ердөө л төлөвлөгөө гаргаж буй хэрэг” гэж тайлбарласан. Тэгвэл хэлэлцэх асуудлын дараалал гэдэг чинь зүгээр л мөрөөдлийн жагсаалт юм биш үү гэсэн тэрсүүд асуулт гарч ирж байна. Мэдээж улс оронд, эсвэл намд нь хэрэгтэй асуудлыг өнөөх жагсаалтад түүж оруулна. Тийм тийм гоё хууль баталчихвал сайхан аа гээд л. Мөрөөдлийн жагсаалт нь дотроо бас мөрөөдөлтэй.
Өнгөрсөн намрын чуулганаар гэхэд л нэр заасан 30 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч Улс төрийн намуудын, Сонгуулийн нэгдсэн, Олуулаа болох тухай, Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэж эхлээ ч үгүй. Хүнд үзүүлчих хэмжээний төсөл ч бэлэн болоогүй юм чинь аргагүй. Тогтолцоо өөрчлөх томоохон энэ мэт хуулийн төслийг зүгээр л “Асуудалгүй баталчихна” гэж мөрөөдөөд өнөөх жагсаалтдаа оруулчихдаг бололтой. Нэг чуулганаар хэлэлцэж, тохиролцож амжаагүй ийм асуудлаа дараагийнхдаа шилжүүлнэ. Энэ мэтээр хоосон нэр нь л “хэрэгждэг” хууль байхад хэлэлцүүлгийн шатандаа хэдэн УИХ дамждаг төслүүд ч бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар сүүлийн гурван УИХ дамжуулан яриад шийдэж завдаагүй л яваа. Мөрөөдөл доторх мөрөөдөл гэдэг нь энэ. Уг нь иймэрхүү бодлогын чанартай, томоохон асуудлыг Ажлын хэсэгт орсон намуудын төлөөлөл санал нэгдээд, төсөл бэлэн болсны дараа дараалалд оруулж байвал хэлэлцүүлэг өрнөх үед гацах, “түгжрэх” саад гарахгүй. Хэлэлцэх асуудлын дараалал мөрөөдлийн жагсаалтаас ажлын жинхэнэ төлөвлөгөө болж хувирна. Удахгүй эхлэх хаврын чуулганаар хэлэлц үүлэхээр хууль санаачлагчдын зүгээс 279 санал ирүүлсэн нь бас нэгийг хэлээд буй юм. Ийм олон асуудлыг ажлын 50-иас доошгүй хоног хуралддаг нэг удаагийн чуулганаар батлах нь бүү хэл, хэлэлцэж амжихгүй. Дээрээс нь ард түмэнд сайхан болж харагдах гэсэн популист, эсвэл нам, хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлсэн “захиалгын” хуулийн төсөл ч цөөнгүй байдаг бололтой.
Намрын чуулганы төгсгөлд УИХ-ын дарга “Хууль санаачлагчид Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу олон хууль боловсруулж өргөн барьж буй нь сайшаалтай ч нийгмийн бодит хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий судалгаа, тооцоо сайтай хуулийг чанартай боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай байна. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг үр дүнтэй, шуурхай, чанартай байлгахад чухал ач холбогдолтой шүү” хэмээн сануулсныг анхаарсан хүн хэр олон бол.
С.ТУУЛ