Монгол Улс 450 гаруй хуультай. УИХ зарим хуулийг баталсныхаа маргааш нь шахам өөрчилдөг бол нэг ч удаа ашиглаагүй хууль бас бий. Энэ бол 1995 онд баталж, 2006 онд ганц удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан Ард нийтийн санал асуулгын тухай хууль юм. Уг нь хэрэглэхийн тулд хууль баталдаг ч үе үеийн 76 эрхэм ард түмнээс асуухын оронд тогоон дотроо аливаа шийдвэрээ гаргахыг илүүд үзсээр ирсэн байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгын хүрээнд өөрчлөлт оруулах хуулийн жагсаалтад Ард нийтийн санал асуулгын тухай хууль багтжээ. 19 жилийн өмнө баталсан хуулийг цаг үетэй нь нийцүүлж, шинэчлэн найруулахаар Төрийн байгуулалтын байнгын хороо ажиллаж эхэлсэн байна. Үндсэн хууль болон төрийн гадаад, дотоод бодлого тодорхойлохтой холбоотой асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлагатай үед энэхүү хуулийг ашиглахаар тусгасан. Энэ хоёрхон заалт нь ухаалаг төр бий болгох, шууд ардчиллыг бэхжүүлэх шинэ үеийн зарчмын хурдыг гүйцэхг үй байгаа аж.
АРД ТҮМНИЙ САНАЛЫГ АСУУСАН ГАНЦ ШИЙДВЭР
1945 оны аравдугаар сарын 20-нд монголчууд улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхэн шийдвэрээ гаргасан билээ. Манай улс 1940-өөд онд тусгаар тогтнолоо бусад орноор хүлээн зөвшөөрүүлэх гадаад бодлогоо эрчимжүүлж байсан. Харин Дундад иргэн улсын Засгийн газраар энэ бүрэн эрхээ зөвшөөрүүлэхийн тулд бүх ард түмнээсээ зөвшөөрөл авах шаардлагыг тэд тавьсан юм.
Улмаар БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдээс бүх ард түмний санал асуулга явуулах тогтоол гаргаж байжээ. Санал асуулгад 18-аас дээш насны 494.960 хүн оролцох байснаас 487.409 хүн саналаа өгсөн түүхтэй. Ийнхүү 98.5 хувь нь тусгаар тогтнолоо батлан зөвшөөрсөн бөгөөд нэг ч хүн эсрэг санал өгөөгүй юм.
ОРОЛДЛОГО
Гэвч Ардчилсан засаг байгуулагдсанаас хойш Ард нийтийн санал асуулгын тухай хууль баталснаас илүү ахиц гарсангүй. Үе үеийн УИХ сонгууль болохын өмнө хуулиа өөрчилдөг уламжлал тогтсон. Энэ ёсоор сонгууль дөхөхөд УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөхөөр хэлэлцэж, тэр бүртээ “Ард түмнээсээ асууя” гэсэн яриа гардаг байв. Хамгийн сүүлд 2011 оны долдугаар сард мөн л Сонгуулийн хуультай холбоотойгоор ард түмний санал асуулга явуулъя хэмээн уриалсан. МАН, АН-ын бүлгийнхэн сонгуулийн холимог тогтолцоог сонгохоор санал нэгдсэн ч мажоритар, пропорциональ тогтолцооны харьцаан дээр удтал маргасан юм. МАН-ынхан 52 хүнийг мажоритар хувилбараар, 24-ийг нь нэрсийн жагсаалтаар сонгоё гэсэн бол АН-ынхан 38:38 гэсэн хувилбар санал болгов. Энэ маргаанаас болоод Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг багагүй хугацаанд гацаанд орсон. Энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсантай холбоотойгоор “эцэг” хуулиа засах тухай 2-3 ч төслийг УИХ-д өргөн барьсан байлаа.
МАН2ынхан Сонгуулийн хуулийн маргааныг ард түмнээс асууж шийдье, дотоод бодлогын чухал асуудал мөн гэж үзэв. АН-ынхан хариуд нь “Тэгвэл Үндсэн хуулийг яаж өөрчлөхийг ч ард түмнээс асууна” гэлээ. Хуульд “Нэг удаа хоёроос дээшгүй асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж болно” хэмээн заасан, хоёулаа л олон жилийн турш сайжруулах гэж хүсдэг, маргадаг чухал асуудал учраас талууд тохиролцсон байна. Цаг хугацаа давчуухан ч намрын чуулган хүртэл бэлтгэлээ базаагаад санал хураалт явуулж амжина гэж үзсэн. Гэвч АН-ынхан гэнэт бодлоо өөрчилж, Сонгуулийн хуулийг УИХ-ын хүрээнд баталж болно, Үндсэн хуулиа л асууя гэсэн билээ. Хоёр тийш харж суусан улстөрчид цаг хугацаанд баригдахын эрхэнд 48:28 гэсэн хувилбар дээр тохиролцоод хуулиа баталсан. Учир нь сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор хууль өөрчлөхийг хориглодог. Ингээд ард түмнээс асуух яриа ч орхигдов.
БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ
Хэдийгээр Үндсэн хуулиар УИХ-д сонгогдсон 76 эрхэмд хууль тогтоох эрх олгосон ч тэд бодлогын чухал асуудлаар ард түмнийхээ саналыг сонсохыг хүсдэггүй аминч зангаа хадгалсаар байна. Баталсан хуулиуд нь байсхийгээд л Үндсэн хуулийн цэцээр шүүгдэж, цөөнгүй нь “унаад” байхад ч бүгдээрээ зөвлөлд өх шийдвэрийг гаргаж төвдөхгүй яваа. Төрийн тэргүүн ухаалаг төр бий болгох талаар уриалга дэвшүүлэхээсээ өмнө шууд ардчиллыг дэмжих санаачилга өрнүүлснийг уншигчид санаж буй биз. 2009 онд Ерөнхийл өгчөөр сонгогдсоныхоо дараа тэрбээр Тамгын газрынхаа дэргэд Иргэний танхим байгуулж, санаачилсан хуулийн төсөлдөө иргэд, мэргэжлийн байгууллагынхнаас санал авч, хэлэлц үүлэг хийдэг болсон. Шууд ардчиллын ийм нэг элемент одоо манайд төлөвшөөд буй. Гэхдээ Швейцарь шиг бараг л шийдвэр гаргах бүртээ иргэдээсээ асуудаг болтол хол байна.
Гишүүн Ж.Батзандан сонгосон түшээ нь сайн ажиллахгүй бол иргэд гарын үсэг цуглуулаад огцруулж болдог зохицуулалт бүхий хуулийн төсөл өргөн барьсан нь ч сураг алдрав. Улс төрийн намуудын, Сонгуулийн нэгдсэн, Үндсэн хуулийн гэсэн гурван том хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг УИХ-д ажиллаж буй. Дотоод бодлогын чухал асуудал учраас эдгээр асуудлаар иргэдээсээ асуух шаардлага бий. Энэ мэтээр иргэдээс асуух жагсаалтыг хуульд тусгаад хаврын чуулганаар амжуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг шинэчлэн найруулаад өргөн барих бололтой. Хэлэлцэн баталж чадаад бас, нэг удаа салхи оруулж, бүгдээрээ зөвлөлдөх зоригийг харин энэ УИХ гаргах нь уу. Ухаалаг төрийг бий болгоход шууд ардчиллын зарчим чухал үүрэгтэй учраас энэ хоёр ойлголтыг ихэр мэт авч үзэх нь зөв санагдана.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулиас:
4 дүгээр зүйл. Санал асуулгаар шийдвэрлэх асуудал
1. Санал асуулгыг төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд явуулна.
2. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно.
3. Нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулна.
4. Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол УИХ-аар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
11 дүгээр зүйл. Санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд
1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь хамтарч, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль санаачлагчид тус тус санал асуулга явуулахыг санаачлах эрхтэй.
2. Иргэд санал асуулга явуулах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд уламжилна. Энэхүү саналд санал асуулга явуулах болсон үндэслэл, тооцоо, холбогдох бусад баримт бичгийг хавсаргана.